
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс коронавирусын цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох ажилд 70 мянга гаруй цэргийн албан хаагчийг дайчилж буйгаа Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгджээ.
Өмнөд Африкт коронавирусын халдвар авсан 3465 тохиолдол бүртгэгдээд байгаа ба тус улсад уг вирусын халдварын улмаас 58 хүн нас бараад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад өнгөрсөн сарын 27-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон юм. Гэрээс гарах, архи согтууруулах ундаа болон тамхи худалдаалах, тэжээвэр амьтнаа гадаа салхилуулах зэргийг хориглосон ба зөвхөн эмч эмнэлгийн ажилчид, санхүүгийн байгууллагад ажилладаг иргэд, сэтгүүлчид болон дэлгүүрийн ажилчдад л гэрээс гадагш гарч ажилдаа явахыг зөвшөөрчээ.
Архи согтууруулах ундааны худалдааг зогсоосноор архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүдийг тонох явдал огцом нэмэгдсэн ба хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдаалах, худалдан авах хэрэгт цагдаагийн албан хаагчид оролцсон явдал ч гарсан байна. Хөл хорио тогтоосноор Өмнөд Африк дахь коронавирусын халдварын тохиолдлууд эрс буурч, тархалт нь тогтворжсон ч коронавирусын халдвар авсан тохиолдлууд нэмэгдсээр л байна.
Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса өнгөрсөн мягмар гарагт парламентад хаягласан захидалдаа хөл хорионы дэглэм тогтоох ажилд 73 180 цэргийн албан хаагчийг дайчилж буйгаа мэдэгдсэнээс гадна коронавирусын цар тахлын улмаас санхүүгийн хямралд өртөөд буй компани, аж ахуйн нэгжүүд болон 3 сая ажилчдад нийт 26 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх талаар бичжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.