Сталины охины ээдрээт амьдрал

Twitter Print
2023 оны 03-р сар 06-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Сталины охин АНУ-руу дүрвэсэн өдөр

1967 оны 03-р сарын 06-ны өдөр Энэтхэг дэх АНУ-ын элчин сайдын яаманд, ЗХУ-ын хуучин “их удирдагч” Иосиф Сталины охин Аллилуева /Светла́на Ио́сифовна Аллилу́ева/ өөрийн нөхцөл байдлын талаар болон орогнол хүсч байгаа тухайгаа гараар бичсэн хүсэлт хүргүүлэв. Тухайн үеийн АНУ-ын элчин сайд Честер Боулз /Chester Bowles/ түүнд улс төрийн орогнол өгч, шинээр амьдралаа эхлэхийг санал болгов.

Сталины ганц охин тэрээр 1926 оны 02-р сарын 28-ны өдөр Москва хотноо эцгийнхээ хоёр дахь эхнэрээс төрсөн. Түүний ээж Надежда Аллилуяева мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байсан тул 1921 онд төрсөн ах Василий болон Аллилуяеваг тэдний асрагч асан Александра Бычокова өсгөсөн гэхэд болно.

1932 оны 11-р сарын 09-нд ээж нь нас барав. Хүүхдүүдэд ээж нь мухар олгойн хүндрэлээс болж өнгөрсөн гэж хэлсэн боловч тэд 10-н жилийн дараа л ээж нь тархиндаа сум зоон, амиа хорлосныг мэдсэн.

Тэрээр 1933-1943 онд Москвагийн 25-р сургуульд сурч төгссөн бөгөөд түүнд сургууль онцгой анхаарал хандуулдаггүй, бусад сурагчидтай ижил харьцдаг байсан аж.

Түүний бага нас аавтайгаа их ойр байсан бөгөөд 1942 оны 08-р сарын 15-нд Английн ерөнхий сайд Черчилл гэрт нь айлчлилсныхаа дараа “Царайлаг улаан үстэй охин аавыгаа үнсэж байсан. Тэгэхэд Сталин над руу ирмэх шиг болоход би “харвуу большевикууд хүртэл гэр бүлийн амьдралтай”” гэж хэлмээр болсон гэж.

16-н насандаа Аллилуева 38 настай Зөвлөлтийн еврей найруулагч Алексей Каплерт дурлажээ. Түүний аав энэ харилцааг эрс эсэргүүцэж, Каплерийг 1943 онд Воркута руу таван жил цөллөгт, дараа нь 1948 онд Интагийн ойролцоох хөдөлмөрийн лагерьт таван жил хорих ял оноож байв.

Аллилуева анх 1944 онд Москвагийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан Григорий Морозовтой гэрлэжээ. Түүний аав еврей Морозовтой хэзээ ч уулзаж байгаагүй ба түүнд дургүй байв. Тэд 1945 онд Иосиф гэх хүүтэй болсон ч 1947 онд салсан. Тэдний нөхөрлөл урт удаан үргэлжилсэн.

Аллилуевагийн хоёр дахь гэрлэлтийг Сталин өөрийн баруун гар Андрей Ждановын хүү Юрий Ждановтой байхаар тохиролцсон гэж болно. Хүргэн өөрөө ч Сталины ойр дотны хүмүүсийн нэг байсан. 1949 оны гэрлэлтийн дараа Аллилуева Ждановын гэр бүлтэй хамт амьдардаг байсан ба ээж Зинаида нь түүнийг байнга захирч, хянадаг байсан бөгөөд энэ бол Сталины даалгавар байв. Харин нөхөр нь ээжийнхээ талд байхаас гадна намын ажилтай завгүй тул эхнэртээ бараг цаг гаргадаггүй байжээ. 1950 онд Аллилуева Екатерина гэдэг охинтой болсон ч гэрлэлтээ удалгүй цуцалсан.

1953 онд аавыгаа нас барсны дараа Москвад багшаар ажиллаж байсан бөгөөд өөрөө уран зохиол судлахыг хүсдэг байсан ч аавынхаа шаардлагаар сурсан түүх, улс төрийн сэтгэлгээний чиглэлээр хичээл заадаг байв.

1962 онд тэрээр Сталины анхны эхнэр Като Сванидзегийн дүү Иван Сванидзетэй анх уулзсаныхаа дараа л гэрлэсэн. Тэд гэрлэлтээ сүмд батлуулсан нь Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн хэрэг байв. Сванидзе Казакстанд цөлөгдөж байхдаа ужиг өвчтэй болсон байсан тул гэрлэлт жилийн дотор дуусав.

1963 онд Аллилуева гүйлсэн булчирхайн хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байхдаа Москвад айлчилж байсан Энэтхэгийн коммунист Кунвар Бражеш Сингхтэй уулзсан бөгөөд бие биедээ сэтгэлтэй болов. Сингх зөөлөн ааштай, сайн боловсролтой ч хэд хэдэн хавсарсан өвчтэй байсан бөгөөд хамтдаа Сочид сувилалд байх хооронд тэдний харилцаа улам гүнзгийрэв. Сингх 1965 онд орчуулагчаар ажиллахаар Москвад буцаж ирсэн ч Аллилуеватай гэрлэхийг зөвшөөрөөгүй ба 1966 онд нас баржээ. Тэрээр түүний чандрыг гэр бүлд нь хүргэж өгч, ариун Ганга мөрөнд цацуулахын тулд Энэтхэг рүү аялахаар шийдсэн.

Энд байхдаа л тэрээр Зөвлөлтөөс өөр газар амьдрах нь таатайг ойлгон ЗХУ-ын элчин сайд Иван Бенедиктовоор дамжуулан Энэтхэгт оршин суух албан ёсны зөвшөөрөл хүссэн. Гэвч түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд оронд нь ЗХУ-д буцаж ирэхийг тушаасан тул тэрээр АНУ-ын элчинд хандсан.

АНУ-ын талаас ирсэн хариуг Аллилуева хүлээн зөвшөөрөв. Энэтхэгийн засгийн газар ЗХУ-тай муудалцахаас эмээж түүнийг тэр даруй Энэтхэгээс Ром руу илгээв. Онгоц Ромд газардмагч Аллилуева Швейцарийн Женев хот руу явсан ба тэдний засгийн газар түүнд 42 хоногийн жуулчны виз олгон, байр захиалж өгчээ.

Тэрээр насанд хүрсэн хүүхдүүдээ орхин АНУ-ыг зорьсон бөгөөд энэхүү үйл явдал нь дэлхий даяар томоохон шуугианыг үүсгэсэн. 1967 оны 4-р сард Нью-Йоркд ирснийхээ дараа тэрээр аавынхаа барьж байсан бодлого болон Зөвлөлт засгийн газрыг буруушаасан хэвлэлийн бага хурал хийсэн нь дайран дээр давс нэмжээ. Бага хурал дээр аавынхаа засаглалыг дэмжиж байсан эсэхийг асуухад тэрээр аавынхаа олон шийдвэрийг эсэргүүцэж байсан ч бүх хариуцлагыг ерөнхийд нь коммунист дэглэм хүлээх ёстой гэж онцолжээ.

Нууц албаны хамгаалалт дор Лонг-Айлендын Милл Нек /Mill Neck, Long Island/ хотод хэдэн сар амьдарсны дараа Аллилуева Нью Жерсигийн Принстонруу /Princeton, New Jersey/ нүүж, тэнд хүмүүст лекц уншин, номоо бичиж эхэлсэн ба дараа нь Пеннингтон мөн Висконсин руу нүүжээ.

1970-1973 онд тэрээр Америкийн архитектор Уильям Весли Питерстэй /William Wesley Peters/ гэрлэж, Ольга Петерс /Olga Peters/ (хожим нь Крез Эванс /Chrese Evans/ гэгддэг) охинтой болжээ.

Түүний ЗХУ-д үлдсэн хүүхдүүд нь холбогдодгүй байсан ба үүнийг КГБ-ийн хяналттай холбож ярих хүмүүс байсан бол зарим нь ээжийнхээ ядаргаатай зан авираас болсон ч гэж үздэг. Гэхдээ 1983 онд цаг арай зөөлөрсний дараа түүний хүү Иосиф ээжтэйгээ байнга холбоотой байж Англид уулзахыг хүссэн ч ЗХУ түүнийг энэ удаад аялахыг нь зөвшөөрөөгүй байдаг.

Аллилуевагийн АНУ дахь амьдрал баян бас ядуу байсан. Түүний анхны ном болох “Найздаа бичсэн 20 захидал” нь л гэхэд дэлхий даяар шуугиан дэгдээж түүнд 2,5 сая доллар авчирсан ч тэрээр ихэнхийг нь буяны үйлд зарцуулснаас гадна санхүүгийн мэдлэггүйн улмаас ядуурч, өрөнд орж байжээ.

1978 онд л АНУ-ын иргэн болсон бөгөөд 1982 онд охиныхоо хамтаар Английн Кембриж рүү нүүн амьдрав.

1984 онд ЗХУ-д охин Ольгатайгаа хамт очсон ба Зөвлөлт хоёуланд нь иргэншил өгсөн. Тэрээр ЗХУ-д очихынхоо өмнө английн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хоёр ертөнц яг ижил, чөлөөт ертөнцөд ч адил тэнэгүүд, хүнд сурталтнууд, төөрөлдсөн дарга нар, гаж донтнууд байдаг гэдгийг мэдэх аймшигтай байлаа. Үзэл суртал хаана ч байгаа бөгөөд зарим цагаачид үүнд нь хууртаж байна” гэсэн ярилцлага өгчээ.

Гэвч удалгүй буюу 1986 онд охиныхоо хамт ЗХУ-аас АНУ-руу нүүсэн ба энэ үедээ ЗХУ-руу орохдоо хэлсэн барууны талаарх үгсээ үгүйсгэн уучлалт гуйсан. Тэр тусмаа “баруунд "нэг ч өдөр" эрх чөлөө эдлээгүй, Тагнуулын төв газрын тэжээвэр амьтан байсан” гэх мэт үгсээ худал үг байсан аавынхаа өв хөрөнгөнөөс бага ч болов олдох найдлага байгаа байх гэж бодоод ЗХУ-д орохын тулд хэлсэн үгс гэжээ.

Түүний сүүлийн ярилцлага болох 2010 онд өгсөн ярилцлагад тэрээр “Висконсинд амьдрах үнэхээр таатай байгаагаа илэрхийлээд өөрийн эцгийг урлагийн чиглэлээр суралцахыг нь зөвшөөрөөгүй мөн анхны хайр Каплерийнх нь амьдралыг сүйрүүлж “амьдралыг минь хоёр ч удаа хоролсон”. Аав минь надад хайртай байсан. Гэхдээ тэр энгийн, маш бүдүүлэг, маш харгис нэгэн байсан” гэжээ.

Тэрээр 2011 оны 11-р сарын 22-нд бүдүүн гэдэсний хорт хавдрын хүндрэлээс болж 85-тайдаа нас барсан.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.