Эмэгтэй хүн чимэг зүүлт биш ээ

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Холливудын нэг оньсого, бас агуу жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэйгээ олны өмнө гарч ирлээ.

Өөрөөс нь 8 дүү, урлагийн салбарын зүтгэлтэн гэх тэр эмэгтэйн зургийг үзсэн манай тэнгэрлэг фб-чид Кианугийн бүсгүйг өмнөөс нь шүүж, шинжиж гарчээ! Морь мал биш дээ. 46-тай гэхэд яасан хөгшин харагддаг юм бэ, 8 дүү биш, 8 эгч юм биш үү энэ тэр. Болиоч!

Харваас өөртөө итгэлтэй, нүд нь гэрэлтсэн гэгээрсэн сайхан эмэгтэй байна! Мөнгийг бус эгэл амьдралын үнэнийг дээдэлдэг, алдар цуу, хэлбэрдэлтийг огт тоодоггүй Киану буурал үсээ будаж, будант орчлонгийн тамга болсон үрчлээгээ татуулж, хиймэл хөх бөгс шахуулж, хэлбэртээ хэлтийсэн гангар шаазан шиг амитантай таарахгүй нь ойлгомжтой! Би л лав, хичнээн гялгар гоё байсан ч, тархи нь хөгжөөгүй зарим хүнтэй ярих ч юм олддоггүй дэг.

Гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн өнгө биш ээ! Эмэгтэй хүний бие цогцос базуулах гэж, балбуулах гэж, өлөн нүдтэй харцуулын зугааг гаргах гэж бий болж бүрэлддэггүй! Эмэгтэй хүн шилэн хоргонд тавигдах үзмэр шиг өнгө гялгар байх ч албагүй! Эмэгтэй хүн ерөөсөө ЭР ХҮНИЙ чимэг зүүт, гангараа, эд зүйл, зугаацуулагч, даган баясагч биш, БИЕ ХҮН, ОЮУН УХААНТ БОДГАЛЬ юмаа!

Эмэгтэй хүнийг өнөөх л 13-р зууных шигээ бие биедээ дамжуулдаг бэлэг сэлт, булааж аваад эзэмдчихдэг, галын сахиул, гагцхүү хүү төрүүлэх үүрэгтэй ҮРЖЛИЙН АМЬТАН, зугааны амьтан, чимэг зүүт, чихний ээмэг, эмээлийн баавар мэт байлгах гэж, ийм тийм гоё сайхан, нүд баясгагч, бие жаргаагч байхыг тулган шахахаа больцгоох цаг болсон шүү! Эмэгтэй хүн эхнэр болно уу, эх болно уу, эсвэл ганцаараа амьдарна уу, эзэмшсэн мэргэжил, хүсэл мөрөөдөлдөө амьдралаа зориулна уу, тарган байна уу, туранхай байна уу өөрийнх нь дур!

Манайхан эр эмгүй, нийтээрээ хүүхэд төрүүлээгүй эмэгтэй хүн хүн биш, хөхөө томруулж, өгзгөө базуулж байх ёстой мэт боддогийн горыг О дарга мэт нь амслаа даа. Эмэгтэйчүүд бид ч үнэ цэнээ мэдэрч, эв санаа нэгтэй байцгаая! Биес нь 21-р зуунд ухаалаг утас, цахим ертөнцийг эзэгнэх атал, билэг оюун нь тэртээ дундад зуундаа хоцорчихоод байна шүү, та минь!

Б.Шүүдэрцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.