Академич Л.Болд: Эх хэлнийхээ өмнө иргэн төр хоёр адилхан үүрэг хүлээнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Цаатан түмний хэл судлаач хэмээх нэрээрээ олноо танигдсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил шилдэг зургаан эрдэмтний нэгээр шалгарч “Бидний бахархал” өргөмжлөл хүртсэн билээ.

-Туркийн ШУА-ийн “Хүндэт гишүүн”-ээр өнгөрсөн жил сонгогдож, “Бидний бахархал” өргөмжлөлийг та хоёр дахь удаагаа хүртлээ. Та яагаад чухам Турк судлалыг сонирхох болов?

-Би уг нь Их сургуулийн монгол хэлний анги төгссөн хүн л дээ. Тухайн үед надад аз таарсан юм уу, эз таарсан уу бүү мэд. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр 1971 оны төгсөлтөөс хоёр хүүхдийг ШУА-д  хуваарилсан юм. Нэг нь би, нөгөө нь манай ангийн Х.Сампилдэндэв. Сургууль төгсөөд шинээр ирсэн залууст халамжлан хүмүүжүүлэгч буюу удирдагч багш томилдог байлаа. Тэр уламжлалаар Х.Сампилдэндэвийг академич П.Хорлоо багшид, намайг А.Лувсандэндэв багшид хариуцуулж өгсөн юм. Хүн төрсөн нутгаа, эцэг, эхийгээ сонгодоггүй гэдэг шиг л юм даа. Багш маань Ленинградын их сургуулийн турк хэлний ангийг төгссөн цөөн хүний нэг байв. 

Ингээд л багшийгаа дагаад цаатан, урианхайчуудын хэлийг судлахаар Хөвсгөл аймагт шинжилгээний ангиар явав. Сүүлдээ ч эмээлээ үүрээд ганцаараа явдаг болсон. Энэ хугацаанд бүрдүүлсэн хэрэглэгдэхүүндээ түшиглэн хийсэн судалгааны ажлаараа дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Хожим уг ажлаа өргөжүүлэн “Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” сэдвээр 1995 онд докторын зэрэг хамгаалсан. Энэ хоёр ажлыг минь Туркийн Шинжлэх ухааны академийнхан үнэлж, 2018 онд академийнхаа шагналыг хүртээсэн юм. Тус академи нь нийгэм хүмүүнлэгийн, биологи анагаахын, техник технологийн гэсэн гурван төрлийн мэргэжлээр шагналаа олгодог юм билээ. Харин өнгөрсөн жил ШУА-ийн “Хүндэт гишүүн”-ээрээ сонгосон. Энэ талаар цөөнгүй ярилцлага, сурвалжилга гарсан даа.

-Тэгэхээр цаатан, урианхайчууд чинь түрэгтэй холбоотой байх нь ээ?

- Товчдоо бол тийм ээ. Одоогоор байгаа гуч гаруй түрэг хэлний л нэг. Гэхдээ уйгар-урианхай хэл бол эртний болон орчин цагийн түрэг хэлний байдлыг хадгалсан, мөн монгол хэлний нөлөө ихтэй бие даасан хэл юм. Судлаачдын анхаарлыг татсан сонирхолтой хэл л дээ.

-Тэгвэл монгол хэл хэр эртнийх юм бэ?

- Хэлнийхээ талаас бол маш эртний гэж болно. Түүхэн баримтад түшиглэж үзвэл Сяньби нэртэй аймгийг задрах үеэр Тоба нэртэй хүчирхэг аймаг гарч ирснийг Хятадын түүхэнд Тоба гэж, манай нутагт буй хадны бичигт Табгач нэрээр тэмдэглэсэн байх бөгөөд эд эх хэл, бичиг үсгийнхээ талаар тодорхой бодлого хэрэгжүүлж байжээ. Энэ тухай сонирхолтой баримт түүхэн сурвалжид байдаг бөгөөд үүнийг нь манай улсын нэртэй түүхч Г.Сүхбаатар гуайн орчуулгаар эшлэн хэлэхийг хүсэж байна. “Тоба (Табгач) Дао хаан ши гуаны хоёрдугаар (м.э. 425) оны гуравдугаар сарын цагаан бичин өдөр… Цзю хуа тан ордонд анх шинэ үсэг мянга гаруйг зохиосныг болгоон соёрхоод, зарлиг буулгасан нь…. Эдүгээ зохиосон үсгийг нийтэд хэрэглэхээр холхи ойрход тараатугай” гэсэн мэдээ бий.

Маш сонин мэдээ. Нэг мянган тэмдэгтэй гэдэг нь хэдэн мянган тэмдгээс бүтдэг утга бичигтэй харьцуулахад даанч цөөн тэмдэгтэй, хэдхэн арван тэмдгээс бүтдэг авианы бичигтэй жишихэд хэтэрхий олон тэмдэгтэй тул табгачийн “шинэ бичиг” гэдэг нь хятадын утга бичигт эсрэгцүүлэн зохиосон үе үсгийн буюу авиа, үе холимог үсэг байсан байж магадгүй гэж үздэг. Сяньби хэлний нэг аялгуугаар ярилцдаг табгачууд төрөө байгуулаад үсэг бичгээ зохиосон нь Монголын түүхэнд төдий л хачирхалтай зүйл биш ч монголчуудын өвөг дээдэс шинэ бичиг зохиосон тухай бараг анхны мэдээ юм.  Энд анхаарал татах өөр нэг сонирхолтой баримт бол “шинэ бичиг” гэдэг үг юм. Энгийнээр бодоход табгачууд (өөрөөр хэлбэл, монголчууд) хуучин бичиг хэрэглэж байж, тэр нь тэгвэл ямар бичиг юм бэ.

Хүннү гүрэн болон Монгол нутагт ээлжлэн төр улсаа байгуулж байсан нүүдэлч аймгийнхан ке-мо гэдэг (мод хэрчих гэсэн үг) бичиг хэрэглэж байсан тухай мэдээ байдаг. Олонх эрдэмтэн үүнийг “бичиг үсэг мөн байх” гэж таамагладаг авч, монгол, түрэг үсэг бичгийн уламжлал, мөн хүннүгийн үеийн эд өлгийн дурсгал дээрх элдэв дүрс нь орхон бичгийн үсэг тэмдэгтэй зарим талаар их л ойр зэрэгт тулгуурлаад сүүл үеийн эрдэмтэд (Н.Сэр-Оджав, А.Лувсандэндэв, Г.Сүхбаатар, Л.Түдэв зэрэг) орхон бичгийн дурсгал мөн гэдэг таамаглал дэвшүүлээд байна. Үнэхээр энэ бол бичиг мөн гэж үзэхэд хүргэдэг. 

- Сонирхолтой юм байна. Энэ талаар тодорхой баримт байдаг юм уу? 

- Шууд баримт бол одоогоор үгүй л дээ. Харин дам баримт бий гэж болно. Тухайлбал, монгол хэлний бичиг гэдэг үг. Энэ үгийг алтай хэлтэнд (хэлийг гарал үүслээр ангилсан нэр), тухайлбал, түрэг, манж-түнгүүс, монгол зэрэг хэлэнд үлэмж түгээмэл хэрэглэгддэг. Монголчуудын дээд өвөг хүннү хэлэнд бичэци (албан тушаалын нэр) гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ үг орчин цагийн монгол хэлнүүдэд хадгалагдсан авч, ганцхан монгол хэлэнд ‘бичиг’ гэдгийг ‘pidzig’ гэх атал, ‘бичих’ гэдэг үгийг ‘джури’ (Б.Х.Toдaeвa) гэж тэмдэглэжээ. Монгол хэлний түүхэн баримтуудад төдий л тохиолдохгүй, мөн орчин цагийн монгол хэл аялгууны хэрэгдэхүүнд байхгүй атал, монгол хэлэнд яагаад ‘бичих’ гэдэг үйл үгийг ‘dzu:re’ гэх болов. 

Их эрдэмтэн Владимирцов “Миний бодоход киргиз хэлний ‘жаз-’ гэдэг үг ‘писать, рисовать’ гэдэг хоёр утга илэрхийлдэг” хэмээн тэмдэглэсэн байдаг (Б.Я.Владимирцов). Энд бидний анхаарлыг татаж буй зүйл нь түрэг хэлнүүдэд, өөрөөр хэлбэл, түрэгийн бараг бүх хэлэнд буй энэ үг нь хэлбэр болон утгын хувьд монгол хэлний ‘зур-’ гэдэгтэй бараг тохирч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, бичих, зурах гэдэг хоёр үг утгын хувьд тун ойр, одоо ч гэсэн бид гарын үсгээ бичихийг “гарын үсэг зурах” гэдэг биз дээ. 

Мөн 1932 онд Киргиз Улсын Ачикташ суурины орчмоос олдсон руни (орхон Л.Б) бичиг бүхий модон саваа юм. Үүнийг нэрт түрэг судлаач С.Е.Малов тайлан уншсаны гадна “... Түрэгийн руни (орхон Л.Б) бичиг шиг иймэрхүү бичигт “сийлбэрлэхэд” (зурахад) хамгийн тохиромжтой зүйл бол мод баймаар” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Энэ бүхнийг үзвээс, монгол угсаатан болон Хүннү, Жужань, Сяньби, Тоба зэрэг овог угсааныхан мод сийлж хэрэг явдлаа тэмдэглэж байсан гэдэг мэдээ хятад сурвалжид олонтаа дурдсан нь чухамдаа модыг ашиглан руни буюу орхон бичгээр хэрэг явдлаа тэмдэглэж байсныг хэлсэн хэрэг гэж үзэж болохоор байна. 

Үүнээс хойш монголчууд өнөөдрийг хүртэл арав гаруй үсэг бичгийн систем боловсруулжээ. Гэвч энэ нь шинэ төр улсаа байгуулж байсан төрийн түүхтэй гүн холбоотой. Тухайлбал, X зуунд хятанчууд их, бага гэсэн хоёр бичиг зохион хэрэглэсэн, XIII зуунд Их монгол Улс уйгаржин бичиг хэрэглэсэн бол Их Юань улсын үед дөрвөлжин бичиг, XVII зуунд ойрдууд тод бичиг гээд л өөр өөрсдийн бичиг үсгийг зохиож байсан тухай магадтай мэдээ баримт байдаг. Энэ бүхэн нь нэг талаас төрийн бодлогынхоо хүрээнд үсэг бичгийн асуудлыг багтааж ирсэн уламжлалтай, нөгөө талаас монгол хэлний хөгжлийн түүхтэй салшгүй холбоотойг харуулдаг. 

- Шинэ төр улс байгуулах болгондоо бичиг үсгээ шинэчилж байжээ?

- Тийм ээ. Дээр өгүүлснээс үзвэл эх хэл, эрхт төр хоёр маань монгол түмнийг нэгтгэн хүчирхэгжүүлж, хөгжлийг маань хурдасгах гол хэрэглүүр болж үеэс үед дамжин ширээгдэн хатаагдсан нандин өв маань болсон юм. Энэ өвийг шинэ тулгар байгуулагдсан Ардын засгаас өвлөн уламжлуулахад анхаарч бүх нийтийг бичиг үсэгт сургах, утга зохиолын хэлийг бүх нийтэд дэлгэрүүлэх үйл явцад төрийн бодлогоо өргөн хүрээгээр нэвтрүүлж эхэлсэн. Энэ ажлыг Ардын засгийн дараахан байгуулсан Судар бичгийн хүрээлэн эрхэлж байсан юм. Уг хүрээлэнгийн гол ажлыг зөвхөн үсэг бичгийн тухай асуудалд хязгаарлан үзвэл өрөөсгөл болно.

Шинэ тутам байгуулагдаж байгаа ардын боловсролыг системтэй болгоход чухал нөлөө үзүүлсэн сурах бичиг, гарын авлагыг шинээр боловсруулах, нэн ялангуяа нэр томьёог боловсронгуй болгох, ард түмний эх хэлний боловсролд зориулсан үсгийн дүрмийн болон тайлбар толь бичгүүдийг боловсруулах зэрэг олон талтай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Нэн ялангуяа монгол нэр томьёог  шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсронгуй болгох талаар үлэмжхэн анхаарал тавьж, шинжлэх ухааны нэр томьёог боловсруулах Цэвээн Жамсранов тэргүүнтэй комисс байгуулан ажиллуулж байсан зэргийг дурдах ёстой. Мөн 30-аад оны үеэс бичиг үсгийн шинэчлэлд анхаарч латин үсгийг эх хэлэндээ тохируулан хэрэглэх оролдлогыг хийж эхэлсэн байдаг.

Дам баримтаас үзэхэд манай их зохиолч Д.Нацагдорж энэ ажилд хошуучлан оролцож байжээ. Харин латин үсэг дэлгэрлийг олж чадаагүй нь нэгдүгээрт, латин үсгийн цагаан толгой монгол хэлний авиаг бүрэн тэмдэглэж чадахгүй, хоёрдугаарт, монголчууд аль хөгжсөн орны соёлыг дагадаг уламжлалтай холбоотой байсан шиг байгаа юм. Тиймээс ч орос үсгийг авахаар шийдэж дүрмийг нь зохиох ажлыг Ц.Дамдинсүрэн гуайд даалгасан байдаг. Явган яриагаар бол түүнийг шоронгоос гарсны дараахан шинэ үсэг зохиох даалгавар өгсөн гэдэг. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуай 1934 онд “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье” гэдэг өгүүлэлдээ “уйгаржин монгол бичгийг халж, шинэ үсэг зохиох нь зайлшгүй хэрэгтэй” гэсэн санаагаа тэмдэглэсэн байдаг.

Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуайд шинэ үсэг зохиох хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил бүр залууд нь байжээ гэж ойлгогддог. Харин 1940-өөд онд энэ хүслээ хэрэгжүүлэх боломж олдсон хэрэг. Ингэж л Монголын ард түмэн эх хэлнийхээ авиа зүйд тохирсон шинэ бичигтэй болсон юм. Шинэ үсэг авсан нь зөвхөн ард түмний эх хэлний боловсролд төдийгүй, соёлын амьдралд нь чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Төрийн зүйл бүрийн тусламж дэмжлэг, манай мэргэжилтнүүдийн хүчин чармайлтын үр дүнд манай ард түмэн нийтээрээ бичиг үсэгтэн болж, үүнийг ЮНЕСКО-оос өндрөөр үнэлж, 1970 онд нэрт сурган хүмүүжүүлэгч Крупскаягийн нэрэмжит алтан медалийг Хэл зохиолын хүрээлэнд олгосон байдаг. 

- Одоо харин манайх кирилл үсгийг хэрэглэж байгаа шүү дээ. Кирил үсгийн зөв бичгийн дүрэмтэй  холбоотой маргаан багагүй гардаг. Харин сүүлд журамласан толь гарч, жигдрэх гэж байх шиг байна?

- Шинэ үсгийн дүрмийг анх зохиогдсоноос нь сайжруулах талаар шат дараатай олон арга хэмжээ авсан. Харин сүүлийн үед дүрмээ сайжруулахгүйгээр зөрүүтэй бичигддэг үгсийг толь бичгээр журамлан тогтооё гэдэг дээр дээр доргүй санал нэгдсэн юм. Үүний үр дүнд Хэлний бодлогын ажлын албан дээр төвлөрөөд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гэдэг хамтын бүтээл гаргав.

Хэл бол цаг үргэлж сайжран боловсорч байдаг учир энэ бүтээлээ улам сайжруулж, шинэ үг, нэр томьёо зэргээр баяжуулж, олон түмний санал шүүмжийг сонсон засаж дахин хэвлэж байвал сайн сан. Бас л мөнгө төгрөгний болон бусад бэрхшээл гарах л байх. Гэхдээ л тийм ажлыг цаг алдалгүй хиймээр байна даа. Үг нэг бүрийн бичлэгийг болон шинжлэх ухаан, техник технологийн нэр томьёо бүрийг тогтолцоотой, бүтэц болоод утга зүйн хувьд зөв болгоно гэдэг уг нь хүн хүч, цаг хугацаа шаардсан нүсэр ажил л даа. Үүнд иргэн бүрийн оролцоо ч хэрэгтэй. Эх хэлэндээ хэрхэн ханддагаар нь иргэний чанар танигдана гэсэн үг бий шүү дээ. 

Мөн бид эх хэлнийхээ найруулга зүйд суралцах талаас анхаарах цаг болжээ. Бололцоо нөхцөл бүрдсэн энэ үед нь эх хэлээ хөгжүүлж, нэр томьёо, үсгийн дүрмийг жигдлэх ажил хийх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хэл бичгийн эрдэмтдийг хүлээгээд сууж болохгүй нь мэдээж. Үүнд төр засгийн зүгээс ч анхаарах цаг хэдийн болжээ. Ядаж л хэвлэл болон албан бичгээ алдаагүй, зөв найруулгатай гаргадаг болмоор байна шүү дээ. Би 2004 онд “Монгол хэлний тайлбар толь” таван боть бүтээлийн ерөнхий редактораар ажиллаж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед тайлбар толио цахим хэлбэрт оруулсан. Үүнд мөн төр засгийн дэмжлэг үзүүлсэн. Ингэхдээ Монголын уран зохиолын 108 ботийг ашиглан ном тус бүрд орсон бүх үгийг программчилсан. Цаашид ч энэ  чиглэлээр бидэнд хийх ажил нэлээд бий. Гагцхүү санхүүгийн асуудал хүлээгдэж байна. 

Орчин цагийн утга зохиолын хэл гэдэг бүхэл бүтэн тогтолцоотой болж, найруулгын хэд хэдэн төрөл зүйлийг бий болгожээ. Үүний нэгээхэн хэсэг нь уран зохиол. Тэгэхээр бидний хийсэн тайлбар тольд уран зохиолд хэрэглэгддэг үг гол төлөв орсон  гэсэн үг. Цаана нь шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, албан бичгийн хэл найруулга, нутгийн аялгууны үгс зэрэг орхигдсон байна. 

Хэрэвзээ хөрөнгө санхүүжилтыг нь өгвөл бидэнд хийх ажил их бий. Нэгэнт л эх хэлээ хайрлан хөгжүүлэх тухай төр засгийн бодлого гаргаж байгаа бол санхүүжилтыг нь хамт шийдвэрлэж байх нь зүйтэй. Эх хэлнийхээ өмнө иргэн төр хоёр адилхан л хариуцлага хүлээх ёстой. Нэг үеэ бодвол программ зохиодог үндэсний боловсон хүчин их болсон. Анх тэр 108 ботийг программчилж байхад бидэнд энэ чиглэлийн мэргэжилтэн ховор байлаа. Иймд БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуультай хамтран программыг нь хийлцсэн юм.

- Одоо харин та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Өмнө өгүүлсэн хоёр зохиолоо өргөжүүлэн баяжуулж, турк, монгол хэлний харьцуулсан хэл зүйн чиглэлээр ажиллаж байна. Эртний орхон бичээсийг судалж, энэ чиглэлээр зургаан ном гаргасан. Одоо долоо дахь номоо гаргахаар төлөвлөж байгаа. Тоньюкукийн гэрэлт хөшөөн дээр “Аль ч газрын хаантай улсад мунхаг түшмэл таарвал түүнээс илүү гай байхгүй” гэж бичсэн байдаг. Энэ мэт сургамжтай зүйл эдгээр бичээст олон бий. Тэр бүгдийг ард түмэндээ хүргэх санаа юм л даа. Үүнийг бид санаж байх хэрэгтэй. Удахгүй улс хувьсгалын 100 жилийн ой болох гэж байна.

Үүнтэй зэрэгцээд манай хүрээлэнгийн 100 жилийн ой бас болно. Үүнийгээ угтаж томоохон ажил хийх юмсан гэх бодол энгийн нэг эрдэмтнээс иргэн бүрт бий болов уу. Би интернэтэд байгаа таван боть зохиолоо цаасан хэвлэлээр гаргах юм сан гэж бодож явдаг. Манай улсад интернэт жигд тархаж чадаагүй байгаа шүү дээ. Үе үеийн эрдэмтэн, судлаачийн хүчин чармайлтаас бүтсэн энэ бүтээлээ иргэн бүрт хүргэх хүсэлтэй явна даа.

Б.Бадралмаа 

Эх сурвалж: Npost

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.