
Австралийн засаг захиргааны хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Мельбурн хот Сиднейг ардаа орхиж, 19-р зууны "алтны халуурлаас" хойш анх удаа Австралийн хамгийн олон хүн амтай хотоор тодроод байна.
Сидней хот Австралийн хамгийн их хүн амтай хот гэсэн цолоо 100 гаруй жил хадгалж ирсэн юм. Мельбурн хотын зах тэлсээр тус хотын дагуул хот болох Мелтоныг Мельбурны засаг захиргаанд нэгтгэх шийдвэр гарсан байна.
Австралийн засгийн газраас гаргасан статистик тоогоор 2021 оны 6-р сарын байдлаар Мельбурны хүн ам 4 875 400 хүрсэн нь Сидней хотынхоос 18 700-гаар их гарчээ.
Австралийн Статистикийн Хороо 10 мянгаас дээш хүн амтай хотын захын бүс нутгуудыг "хотын онцгой бүс" гэсэн нэр томъёогоор тодорхойлдог ба 2021 оноос өмнө Сидней хотын онцгой бүсийн хүн амын тоо Мельбурныхээс олон байсан ч Мелтоныг Мельбурн нэгтгэснээр Мельбурн хот хүн амын тоогоороо Сиднейг гүйцсэн гэжээ.
Сидней хотын оршин суугчдын үзэж байгаагаар Сидней хоттой ойр жижиг хотуудад амьдардаг ч Сиднейд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг тооцвол Сидней нь Мельбурнээс томд тооцогдох аж.
Тэгвэл үүгээрээ ч Мельбурн 2031-2032 он гэхэд Сиднейг гүйцнэ хэмээн Австралийн эрх баригчид тооцолж байгаа аж.
Мельбурн хотын тухайд 19-р зууны сүүлээр алт олборлож, баяжихыг хүссэн иргэд олноор Виктория муж руу цувсантай холбоотойгоор Мельбурн хотын хүн ам огцом өсөж, 1905 он хүртэл хүн амын тоогоороо Сидней хотын дээр бичигдэж байсан аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.