Улаанбаатарт амьдрах зарим нэг техник

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

1. Яриа

Та хэнтэй ч уулзсан бай агаарын агаарын юм ярих ёстой. Путин, Трампаас авхуулаад нийгмээ яруу тод шүүмжилдэг байх хэрэгтэй. Таны аминдаа арчаагүй байх энд огт хамаагүй. Долларын ханш, Оюу толгой, утаатай утаагүй нүүрс, сонгууль нтр гээд бүх л сэдвээр бүлт авдаг байх ёстой. Лизингээр утас авах чинь хэнд ч падгүй. Шууд Монгол банкыг шүүмжил.

Энэ төрийн толгойд байгаа гаруудыг өнгөрсөн одоотой нь шүүмжилж ирээдүйд манай улс яаж сүйрэхийг Ванга мэт хэлдэг байх юм бол та ярилцагч этгээддээ гарцаагүй таалагдана. Ярианы сэдэв чинь хэдий чинээ муу ёртой байж шүүмжлэх тусмаа бусдыг төдий чинээ өөртөө татна. Бид муу мэдээнд хорхойссон баавгай шиг дурлаж итгэдэг хүмүүс.

Өөрийгөө харин магтах хэрэгтэй. Тэнд бизнес хийгээд, тийм төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна гэх зэргээр ханз ханз хүү таттал нь ярь.

Сөргүүлээд өнөөдөх чинь бас баахан бүлтрэнэ. Давуулж шидээд л бүлтрээд бай. Хүнд хэдэн төгрөг зээлүүлчихсэн чинь өгдөггүй гэж мэгээд л. Хэд үү гээд л цаадах чинь хэрэгт дурлаад асууна. Өө шалихгүй арваадхан сая төгрөг ш дээ гэнгүүтээ тэрийгээ огт тоохгүй байгаа мэт дүр үзүүлж “за тэгээд өөр юу байна” гэх мэтээр ярианыхаа сэдвээ огцом өөрчил. Яриан дотроо гадаад үг хэллэг оруулвал их сүртэй шүү.

2. Гар утас

Гартаа гайгүй үнэтэй iPhone заавал барь. Зээлээр, лийзэнгээр болтугай ч хамаагүй ав. Хоосон хоноод ч болтугай шаа.

Хүн амьтантай уулзахдаа эхлээд утсаа ширээн дээр гаргаж тавь. Цаадах чинь шууд харна. Сөрөөд утсаа гаргаж тавихгүй бол чи нэг нойлоор тэргүүлээд эхэллээ гэсэн үг. Хашир чамаас миа утастай нь ойлгомжтой. Найзууд уулзаад зураг даруулдаг даа. Тэр үед нь “өө минийхээр дарчих” нтр гэж сүүлийн үеийн гоё камертай утастайгаараа шууд аарх. Цаадхынхаа яриаг нүдрүү нь харж анхааралтай сонсч огт болохгүй. Хэр баргийн юм тоохгүй байгаа мэт дүр үзүүлж утсаараа оролд. Яасан гэнээ хэмээн яриаг нь тодруулж, бүдгэрүүл. Утас чинь ойр ойрхон дуугарах тусмаа сайн. Энэ нийгэмд мөн ч их хэрэгцээтэй хүн гэдгээ бусдад ойлгуул. За эргээд залгая гэх мэтээр товчхон баавартай ярь. Гайгүй л мөнгө байна ш дээ, арваадхан сая төгрөг өө, за чи өөрөө мэдээд зохицуул нтр гээд л.

3. Хувцаслалт, имиж

Аль болох л гоё ганган хувцас өмс. Өр шир тавиад ч болов үнэтэй хувцас ав. Нөгөө хүндээ таалагдаж сүрийг үзүүлж л байвал биед эвтэйхэн байх энэ тэр бол огт хамаагүй. Хувцсан дээр чинь хулхи ч хамаагүй бэрээндийн нэр байх ёстой. Сандал дээр хувцасаа тайлж тохохоор бол бэрээнд нэртэй хэсгийг нь хүний нүдэнд ил харагдахаар эргүүлж тавь. Нүдний шил зүүгээд хүзүүн дээрээ ороолт тохчихвол их гоё харагдана. Гайгүй машин унадаг бол уулзах хүнээ машиндаа дуудчих. Тийм дугаартай хоёр зуу гэж мэгээд л.

Ер нь хэн ч хараад үнийг нь мэддэг зохих зохихгүй нь хамаагүй хувцас их чухал шүү.

4. Сошиал

Сошиал дээр чи аль болох тансаг амьдралтай, нийгэмд нөлөөтэй ухаантай лут хүн гэдгээ л мэдрүүлж байх ёстой. Ресторанд хоол идсэн зургаа л оруулахаас биш гуанзанд хоол идсэнээ огт тавьж болохгүй.

Олны танил, хүч тэнхээ, нэр алдар ихтэй хүмүүстээ авхуулсан зургаа найзтайгаа таарав, ахтайгаа уулзав гэх мэтээр өөрөө их дотных нь хүн гэсэн агуулгаар поостол.

Бас нөлөөтэй хүмүүсийг тааглаад найздаа амжил хүсье гэх ч юмуу.

Нарантуул, гэр хороолол хавийн фоонтой зургаа поостлохоос цээрлэмз.

Зайсан, Шангрилла хавийн фон байх тусмаа л саак. Амьдрал зах дээр зураг Е-Март дээр шүү.

Мань шиг царай муутай найзуудтайгаа авхуулсан зураг огт постолж болохгүй. Дандаа гоё ганган хүмүүсийн хүрээлэлд байдаг гэдгээ мэдрүүлж байх ёстой.

Гадаад дотоод руу зугаалгаар явахаар бол гол нь л зураг. Тухайн орчны сайн сайхныг нь бие сэтгэлээрээ мэдрэх бол ёстой падгүй.

Фитнест явж бодигоор хичээллэдэг зэргээ харуулсан, бие хаагаа чангалж гүзээ гэдсээ татсан зурагнууд бас их чухал шүү. Номын дэлгүүр хавиар эргэсэн зураг зүгээр. Кофе шопт орсон зургаа тавь. Пиав шопт орсоноо огт болохгүй. Товчхондоо нүүр хуудсандаа бусдын муу муухайг шэйрлэж өөрийнхөө сайн сайхныг л бичих ёстой. Олны танил нэгэн бол та хэдэн нөхөр авгай сольсон нь огт чухал биш. Хайр, гэр бүл үр хүүхэд гэсэн сэдвээр сургааль айлдаад л наагаад байдаг юм шүү дээ. Эхнэрээ орой нь зодчихоод өглөө нь миний хань нтр гээд л. Их ухааны юм бичихээ мартав.

5. Баар саванд

Өө, би Монгол архи уудаггүй гээд л шууд томор. Шууд дангаар нь юм үзээгүй юм шиг ууж болохгүй. Тоник, сод нтрээр баяжуулаад та нараас өөр соёлтой уудаг шүү гэдгээ ойлгуул. Яаж ч оройтсон эхнэр нөхрөөсөө огт айдаггүй дүр эсгэ. Худлаа эхнэрлүүгээ залгасан дүр үзүүлээд би оройтоно унтаж бай гээд л.

Энэ эхнэрээсээ ч айдаггүй мундаг хүчирхэг эр байна гэж төсөөлнө, чамайг.

Харихаар бол нууцаар дуудлагын жолооч дууд. Тэгээд утас чинь дугарангуут за манай жолооч ирчихлээ гээд өндий. Хувийн жолоочтой том гар байнадаа гэж бодсон гарууд бужигналдаад үлдэнэ. Хувцасаа өмсөөд яг гарахын өмнө тооцоо мооцоо юу билээ гээд нэг хайнга асуучих. Цаадуул чинь зүгээр зүгээр гээд л хоцроно. Тэгэнгүүт нь баярлалаа баяртай энэ тэр гэж доошоо орохгүй. Зүгээр л “За ярий” гээд явчих. Огцом ширүүн хэлнэ шүү.

Юмыг яаж мэдэхүү караокээдохоор бол зохиолын дуу дуулав аа. Аль болох 80, 90 ээд оны эстраадын дуу явна ш дээ. Болж өгвөл ганц нэг гадаад дуу урын сандаа байлгаарай.

6. Зам дээр

Зам дээр бол хэн гэдгээ умартан алалц. Зүүн тийшээ эргэх бол баруун талдаа дохиж хуураад зүүн эргэ. Эгнээ байр хамаагүй ээ аргалаад хоншоороо чих. Настай хүн, эмэгтэй хүний урдуур хус. Өмнөх гар чинь дохио өгвөл шууд хурдаа нэм. Туслах замаас орохоор машаан харагдвал дайрч мэдэхээр хаазал. Хэн нэгэн хэл ам хийвэл өшөө чангаар хэрэлд. Зогсоол олдохгүй бол миа машааны ард л тавьдаг юм ш дээ. Гэрлэн дохион дээр ногоон асахыг урьдчилан мэдэрч өмнөх машаанаа сигнаалд. Зам дээр хүнээ байхад намайг хэн ч анзаарахгүй гэж бод. Нөгөө гоё ганган харагдахыг хүсдэг нэр мэр бол ярьшиг л байна. Таньдаг хүн амьтантай таарчихгүй л бол тээ. Хамт яваа хүмүүс үү. Тэд угаасаа л сууж яваа машиныхаа талд ордог Монгол хүмүүс.

Нууж чадах юм бол нүгэл биш

Сайрхахгүй л бол буян биш

Шагж Гэлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.