Юань гүрнийг самарсан Солонгос шивэгчин

Twitter Print
2020 оны 08-р сар 14-нд 19:12 цагт
Мэдээний зураг,

(2-р хэсэг)

Тогоонтөмөр өөрөө хүүхдээрээ шахуу байсан ч эгчмэд Солонгос шивэгчин,эрлийз хүү хоёртоо маш их хайртай байлаа.Энэ их хайраа бас бусдад хамаагүй мэдэгдэж болохгүй. Тэргүүн сайд Баян жанжнаас гадна талийгаач Төвтөмөр хааны эш хатан Будашир,улсын их хатан Баянхутаг нар Тогоонтөмрөөс илүү эрх мэдэл атгаж хаан, Солонгос шивэгчин хоёрын харьцааг тэвчин өнгөрүүлж байлаа.

Тэд ордонд хэдэн зуугаараа үйлчилдэг зугаа цэнгэл хангагч царайлаг Солонгос боол шивэгчдээс Ки бүсгүйг ялгаж харахыг хүссэнгүй. Тогоонтөмөр Киг бага хатнаа болгох саналаа их хуралдай дээр оруулаад доог тохуу болон өнгөрөв. Будашир хатан түүнийг ордны зугаа цэнгэл хөөцөлдхөөс өөр юм мэдэхгүй, төр улсад ямар ч нэмэргүй хэмээн хангинан загнажээ. Кигийн нөхцөл байдал дээрдсэнгүй. Тэрээр хааны өврийг бүлээцүүлэх үедээ л гомдол гарган хүүгийхээ төлөө өөрийг нь бага хатнаараа буулган ав гэж цөхрөнгөө бартлаа ятгаж байлаа. Ийм бөглүүхэн нөхцөлд гурван жилийг өнгөрөөж байтал гэнэт Ки бүсгүйд аз ивээжээ. Бурхан түүнд хэдэнтээ тусласан билээ.

Баян жанжныг засагласан долоон жилд Хятадуудын амьдрал тамын тогоонд чанагдсан мэт болжээ. Юань гүрний төрийн албанд нийт 33000 Хятад хүн ажиллаж байлаа. Монгол,Уйгур түшмэдүүд байсан авч тэдний дунд өдрийн од шиг цөөдөж байсан юм. Энэ үед Хятад хүн ам өсч 83 саяд хүрсэн тул хоёр сая шахам хүнтэй Монголчууд Уйгуруудыг авчраад ч энэ том улсыг захирахад төвөгтэй болж иржээ. Тиймээс Баян эрс хатуу бодлого барьж Хятад түшмэлүүдийг төрийн албанаас эрс цөөлж эрх мэдлийг нь хумьж, хүн амаас авах бүх татварыг өсгөж, Юань дахь Монголчуудын дунд дэлгэрээд байсан Хятад хэл,ханз бичиг сурах, ханзны чамин зурлага зурж урлах, Хятад шүлэг найраглал цээжлэх, уран зураг зурах зэрэг чамирхлуудыг хүчээр таслан зогсоов.

Бичгийн түшмэл биш жинхэнэ үе дамжсан энэхүү торгон цэргийн хүнд Хятадын нялагнасан соёл угаасаа таалагдаж байгаагүй.Эрх мэдэл атгасны дараа түүнийгээ ил гаргаж Хятад Солонгосуудыг дайсан мэт даран бөхийлгөж эхэлжээ. 1336 онд Баян зарлиг гаргаж Хятад Солонгос хүн зэр зэвсэг агсахыг цаазлаж, тэр байтугай өмнөд мужуудад газар тариаланд төмөр савар хэрэглэхийг болиулжээ. 1339 онд Солонгосын ван Чхүне (1315-1344) гэгч гаж донтон өөрийн төрсөн эцэг нь хорвоог орхиод гурав хонож байхад эцгийхээ бэлэвсэн хатан Монгол эмэгтэйг ордон дотроо хүчиндэж дур хүслээ хангасан жигшүүрт хэрэг гарч Баян түүнийг баривчлуулан авчирч шоронд хийгээд цаазлах ял оноолоо.

Юань гүрэн даяар гурав дөрөвдүгээр зэрэглэлийн үндэстнүүд (Хятад,Солонгос) Баян жанжинг үзэн ядаж байлаа. Гэхдээ тэднээс илүүтэй хааны ордонд амьдардаг эрлийзүүд түүнийг хорлон алахыг тэчьяадан хүсэмжилж ар нуруунд хутга шаахаар зэхжээ. Учир нь Баян Хятадад элэгтэй Монголчуудыг ч хайрлаагүй, Күнзийн сурталт Цэцэг ванг 1338 онд гэр бүлээр нь цаазлахдаа Мөнх хааны ач, алтан ургийн язгууртан гэдгийг нь тоогоогүй юм. Тэрээр Монголын төрийг тогтвортой байлгахын тулд Тогоонтөмөрийг үхүүлээд Будашир хатны хүү Элтөгсийг хаан суулгахаар зэхжээ.

Ингээд чимээгүй ирж байгаа үхлийг зөнгөөрөө мэдрэн айсан Тогоонтөмөр өөрийн гол дайсан Баян,Будашир хатан,Элтөгс нарыг устгахыг аймшиггүйгээр бодох болов.Хуйвалдаанд Баяны шинэчлэлийг далдуур эсэргүүцэж байсан Баяны авга дүү Тогтох болон Шарбал, Шижбал, Ариг, Ван Жяну, Ү Жифан зэрэг Монгол, Уйгур, Хятад түшмэлүүд оролцлоо. 1340 оны 3 сарын 12-нд Баян жанжин ав хоморго хийхээр Тогоонтөмөрийг авч явах гэхэд Тогоонтөмөр бие мууг учирлан гуйж үлдэхээр болж Элтөгсийг авч явжээ.

Ингээд үлдэгсэд нийслэлийг гартаа оруулж аваад Баяныг ирэхэд нь баривчлан авч өмнөд Хятадын бөглүү гацааны даргаар хөөж явуулжээ. Хятадуудын заналыг асааж байсан хүчирхэг Баян жанжин зорьсон газраа хүрч чадалгүй замдаа хорлогдон амиа алджээ. Занаж хорссон Хятад авсчин Баян жанжны цогцсыг авсанд хийж "мартсанаас" өмхийрч илжрэн өтсөн байсан гэдэг. Баян үхсэнээр Будашир хатан,Элтөгс хүү хоёрыг хамгаалах хүнгүй болж занаж хорссон Тогоонтөмөр гараа цусаар угааж эхэлжээ. Тогоонтөмөр Будашир хатнаас өөрийн төрсөн эх Маалайдай хатныг цаазалсан ялыг нэхэж Юань улсын эх хатан (Тай Хуан Тайхоу) цолыг нь хураан авч харц болгоод Хэбэй мужийн бөглүү гацаанд цөлжээ.

Цөллөгт очоод удаагүй байхад нь эрх чөлөөний нар нь гийсэн Ки шивэгчин ордны Солонгос тайганаар хааны тамгыг хулгайгаар даруулан хуурамч зарлиг бичүүлээд Будаширт илгээжээ.Зарлигт түүнийг өөрөө амиа егүүтгэхийг тушаажээ. Будашир хатан сарын дараа тэнгэрт хальж, найман настай Элтөгс хүү нь Солонгост цөлөгдөхөөр ял шийтгүүлж замдаа алагджээ. Ки хамгийн их баярлав.

Хорвоо өөрчлөгдсөн өдөр ирлээ.1340 оны 5 сард Тогоонтөмөр Ки шивэгчинг бага хатнаа болгон авч "Өлзийхутаг" хэмээх утга төгөлдөр Монгол нэр хайрласан нь шивэгчин байсан үеийг нь санагдуулах төрөлхи нэрийг нь цээрлэсэн ажээ. Ки шивэгчин үүнээс хойш Өлзийхутаг нэрээр түүхэнд мөнхрөн үлджээ. Юань гүрэн даяар 100 гаруй сая хүн Өлзийхутаг хатан гэж хүндэтгэн дуудах болов. Ки Ванжиг хатнаа болгосон нь нүүдэлчдийн түүхэн дэх Хүн гүрний шанью Хуханье Хятадын Хань улсын татвар эм Ван Жаожюнь-ийг яньжи болгож байсан, 1209 онд Тангудын эзэн хаан Ли Аньчюань охин Чаха гүнжийг, 1215 онд Алтан улсын өмнөх эзэн хаан Ванъянь Юнжи-гийн охин Чи-гуо гүнжийг Чингис хаанд өргөн барьсан, Аюурбарвад хаан Солонгос түшмэл Ким Шим-ийн охиныг бага хатнаа болгож байсан явдлуудтай харьцуулахад эрс өөр байлаа. Учир нь Тогоонтөмөр Ки бүсгүйд онцгой эрх дарх олгосноор Ки бүсгүй их хатан Баянхутагтай эн зэрэгцэж иржээ.

Тогоонтөмөр хааны элэнц эмэг Даги хатанд зориулж бариулж байсан "Богд мандах харш"-ийг Өлзийхутаг хатанд соёрхлоо. Энэ цогцолбор хотхон нь хааны хотын яг төв дунд орших бөгөөд олон арван харш лаврин, асар тагт, цэцэрлэгт хүрээлэн, цөөрөм бүхий ур хийц, нэр хүнд, үнэ өртгөөрөө улсын их хатан Баянхутагийн харшийг тэртээд таягдан хаяжээ. Ки хатны гэр бүлийхэн Солонгосын төрөлхи Хэнжү хотдоо аж төрж байв. Хааны хадам эгэл дорд угсаатай байж болохгүй тул Өлзийхутаг хатан тэр дороо хаанаар зарлиг гаргуулан өөрийн талийгаач эцэг Ки Жаод "Бадрангуй амгалан ван" цол, эх И эмгэндээ "Бадрангуй амгалан вангийн их үжин" цол өргөмжлүүлжээ.

И эмгэний зэрэг зиндаа Солонгосын вангаас нэг түвшнээр дээр гарах тулд Солонгосын ван зөнөг эмгэнд сөгдөн ёслодог болжээ. Ингээд цаашаа Кигийн ах нар болох Ки Чхөл, Ки Вон, Ки Жү, Ки Юн нар бүгд сурвалжит язгууртнууд болцгоон төрийн өндөр албанд томилогдлоо. Гэхдээ угийн мулгуу, балмад авиртай тэд тэр их хааны хайр энэрлийг даасангүй цэрэг дагуулан явж баян худалдааны төвүүдийг дээрэмдэн талж, нүдэнд өртсөн охидыг булаан хүчирхийлж вангийн ордны сул хатныг хүртэл булаан эдлэдэг болжээ. Вангийн нэрээр хуурамч зарлиг гарган бусдын тариалангийн талбайнуудыг хураан авч, нөхөртэй эсэхийг үл хамааран царайлаг эмэгтэйчүүдийг булаан авч наймаалан зардаг ч болж. Ванг ч дарамтлах болсон.

Энэ их доромжлолыг тэвчиж тэсэхээ байсан Солонгосын ван хуурамч найранд Ки хатны ах дүүсийг нялх хүүхэд ч үлдээлгүй бүгдийг нь хүндэтгэн залж авчраад хүйс тэмтрэн устгав. Энэ мэдээг сонсоод цочирдон гашуудсан Ки хатан их хааныг ятган, ханхүү Аюушридараар гуйлгуулан байж Солонгосын ванг алж өшөөгөө авахаар Ляодунгийн хойгоос 10 мянган Монгол, Хятад, Солонгос цэрэг хөдөлгөв. Гэхдээ хэдхэн тооны Монгол цэргүүд байсан ажээ. Солонгос жанжнаар удирдуулсан цэрэг Солонгосын хил даваад замдаа таарсан тосгонуудыг хүйс тэмтрэн, цусанд хутгаж Ки хатны захиасыг биелүүлэн урагшилсаар 1364 он 2 сарын 21-нд Солонгосын нийслэлийн хажууд отоонд орж бут цохиулав.

Солонгосын вангийн цэргүүд тарж бутарсан Юань улсын цэргийг мөрдөн хөөсөөр бүгдийг нь алж хяджээ.Ингээд Ки хатан төрсөн эх орноосоо өшөөгөө авахыг хүссэн эвлэрэшгүй дайсан боллоо.Юань улсын 100 мянган шилмэл цэргийг Солонгос руу илгээж цусанд хутгахаар зэхэж байтал Хятадад улаан алчууртны бослого хүрээгээ тэлэн хавтгайрсан тул арга буюу өш хонзонгоо тэвчив.Солонгос орныг аз ивээв.

Ки хатан төрийн хэрэгт хутгалдах нь улам их болсоор эрх ямба нь өсөхийн зэрэгцээ тансаглал нь хирээс хэтэрчээ. Түүнд үйлчилдэг хэдэн зуун Солонгос тайган, шивэгчингүүд ордноор хөлхөлдөнө. Ки хатан Аюушридар хүүгээ Монгол бүсгүйтэй биш Солонгос бүсгүйтэй ураг барилдуулахаар шийдэж Солонгосын язгууртан Квонъ Гйөм гэгчийн охинтой 1352 оны намар гэрлүүлжээ. Аюуширдарын Солонгос хатан 1362 онд хүү Майдарбалыг төрүүлсэн. 1366 оны 5-р сарын 19-нд Аюуширдард өөр бүсгүйг их хатнаар өргөмжилснийг үзвэл Солонгос хатан нь нас барсан байж магадгүй хэмээн үздэг. Товчхондоо Ки хатан өөрийн хүүдээ монгол хүмүүжил олгохыг огт хүссэнгүй. Аюуширдар Кунзийн сургаалыг судлахын зэрэгцээ багш нарынхаа урмыг хугалан дорно дахин түгэн дэлгэрсэн дияаны буюу зэн буддизмын бишрэн шүтэгч болжээ. Бүхий л тогтсон ёсуудыг удаа дараалан зөрчин суугаа Ки хатныг монгол ноёд зүгээр хараад суугаад тэвчсэнгүй, муу ёр хэмээн адлан Ки хатныг төрөөс зайлуулахыг их хаанаас удаа дараалан гуйсан ч их хаан тэдний саналыг огтхон ч хэрэгссэнгүй. Харин их хатан Баянхутаг хүү төрүүлсэнд Чингим /Хубилай хааны албан ёсны угсаа залгамжлагч хүүгийн нэрийн мөн Чингим гэдэг байсан/ хэмээх нэр хайрлажээ.

Эл явдал Ки хатан болон түүний хүү 2-ын байр суурьд сүрхий том цохилт өгөв. Тиймээс Ки хатан өөрийн хүүг угсаа залгамжлах эрхтэй болгохоор яаравчлан Тогоонтөмөр хааныг ятгажээ. Ингээд 1353 оны 7-р сарын 2-нд Аюуширдарыг хунтайжаар өргөмжилж алтан тамга соёрхжээ. Гэвч үүнийг нь баталж хас жуух олгох ёстой тэргүүн сайд Тогтох гэнэт хунтайжийг батлахаас цааргалав. Уг нь Тогтох сайд Аюуширдарыг өргөн авч өсгөсөн зүй ёсоор халамжлах хүн боловч Их хатан хөвгүүнтэй учир яахан болно хэмээн Аюуширдарыг батламжлахаас татгалзжээ. Энэ үеэр буюу 1351 оноос бүх Хятадыг хамарсан улаан алчууртны бослого дэгдсэн тул Тогтох сайд 1 сая цэргийг захиран бослогыг дарахаар нийслэлийг орхин оджээ. Тогтох сайд хэд хэдэн чухал ялалтыг байгуулан бослогыг амжилттай дарж явах зуур Ки хатан Тогоонтөмөр хааныг ятгаж Тогтохыг албан тушаалаас нь огцруулж Хятадын хамгийн өмнөд муж болох Юньнань мужид цөллөгт явуулжээ. Цөллөгт байсан Тогтоход амиа хорлохыг тушаасан эзэн хааны хуурамч зарлиг явуулж амийг нь егүүтгэсэн байна. Энэ үед Их хатан Баянхутагийн ганц хүү Чингим дөнгөж 2 ойтой байхдаа гэнэт нас баржээ.

Мөн үеэр Баянхутагийн эх нас барж давхар уй гашуу тохиолдсоноор Баянхутаг хатан уй гашууд автан улс төрөөс аажимдаа хөндийрсөн болно. Ингээд 1355 оны 4-р сарын 30-нд Аюуширдарт хас жуухыг соёрхсоноор албан ёсоор угсаа залгамжлах хунтайж болжээ. Ингэснээр Ки хатны эрх мэдэл хэмжээгүй өсөж тэрээр төрийн хэрэгт эрээ цээргүй оролцож хүү Аюуширдарыг тойрон хүрээлсэн бүлэглэлийг үүсгэж Тогоонтөмөрийг алаад төрийн эрхийг авахыг оролдох болжээ. 1350-ад оноос Тогоонтөмөр төрийн хэргээс төдийгүй Ки хатнаас хөндийрсөн нь энэтхэг түвэдийн лам нарын нөлөөнд автан Хиндү шашны Кармамудра хэмээх гаж урсгалыг дагаснаас болсон байлаа. Кармамудра нь сактам гэх энергийн урсгалаас үүдэлтэй энэ бясалгалаар арга билгийн зохицол буюу эр эмийн ёсыг хийх үедээ нирваанаас ангижрах тухай сургадаг бясалгал, його, садар самуун гурвыг хослуулсан шашны гаж урсгал юм.Ийнхүү их хаан ордны шивэгчид, язгуур сайтай ноёдыг хамарсан хаан түшмэл хамтран хурьцаж, хамаг лам нар дураараа дургиж эхлэв. Энэ бүхнийг хүлцэнгүй ажиглаж байсан Ки хатан бухимдан шашны гаж зан үйл үйлдэхийг хориглохыг оролдоход Тогоонтөмөр хаан “Эрт эдүгээ ийм үйл үйлдсэн нь ганц би биш” хэмээн уурлажээ. 

Тогоонтөмөр хаан шашны мухар сүсэгт хэт автсан тул Ки хатан хааныг зайлуулж хүү Аюуширдарыг хаан болгон хуйвалдаан зохиосон байна. Уг хуйвалдааны тэргүүн сайд Тайванд эхэлж айлдахад тэрээр уг хуйвалдааныг дэмжсэнгүй. Иймээс түүнийг огцруулж оронд нь өөрийн талын хүн болох Урианхайдайг томилуулахаар зэхсэн ч тэргүүн сайд Тайван үүнийг урьдчилж мэдээд Урианхайдайг хилс гүтгэн Шаньши мужийн Синжөү рүү цөлж, цөллөгт байхдаа Урианхайдай гэнэт үхсэнд Ки хатан, Аюуширдар нар Тайваныг сэжиглэж эхэлжээ. Ки хатан ихэд хонзогнуур хүн тул төд удалгүй Тайваныг албанаас нь чөлөөлүүлж улмаар хилс гүтгэн Түвдэд цөлөөд, цөллөгт байхад нь амиа егүүтгэхийг тушаасан хуурамч зарлиг зохион цааш нь харуулжээ.

Х.Батжаргал 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.