
Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Украинд үзүүлсэн цохилтын улмаас багадаа 9 хүн амь үрэгджээ. Украины онц чухал дэд бүтцүүдэд үзүүлсэн Оросын пуужингийн цохилтын үеэр Украин даяар агаарын аюулын дохио дуугарч, Киев, Одесса, Николаев, Днепр, Харьков, Запорожье, Житомир хотууд, Киев, Иван-Франков, Хмельницк и Тернопольск мужууд пуужингийн цохилтонд өртжээ.
Украины Зэвсэгт хүчний ерөнхиий командлагч Валерий Залужныйн мэдээлснээр Оросын талаас багадаа 81 пуужин харвасны дотор пуужин устгах системээс бултах чадвартай "Кинжал" дуунаас хурдан баллистик пуужин багтжээ.
Цохилтын улмаас Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье АЦС-д эрчим хүч тасарсан явдалд албаны хүмүүс түгшиж буйгаа мэдэгджээ.
Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр, "Оросын талаас дуунаас хурдан "Кинжал" зэрэг нарийвчлал өндөртэй, алсын зайн пуужингуудыг агаар, тэнгис, газраас харвасан." хэмээн мэдэгдсэн ба Украины арми 34 пуужин, дөрвөн "Шахид" дроныг замд нь амжилттай устгасан ч дуунаас хурдан пуужингууд, С-300, Х-22 пуужингуудыг устгаж чадаагүй гэжээ.
Цөмийн эрчим хүчний оператор Энергоатом компаниас мэдээлснээр Оросын пуужингийн цохилтын улмаас Запорожье АЦС-д эрчим хүч тасарсан ба оросуудын хяналтанд орсон АЦС-д эрчим хүч доголдсон 6 дахь тохиолдол болж байгаа аж.
Эрчим хүч нь цөмийн реакторуудыг хөргөхөд шаардлагатай бөгөөд тус станцын эрчим хүчийг пүрэв гарагийн орой сэргээсэн байна.
Гэсэн ч үүссэн нөхцөл байдал нь Запорожье АЦС ямар аюултай бөгөөд эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна хэмээн Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг онцолжээ. Тус агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Запорожье АЦС-тай холбоотой асуудал яг л шоо хаяж азаа үзэж байгаатай адил хэмээн, нэг л өдөр аз дуусна гэдгийг анхааруулжээ.
Одесса хотод Оросын пуужин эрчим хүчний байгууламжийг оносноос болж, хотын зарим хэсэг цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус хотын дарга Максим Марченко мэдэгдсэн байна.
Оросын зүгээс Бахмут хотын зүүн хэсгийг хяналтандаа авсан гэж мэдээлсэн бол Бахмутад тулалдаж буй Украины армийн сөрөг довтолгоо амжилттай явагдсан тухай Украины тал мэдээлж байна.
Москва өнгөрсөн жилийн зунаас хойш Бахмут хотыг эзлэхээр оролдож байгаа ба энэ хугацаанд Бахмутад Оросын 20 мянгаас 30 мянга орчим цэрэг амиа алдаад байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(59.153.87.26) 2023-03-10 14:30Брянскд үйлдсэн террорист ажиллагааны хариу болгож байна гэсэн . Яс юман дээрээ оросууд өөрсдөө террор үйлдэж байгаа.
Хариулах