
УМАЙН МИОМЫН ТУХАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭДВЭЛ ЗОХИХ 20 БАРИМТ
1. Эмэгтэйн бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн доторхи хавдар төст үүсвэрээс хамгийн түгээмэл тохиолддог эмгэг бол умайн миом юм.
2. Умайн миом маш ховор тохиолдолд хорт хавдарт шилждэг (<0.5%).
3. Умай авхуулах мэс засал хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн үндсэн шалтгаан (85-90%) нь умайн миом байдаг.
4. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 30-70%-д тохиолдог бөгөөд эмэгтэйн нас ахих тусам тохиолдох давтамж ихэсдэг. Манай улсад 40-с дээш насны 3 эмэгтэй тутмын нэг нь миомтой байдаг.
5. Ихэнх эмэгтэйд зовуур илрэхгүй, хамгийн чимээгүй өвчин гэж нэрлэгддэг. (Том хэмжээтэй байсан ч зөвхөн 25%-д нь зовиур илэрч болно)
6. Хэмжээний хувьд харилцан адилгүй, хэдэн миллиметрээс, хэдэн арван сантиметр хүртэл хэмжээтэй байна.
7. Миом шулж авахуулах мэс засал хийлгэсний дараа жирэмсэлсэн тохиолдолд төрөх үед умай урагдахаас сэргийлж кесар мэс заслаар төрүүлэх нь зүйтэй.
8. Ямарч шинж тэмдэг илрээгүй умайн миомын үед хавдрын хэмжээнээс хамаарч хийх эмчилгээний стандарт байхгүй.
9. Салстын дорх болон булчингийн гүнд байрлалтай миомын үед үр хөврөлийн бэхлэгдэх процесс алдагдах, гуурсан хоолойн үйл ажиллагааны алдагдал, эр бэлгийн эсийн дамжуулалт өөрчлөгдөх зэрэг шалтгаанаар зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, үргүйдэл үүснэ.
10. Мэс заслын дараа миом дахин үүсэх эрсдэл 30% байдаг.
11. АНУ-д Африк гаралтай Америк эмэгтэйчүүдэд умайн миом бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин их тохиолддог бөгөөд ихэвчлэн залуу насанд нь илэрдэг байна. Үүний гол шалтгаан нь хар арьсан дахь Д аминдэмийн дутагдал гэж үздэг.
12. Миом шулж авахуулсан мэс заслын дараа жирэмслэх хүсэлтэй бол 4-6 сараар хойшлуулахыг зөвлөдөг, ялангуяа умайн булчин нилээд гэмтсэн бол эдгэрэх хугацаа хэрэгтэй.
13. Цэвэршилтийн насны эмэгтэйд миомын хэмжээ огцом томрох нь хорт хавдарт шилжих эрсдэлтэйг илтгэнэ.
14. Дааврын бус эмэн эмчилгээ нь хавдрын хэмжээг томруулахгүй байх, биений юмны хэмжээ ба өвдөлтийг багасгах зорилготой.
15. Нэг жилийн хугацаанд 6 долоо хоногтой жирэмсний хэмжээгээр нэмэгдэхийг хавдар түргэн томорч байна гэж үзнэ.
16. Эмэн эмчилгээний үр дүн түр зуурынх ба эм хэрэглэхээ больсноос 6 сарын дараа эргэж өмнөх хэмжээндээ хүртэл томордог байна.
17. Умайн миом нь нөхөн үржихүйн насанд хамгийн эрчимтэй томорч, цэвэршилтийн дараа багасдаг.
18. Жирэмслэхээс сэргийлэх дааврын хавсарсан бэлдмэл нь хавдрын өсөлтийг бууруулж, цус алдалтыг багасгадаг.
19. Даавар агуулсан Мирена нь умайн миомтой эмэгтэйд хэрэглэснээр цус алдалтыг мэдэгдэхүйц бууруулдаг ч, хавдрын хэмжээнд нөлөөлдөггүй байна.
20. Умайн миом томрохын хэрээр цусан хангамж нь багасч мөн хавдар хөл дээрээ мушгирснаас, цусан хангамж нь алдагдаж шохойжиж үхжлийн өөрчлөлтөд ордог.
Шаравын Цэрэнсамбуу
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.