
ХҮҮХДИЙН УНШИХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?
Хүүхдийг хичээл давтуулах мөн даалгавар хийлгэхдээ анхаарах зүйл гэвэл хүүхэд 30 минутаас илүү сууж чаддаггүй. Суугаад байвал чадаад байгаа хэрэг биш. Аль хэдийн махбодь туйлдаж, тархи ядарсан байдаг. Суусан ч бодож чадахгүй байх бөгөөд удаан буруу зөрүү бодож, бичдэг. Тиймээс заавал хагас цаг хэртэй амрааж байж дахин суулгаж болно.
Ер нь даалгавартай удаан зууралдуулах хэрэггүй. Аль болох хурдан хийлгэхийг зорьж, цаг зааж өгнө. Дэргэд нь сэрүүлэг тавьж өгнө. Энэ нь хүүхдийн хөдөлгөөний төдийгүй тархины хурдыг нэмэх арга юм. Эс тэгвэл биеийн аясаар удаан бичиж, бодох дадал сууж, хөдөлгөөн удаантай нэгэн болно. Гэтэл шалгалтын цаг түүнийг хүлээхгүй. Ажил, амьдрал ч мөн цаг нартай. Нэг хичээл гэхэд дундаж хүүхэд дээд тал нь хагас цаг хэртэй суугаад хийхээр даалгавар ихэнхи багш нар өгдөг. Энэ бол шинжлэх ухааны үндэслэл тооцоотой байдаг учир хэрэв хүүхдэд нэг хичээлийн даалгавар гэхэд хагас цагаас илүү сууж хийх даалгавар өгвөл та даалгаврыг багасгах талаар багшид шаардлага тавих бүрэн эрхтэй. Тэгээд ч мэдрэлийн хэт ачаалал нь хүүхдийг маш шантрамхай болгоод зогсохгүй, балчир сэтгэхүйг улам туйлдуулж, хичээл номд дургүй болох, аливааг хүнд хэцүү гэж сөрөгөөр харах сэтгэл зүйн бэлтгэл үүсч, улмаар нилээд хайнга хүн болж төлөвшихөд ихээхэн түлхэц өгдөг. Бага жаалхан түүнийг хайрлахгүй байвал тэр ч гэсэн бусдыг хайрлахыг хүсэхгүй. Хэт их даалгавар өгч байгаа багшид хүүхэд амьдрах гэж сурч байгааг сануулах нь зөв.
Хүүхдийг ч бас унших үед элдэв магтаал, зэмлэл ч хэрэггүй. Зүгээр л хамтдаа сонирхолтой зүйл уншихад анхаар. Тэр үед л хүүхдийн унших чадвар давхар дээшилж байдаг. Мөн хүүхэд уншдаг болонгуут өдөр бүр хагас цагийн ном уншлага хийдэг дадал тогтооно. Гэхдээ сурах бичгээс уншуулахгүй. Учир нь сурах бичгийн чанар шинэ цагийн хүүхдийн оюуны хэрэгцээнд барагтай нийцэхгүй. Тэр хэрээр хүүхдэд унших сонирхол бага төрнө. Үг уншихдаа гол биш бөгөөд мэдэж авахад сонирхолтой байвал хүүхэд унших хүсэлтэй болно. Тиймээс үлгэр, оньсого, хэлц үг, шүлэг, зурагт ном, нэвтэрхий толь зэргийг уншуулна.
Өдөр бүрийн нэг цагийн уншлага хийх дадлын ачаар хүүхэд ажлын талбарт гарахад аль хэдийн зуу гаруй номны ард гарсан байх болно. Зуун номны ухаан гэдэг бол их мэдлэг. Тиймээс ном унш гэж өдөр бүр шаардаж үглэвэл харин ч зугтааж мэднэ. Тэгэхээр сайн уншдаг болтол та заавал өдөр бүр хагас цаг хэртэй ном уншиж өгнө. Ном тогтмол уншиж өгснөөр хүүхэд номонд, эрдэм мэдлэгт дуртай, маш сонирхолтой болж төлөвшдөг. Энэ дадлыг хүүхэд үргэлжлүүлэх шууд хүсэлтэй болно. Өөрөөр хэлбэл ходоод хоол нэхдэг шиг түүний тархи мэдээлэл нэхнэ.
Харин ном унших цагийг түүнтэй зөвлөлдөж байгаад яг тогтсон нэг цаг товлоно. Яг тэр цагтаа ном уншихад нь та бүх ажлаас төдийгүй дуу чимээнээс чөлөөлж өгнө. Ном унших энэ цагийг хэзээ ч өөрчилж, алгасч, орхигдуулж, мартаж, хойшлуулж болохгүй талаар хүүхэдтэйгээ хатуу тохиролцоно. Амралтын өдрүүдэд ч уншина. Маргааш, дараа нөхөх тухай хэлцэл аль болох хийхгүй байх нь чухал. Энэ нь хүүхдийн дотоод сахилга батыг болон өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлж байгааг мартаж болохгүй. Мөн хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө хийж буй маш чухал алхам. Тогтмол ном уншдаг мэдлэг сайтай хүүхдийн хувьд ирээдүйд ямар удам угсаатай, эд хөрөнгө, сан хөмрөг өвлөгдсөн байх тийм ч их хамаатай биш болж ирнэ. Учир нь бүх сайн сайхныг ухаантай, эрдэмтэй хүн өөрөө бий болгож чаддаг. Эхэндээ мэдээж та хүүхдийн унших номыг хаанаас хаа хүртэл унших мөн хэдэн цагт дуусгахыг зааварчилаад, хажууд нь сэрүүлэг тавина. Давхар хүүхдийн унших, ойлгох хурдыг нэмэгдүүлэх бодлого барина.
Өдөр бүр тогтмол уншаад дадсан хүүхэд чамгүй ухаан, төлөвшил авч улмаар өөрт хэрэгтэй зүйлээ ялгаж унших чадвар хэдийн суусан байдаг...
”ШИНЭ ЦАГИЙН ТӨЛӨВШИЛ” \0-18 нас\ номноос
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.