Арай л гоё сонгууль, аймаар худлаа make up...

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Зүгээр л үнэн бай, эгэл бай, зүлгэж бүү хуур, зүглэж бүү хошгируул. Амьдралын үнэн өмнө чинь байна, Монголын үнэн эргэн тойронд чинь байна. Танихгүй болтлоо нүүр будгаар тордож, буухгүй болтлоо дүрдээ итгэж, газардахгүй болтлоо гангалж, шороодохгүй болтлоо шоудах хэрэггүй. 

Тэгээд гишүүн болчихвол өглөө болгон нүүр будагч дуудаад, өдөр болгон жүжиглээд, хурал болгон дээр хосоороо хөтлөлцөөд, чуулган болгон дээр цочиж унатал ижилсээд...хос морь хөтлөөд, хос дээлээр ижилсээд, хууль гацсан ч худлаа инээгээд, төсөв алдагдсан ч торго дурдан яриад байх юм уу? Тэрбумын хадгаламжтай байтлаа автобусанд бүлтэлзээд, тэнхээлэг санхүүтэй байтлаа хандив гуйж халаглаад... нүүр хуудсандаа хүүхэлдэй, нүгэлт орчлонд үүхэлдэй...таньж авах гэж ядаж байхад танхил зураг, анхил төрхөөр хуурч яанам бэ.

Тэгээд бид хэзээ бодит төрхийг чинь харж, бодлоготой үгийг чинь сонсох юм бэ? Үнэн бай л даа, үнэн, үрчлээ хоёр үүрд хамт гэдгийг бүү март. Хүмүүс чиний зургийг хайрлахгүй, чамайг л хайрлана гэдгийг сана. Сайхан хос шалгаруулж, шилдэг нөмрөгтэй бэтвүүмэнээр хамгаалуулж, гар гараа атган инээмсэглэж, гараан дээрээс ганган хурдална гэж хэн захиалсан юм бэ? Ядаж байхад хууль болгонд тулгуур болох учиртай Лүндээжанцан гуайг солонгос киноны Уба битгий болгоод бай л даа. Яая гэж байхад хөнжлөөсөө лайвдалгүй, хөөрхөн төрснөөрөө гурилдалгүй, эрүүл хооллолт, эр эмийн явдал, эрлийз хүйс, эрүү толгойны шөл ярилгүй, үр хүүхдээрээ шоудалгүй, үлгэр туульсын баатар бололгүй сонгуульдчихаж болох уу? Хотын захын гэр хороололд долоон жил гэрэл цахилгаангүй гацчихсан айл байна.

Хөдөө зуншлага муутай, ногоо хөөж нүүсээр байгаад туйлдаж ядарсан, тухлах завгүй шогшсон малчид хиртэй гар, хээ нь гандсан дээлтэй угтаж байна. Хүний өмнө тавих таваггүй, хүүхдийнхээ аманд барих хоолгүй айл олон байна. Сүйрсэн бэлчээр, сүйдсэн ард түмнийхээ үнэн байдал, үлгэн салган туулж буй өдөр хоногуудыг хуваалцаад үз, худал бүү амла. За тэгээд яваад үз, очоод танилц. Үнэнийг хар, үнэ цэнэ хаана байгааг нягтал. Хэтэрхий бүү гоёод бай, хэтрүүлж бүү хөөрөөд бай. Улс орон чинь цуцсан байна, цухалдах ч тэнхэлгүй мөлхөж байна. Язганаж байгаа үлийн цагаанаа устгаж чадаагүй байж, ямар уудам юм бэ, Монголын тал нутаг гэж яг одоо ядарсан түмний цөс хөөргөхөө боль. Цагаанаараа эргэсэн тал нутаг, үсээ гээгээгүй, хавирга нь хэрзийсэн адуу мал, цагаан идээний бараа харалгүй зуны сарыг зутарч угтсан Монголыг байгаагаар нь хүлээж ав, бас хэрхэн яаж энэ мөхлөөс гарахаа бод.

Инээх шалтгаан энд алга, ирийтэл алга ташаад байх шалтаг бүүр ч алга. Өмссөн дээлэнд чинь гялбаад байна, өт шиг мөлхөж гундаад байна. Ядуу Монголд чадуу явахаасаа ичиж амьдар. Алдагдаж буй Монголд амьдрал мэддэггүй улстөрч хэрэггүй. Тэртэй тэргүй тэнхээгээ барж, тэвчээрээ шавхаж байгаа ард түмэнд арай л гоё сонгууль, аймаар тод өнгө гэдэг чинь энэ!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.