Израиль-Палестины зэвсэгт мөргөлдөөн зогслоо

Twitter Print
2021 оны 05-р сар 21-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөн харилцан галаа зогсоохоор шийджээ. Талууд өнгөрсөн шөнөөс эхлэн 11 өдрийн турш үргэлжилж, 240 гаруй хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөнөө зогсоосон байна.

Израилийн засгийн газар болон ХАМАС хөдөлгөөний удирдлагууд "талууд харилцан галаа зогсоох хамтын шийдвэр гаргасан" гэдгээ хэдхэн цагийн өмнө мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар холбогдож, энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнийг богино хугацаанд зогсоож чадсанд талархсанаа илэрхийлсэн гэжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас луу агаараас 100 гаруй цохилт үзүүлж, ХАМАС хөдөлгөөн хариуд нь пуужингийн довтолгоо явуулсан юм.

Зүүн Иерусалимд байрлах Аль-Акса сүмийн орчимд палестинчууд болон Израилийн хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн үүссэн ба Палестины ХАМАС хөдөлгөөн Израилийн эрх баригчдаас Аль-Акса сүмийн орчмоос цагдаагийн албан хаагчдаа гарган, бүслэлтэнд орсон палестинчуудыг чөлөөлөхгүй бол гал нээхээ мэдэгдсэнээр 5-р сарын 10-наас талуудын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

Зэвсэгт мөргөлдөөний улмаас Газын зурваст 232 гаруй иргэн амь үрэгдсэн бол Израилийн тал 150 гаруй цэргээ алджээ. ХАМАС хөдөлгөөний хувьд тулааны үеэр амиа алдсан цэргүүдийнхээ тоог нууцалж байна. Израильд 12 энгийн иргэд нас барсаны дотор 2 нь хүүхэд байсан байна.

Түүнчлэн Израилийн нутаг дэвсгэр лүү Газын зурвасаас нийтдээ 4000 орчим пуужинг харважээ. ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Ассошиэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Израилийн зүгээс гал зогсоох шийдвэр гаргасан нь Палестины ард түмний хувьд "ялалт", Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хувьд "ялагдал" хэмээн онцолжээ.

Түүнчлэн ХАМАС хөдөлгөөний цэргүүд харилцан гал зогсоох үйл явц эцэслэн шийдэгдэх хүртэл сонор сэрэмжтэй байна гэдгээ мэдэгджээ.

Талууд харилцан галаа зогсоох шийдвэр гаргахад Египет болон Катар улсын эрх баригчид, НҮБ чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.