П.Лувсанцэрэн - НҮҮДЭЛ /өгүүллэг/

Twitter Print
2020 оны 10-р сар 06-нд 18:41 цагт
Мэдээний зураг,

Малын эмнэлгийн жижиг ногоон машин шинэхэн орсон цасан дундуур замгүй газраар ийш тийш гавшгай шарван үнэг мэт жирийж явав. Цонхоор харахад уйтгар хүрэм цагаан тал зах хязгаар нь мэдэгдэхгүй бүүдийж хааяа дэрсний бут, малын, чийр дайралдана.

Гэвч айлын бараа ер харагдсангүй. Зөөлөн цасаар шидлэн байгаа бүүдгэр тэнгэрийг харахад нуруу хүртэл тэнийлгэхгүй дээрээс дарчхаад байгаа нүсэр биетэн шиг хөглийж чээж давчидна. Машин дотор энэ машины их мэдэлтэй эзэн, малын их эмч Намжил, бага мэдэлтэй эзэн жолооч Равдан хоёр хоорондоо сав саяхан хэрэлдээд эвлэрч амжаагүй яваа янзтай үгийн солио ч үгүй урдах замаа мэлрэн ширтэж явлаа. Гэтэл хэн хэнийх нь ухаан санаа энэ зудын хар цас, бүгчим саарал тэнгэрт дарагдалгүй боддогоо бодож, санадгаа санаж явжээ.

«Жолооч хүний ажил аа гэж!... Өөрийн мэдэлгүй. Энэ цасны байгаа царай. Хэзээ нэг гэрийн бараа хардаг байгаа юм?» гэж Равданг бодож явахад «Цэвэллхам намайг өнөөдөр ирнэ гэж огт мэдэхгүй байгаа. Би гэнэтхэн очиж нэг баярлуулъя. Юу гэх бол? Болдог сон бол даруйхан нэг оронд орж айл гэр болно гэдгийг нэг үзэх сэн» гэж Намжил өөрийнхөө амьдралыг бадрангуй сайхнаар бодож явлаа. Намжил хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд энэ суманд иржээ. Ирэхдээ түр ирсэнгүй. «Ажиллана амьдарна. Арга боломж нь таарвал эхнэр ч болтугай авч өрх гэр болно. Өснө. Суурьшина» гэж бодож иржээ.

Залуу мэргэжилтний мөрөөдөл зовлон багатай бүтэж, ирсэн даруйхнаа тэр, одоогийн энэ мөрөөдөж яваа Цэвэллхам гэдэг голшиг бор бүсгүйтэй учирчээ. Цэвэллхам бол Жамбалын ууган охин. Ууганы зэрэгцээгээр бас отгон байж таарна гэж эцэг эх хоёр нь арав гаруй жил бодов. Гэтэл эдний үр хүүхэд Цэвэллхамаар отголсонгүй, түүнийг арван найман настай байхад нь жигтэйхэн чанга дуутай бас нэг охин төржээ. Үүнээс хойш Жамбал өөрийгөө өтөлсөнд тооцож «Өтөл насанд олон хүүхдэд дарагдвал дараа болно. Хүү л гарахгүй юм бол яршиг цаашаа!» гэж боддог болов оо. Ингэж Жамбалынх дөрвүүл болоод амьдарч байтал тооноор тэнгэрийн хишиг ойчив уу гэмээр болж малын их эмч нэг аятайхан цагаан залуу газрын холоос энэ нутагт ирж тэдний хүргэн болох шинж орж, хөгшдийг баясгасан нь энэ Намжил байв. Намжилын ногоон машин Жамбалын гадаа сойлттой зогсож байхыг олон хүн харж амжсаны дараахан нэгдлийн захиргааны нэг өрөөнд хоёр хүн ингэж ярилцаж суув:

— Намжил эмч маань Жамбалын хүргэн болохоор шийдлээ шүү.

— Сайн л байна.

— Юу нь сайн гэж? — Боловсон хүчин суурьшиж л байг! Жамбалын хүргэн болно гэдэг чинь нэгдлийн хүргэн боллоо гэсэн үг.

— Шинэ ирсэн залуучуудыг бүгдийг ингэж суурьшуулах гэвэл нэгдлийн маань хэдэн охин хүрэлцэхээ байна биз дээ? Энэ асуултад хариу хэлэх ёстой хүн дуугарсангүй.

— Эхнэрээр суурьшуулах гэж бодсоноос байраар суурьшуулах гэж оролдвол дээр байх аа. Хүн болгон Намжил шиг ганц чемодан бариад ирээ ч үү? үгүй ч үү? Ер нь Намжилдаа өөдтэйхөн байр олж өгөх юмсан. Намжилын тухай иймэрхүү яриа мэр сэр гарсаар байв. Энэ яриа ч яах вэ.. Залуу эр эм хоёрыг анх ойртоход тэмээ үзсэн хотын хүүхэд шиг нэг хэсэгтээ шуугилддаг нь нийтийн жам. Гэр бүл болно гэдэг будлиант явдлыг урьд маш их хаширлан боддог байсан Намжил энэ Цэвэллхамтай дэр нийлэх болсноосоо хойш «Эхнэр авна гэдэг ч цагаа тулахад амархан л монди байна даа. Ламзав багшид шүүлэг өгөхөөс л амар болж таарлаа» гэж бодож байжээ. Гэвч Цэвэллхамыг эхнэр гээд сумын төв дээр, тохь муутай ганц өрөө байрандаа аваад ирье гэж зориглон бодож тун чаддаггүй байв. Яагаад ч юм, эцэг нь явуулахгүй юм шиг санагдаад байсан тул Намжил одоохондоо эхнэртэй болох шав тавьснаас биш, эхнэртэй болсон хэрэг биш байлаа.

* * *

Гурав хоног цас оров. Дөрөв дэх өдөр нь өглөөгүүр тэнгэр цэлмэх янзтай байснаа үдээс хойш цас дахиад орлоо. Жаврын эрч өвлийн янзаар. Богино хөлийн мал бэлчээрт гарч чадахаа бараг болив. Малчдын сэтгэл түгшиж хараал ерөөл хэлж, өглөө бүр тэнгэрийн орой хаяа ажиглана. Тачир ургацтай талын бэлчээрт бараг мал бөхийх юмгүй болж, өвсний өнгөнд шаргалтан харагддаг байсан хөндий хоолой, дэнж толгод нилдээ цавцайн цайж, нүд халтирна. Шуурга болох янз огт байхгүйг бодвол цас орж дуусах, бас л болоогүй байгаа бололтой. Хэчнээн хоног ч юм ингэж цас орж дараа нь хүйтэн шуурга залгана гэж бодоход энэ нутаг хангайд хэв хэзээнээс шүтэж амьдарсан хүн мал аврах авралгүй аюултай учрахад тулсан санагдана. Хүн бүрийн сэтгэлд «Яах вэ» гэдэг ганц бодол байлаа. Зарим нь «Өнгөрлөө!» малынхаа аль чөмөгтэйг нь нядлаад авъя гэж хэлнэ. Зарим нь «Нэг хэсэг малаа гаргуунд нь хаяад нөөцөлж бэлдсэн тэжээлдээ тохирох хэдэн малыг тордож малынхаа хагасыг ч болов авч үлдье» гэнэ. Хүн хүн нэг нэг бодолтой байв. «Яавал яаг» гэж цөхөрсөн хүн ч байв. Сум орны байдал ийм болсныг улс орон даяар мэдэж байлаа.

Энэ нутгийнхан, зарим хүмүүсийн бодож байсан шиг, ганцаардаж сандарсан улс ч биш байв. Эх орны зүрх судас цохилдгоороо цохилж, хамгийн зах хязгаар нутгаа хүргэл нэгэн амьсгалаар амьсгалж, өвс тээвэрлэсэн машинууд зуд болсон нутаг руу өдөр шөнөгүй цувсаар байв. Нэгдлийн захиргаа зудын байдлыг харгалзан, аймгийн фондоос авсан өвсийг голчлон хойд чигийн сууриудад хүргүүлж, тэжээл хүргээд өгье гэхэд машин очиж болохгүй цөөвтөр суурийг машин зам руу ойртуулж нүүлгэв. Гэвч өвс хүрэлцэхгүй, машин хөсөг дутагдсаар байлаа. Иймээс мал нь овоо тарга хүчтэй, даруйхан нүүлгэж амжвал, зэргэлдээ сумын бэлчээр сайтай нутаг бараадуулж болох өмнө чиглэлийн бүх суурийг яаралтай нүүлгэж эхэлжээ. Намжил эмчийн ирээдүйн хадам, Жамбалынх чухам энэ хэсэгт хамаарагдах суурь байлаа. Өндөр өндөр өвс ачсан, машинууд ирээд малчдын өвөлжөөн дээр нэвсийтэл буулгаж байгаа гэдэг сураг дуулаад «Улс гэдэг сайхан юм даа.

Урьд хэзээ ийм байлаа» гэж айл саахалтынхандаа их л бахархан ярьж, аятайхан инээмсэглэж явсан Жамбал гэнэт «даруй нүүж Цахиуртын өврийн өвөлжөөнд буу! Танай суурьт өвс өгч чадахгүй боллоо» гэсэн бичиг бригадаас аваад урам нь нэгмөсөн хугарчээ. Энэ бичгийн дараагаар «Нүү! нүү!» гэж зай завсаргүй шаардаж байгаад адаг сүүлд нь «Танайхыг нүүлгэхээр ирлээ» гэсээр нэгдлийн машин үдээс хойхон давхиж ирээд гадаа нь зогсжээ. Жамбал бодолд автан галынхаа захад мод зорж суугаад:

— Би дулаан өвөлжөөнөөсөө гарч чадахгүй ээ. Бүл чадал ч алга. Ядахдаа эхнэрийн зүрх дэлсээд бараг хэвтрийн хүн болоод байна гэж үглэжээ. Өнгөнөөс харахад хүүхэд шиг арчаагүй харагдах энэ гэмгүй бараан нүүрийн цаана настай хүний хашир ухаанаар бодчихсон хэдэн учир байв. Тэднийх дулаан өвөлжөөнөөсөө гараад энэ жавар цасан дундуур нус нулимсаа гоожуулан зутарч нүүдэл хийхээс зүрхшиж төвөгшөөж байв. Тэнгэрийн муу гардаг гэдгээр цас орсон нэг өдөр байхад арилах нэг өдөр байх байлгүй. Нэгдлийнхэн хэт сүржигнэж байна гэж хаширлаж байлаа. Бас хувьдаа бод голдуу цөөвтөр малтай болохоор багашаархан зуд болоход тэр хэдэн малд төдий л их аюул, болохгүй гэдгийг санаж байв. Н

эгдэл өмч хөрөнгөө хамгаалж зарим суурьт машин машин өвс өгсөн мөртөө манайхыг болохоор заавал нүүлгэж бидний үйл тамыг үзэх гээд байдаг нь юу юм? гэж нэгдлийн захиргаанд бас тунирхаж байлаа. Эцэст нь манай бригадыг нүүлгэх янзлах ажлыг Намжил хариуцаж яваа болохоор эрхбиш хүргэн хүн байна, биднийг өмгөөлж хамгаална биз гэж найджээ. Эднийхийг нүүлгэхээр ирсэн жолооч Тоомой «Нүүж чадахгүй» гэсэн Жамбал өвгөний яхир үгийг сонсоод сэтгэл нь ихээ тайвширсан янзтай, хар хурган малгайныхаа оройноос шүүрэн авч, гэрийн хоймор шидчихээд галын ойролцоо завилан суув. Жамбалын эхнэр Наянтай, хөлдүү мах цавчин охин Цэвэллхамын хамт хоол төхөөрлөө. Үдшийн бүрэнхий болж, хотын ноход алсын чимээ анирлан, хий хуцсаар байв. Гурил элдэж дууссан Цэвэллхам, гадаа гарч гэрийн үүднээс холдолгүй хэсэгхэн зогсоод,

— Тойрмын үзүүрээс гэрэл гараад байна. Машин ирж яваа бололтой гэсээр дуу шуутайхан орж ирлээ. Түүний энэ цовоо дуу, сэргэж баяссан хурц хар нүд, гэрт орж ирмэгц хувцсаа солихоор шар дурдан бүс санд мэнд тайлж байгааг харахад баярласнаа нууж чадахгүй байгаа нь илт. Тоомой жолооч түүнийг ажиглан, амаа дутуухан ангайгаад нүдээрээ инээмсэглэж суув. Удсан ч үгүй, мал эмнэлгийн жижиг ногоон тэрэг Жамбалын гэрийн үүдээр хошуугаа цухуйлгах шахан зогсож, хаалга тас нясхийн хүн буух чимээ дуулдлаа. Гэрт Намжил түрүүлж, жолооч нь түүний араас даган орж ирэв.

* * *

Хадмындаа ганц хоног сайхан амраад буцах санаатай ирсэн Намжил энэ гэрт сууж байгаа хүмүүсийн баяргүй бараан царайг харж анх гайхсан боловч учрыг амархан таамаглав. Хамаг юм нүүдлээс болжээ. Жамбал өвгөн Намжилтай мэнд амрын зөрөөнөөс цааш олон юм ярьсангүй. Мөн Намжил руу нэг ч удаа эгцэлж харсангүй, доош ширтэн суув.

— Заа аль хир зутарч байна? гэж Намжилыг асуухад,

— Байж л байна гэв. Нүүлгэх машин нэгдлээс олж өглөө гэж баярласан шинж түүнд байсангүй.

— Биднийг харж үздэг хүн байвал хармаар л байна. Нүүдэл хийх чадал тэнхээ манайд даанч алга гэж Жамбалын эхнэр Наянтайг ярьж эхлэх гэтэл,

— Заа, за дуугүй бай! гэж Жамбал зандраад болиулчхав. Ингээд жаал дуугүй сууцгаав. Гадаа цас орсоор байгаа ч хоол хийсэн галын илчинд гэрт дулаан тохилог байлаа. Авдар, шалны өр хоёр дээр асаасан хоёр лааны гэрэлд хүмүүсийн дулаацаж хүрэнтсэн нүүр царай, унь хана, авдар, хөшиг цөм чимээгүй гэрэлтэн харагдаж, хуурай зайгаар ажиллаж байгаа хүлээн авагч юу ярьж байгаа нь тод мэдэгдэхгүй шажигнан шивгэнэнэ.

— Тэргээ нэг асаая уу даа. Гадаа хүйтэн байна гээд Тоомой жолооч ухасхийн босож гарлаа. Цэвэллхам авдрын өмнө лааны гэрэл дор ном бариад уншсан болж суух зуур нүднийхээ булангаар Намжил руу үе үе дулаахан харж үл мэдэгхэн инээмсэглэнэ. Равдан жолооч илүү гэрт унтахаар гарч, Жамбалын гэр бүлийнхэн халуун амиараа үлдэв.

— Нүүлгүй л болохгүй болоод байна даа. Би Эрдэнэтийн өвөр, Улаан давааныхныг бүгдийг нь нүүлгээд ирлээ гэж Намжил яриа эхлээд нэгдэлд өвс хүрэлцэхгүй байгаа, машин тэрэг ч дутагдаж байгаа хамаг учрыг бүгдийг ярив. Түүний яриаг тоож анхаарч байгаа шинж Жамбалд байсангүй. Гадаа ачааны машин асаж, мотор нүргэлж эхэллээ. Жамбал нүүхээс юунд ингэж дургүйцээд байгаагийн учрыг Намжил ер ойлгосонгүй.

— Нэгдлийн энэ олон мал сүйд болж мэднэ шүү гэв. Хэн ч хариу хэлсэнгүй Нэгдэлдээ нэр хүндтэй, шалмаг гавшгайд тооцогддог, бас «Нэгдлийнхээ буянаар сайхан амьдарч байна» гэж ярих дуртай энэ өвгөн гэнэт яагаад ийм буруу ишилсэн сүх шиг болчихсоныг ойлгож ядахдаа Намжил яриа Өдөх санаатай Цэвэллхам руу харж,

— Сүрхий зуд болох шинжтэй байна шүү гэв. Цэвэллхам:

— Харин цас ороод л байна гэснээс өөр юм хэлсэнгүй. Эцэг эх хоёр нь өнөөх л үг дуугүй хэвээр. Ачааны машин хэд сүрхий орилоод чимээ алдав. Намжил яагаад ч яриа өдөөж эцэг эх хоёрын сэтгэлийг өөд татаж чадсангүй. Гэтэл Жамбал гэнэт галынхаа зах руу шүлс хаяад:

— Нэгдэл энэ малаа мэнд дээр нь биднээс салгаж авдаггүй л юм байх даа. Бүл чадалгүй улсад найдаж байгаад энэ мал үрэгдвэл хайран л болмоор юм гэв.

— Аав аа энэ чинь юу гэсэн үг вэ? Хаа сайгүй бүл чадал мөхөстөөд байна шүү дээ. Харин ч манайх арай дээр байна гэж Намжилыг хэлтэл,

— Заа! Намжаал боль! боль! гэж Цэвэллхам гэнэт ярианд оролцож «Чи манайхыг, манайх гэж боддог юм бол энэ хоёр хөгшнийг битгий зовоо» гэв.

— Би зовоохдоо яагаа вэ? гэтэл,

— Зүгээр унтацгаая! гэж хэлээд Цэвэллхам босож ор засаж эхэллээ. Энэ шөнө Намжилын нойр хүрсэнгүй. Цэвэллхамыгаа ч анхных шигээ элэгсэг энхрийлж чадсангүй. Бүл чадлын хувьд яривал нүүх байтугай юу ч хийж чадах чадал хүч эдний суурьт байгааг тэр мэднэ. Ер нь л нэгдлээ гэх сэтгэл хомс байгааг ухаарав. Аман дээрээ нэгдэл минь гэж ярих дуртай мөртөө яг хатуу цаг тулахаар амиа хичээдэг улс байдгийг бодон бодон уур нь хүрэв. Аягүй бол «нэгдлийн зургаан хонийг зааз хониор солиод нэмрийг нь Жамбал өөрөө авч байсан» гэдэг яриа ч үнэн байх гэж бодлоо. Хадам минь, эхнэр минь гэж бодолгүй яах вэ. Гэсэн ч эднийхийг нүүлгэхгүй бол тун боломгүй санагдана. Сүүлд зөндөө мал үхчихвэл хэн хариуцах вэ?! Хариуцлага нь яах вэ гэх нь ээ ч тэднийхийг нүүлгэхгүй бол сэтгэлд огт арилахгүй нэг том хар юм хоцорчихмоор санагдаад болсонгүй.

— Цэвэллхам минь ухаарч үз! Аюул болох гээд байна. Би саяхан сургууль төгссөн хүн. Шинэ амьдрал маань эхнээсээ аваад хар мөргүй ариун байгаасай гэж хүсэж байна. Чи миний хань шүү дээ гэтэл Намжилтай адил бодол бодон сэрүүн хэвтсэн Цэвэллхам:

— Чи миний хань юм уу? мэдэхгүй гэж хэлээд санаа алдан цааш харж хэвтэв. Энэ маань арай ингээд бүрмөсөн цааш харчих хүн биш байгаа гэж Намжил бодов. Арай ч үгүй байлгүй гэж бодоод Цэвэллхамыг өөр рүүгээ харуулах гэж оролдтол «Яах гээд байгаа юм бэ?» гэж чанга дуугаар хэллээ. Зориуд эцэг эхээ дуулаг гэж бодож байгаа бололтой. Энд Намжил санаа алдах ээлж болов. Хэдэн сар баяртай тэнүүн явсан амьдрал руу нь үүл нөмрөөд ирэх шиг санагдлаа. Хамаг юм ингээд дуусна гэж үү? гэж Намжил өөрөөсөө асуугаад харанхуйн дунд дээшээ харж нэг хэсэг хэвтлээ. Ачааны машин асаж байгаа дуулдлаа. Энэ чимээг сонсоод «Хонь мал үргээсэн хаашаа тавтиргүй амьтан бэ?» гэж Жамбал орон дотроо үглэж байгаа дуулдана. «Хүнд дасах сэтгэл гэж үүнд байна уу? Эсгүүл надад тийм сайхан итгэж хууртмаар хоосон зан гаргаад явсан юм уу?» гэж Цэвэллхамын тухай Намжил бодон орон дотроо өндийн түүний нүүрийг гараараа тэмтрэн илж үзтэл хацар шанаа нь шал нойтон байв. Дэр нь хүртэл норжээ.

— За битгий уйл! гээд Намжил түүний хацар нүдийг дахин дахин үнсэж аргадав. Цэвэллхам юу ч хэлэлгүй өрөөсөн гараараа Намжилын хүзүүгээр зуурч байгаад гомдсон хүүхэд шиг нулимсаа залгин уйллаа.

— Чи надад гомдсон уу? гэж Намжилыг асуутал,

— Үгүй! Гомдоогүй гэв.

— Хайртай юу? гэтэл

— Хайртай гээд нулимсаа арчсаар өндийж хучлагаа засаж аваад дахин хэвтэв. Намжил унтъя гэж хэчнээн бодоод тун унтаж чадсангүй. Албан үүргээ гүйцэтгэж явахад хүргэн хүний ёсыг төдий хэмжээгээр, тэгж сахих ёстой гэсэн тогтоол хэмжээ байхгүй. Аль аль нь чухал зүйл. Сайн бодвол энэ хоёрын хооронд бас харшлаад байх ч юмгүй шиг. Эднийх үг дуугүй нүүчихвэл нэгдэлдээ ч ашигтай, өөрсдөдөө ч амар баймаар. Бодоод байхад ер нь л нүүдлээс залхуурч төвөгшөөснөөс өөр шалтгаан огт байхгүй санагдана. Хэрэв энэ таван зуугаад хонь нэгдлийн биш, өөрийнх нь байсан бол хэчнээн хэцүү түвэгтэй байсан ч нүүх л байсан даа. Монгол хүн хэзээнээс малынхаа төлөө өвлийн жавар, зуны нар, цас бороо, салхи шуурган дундуур амь тавин зүтгэсээр ирсэн заншилтай. Тэр зүтгэл заншил одоо хаана байна? Малчид маань нэгдлийн гишүүд болсноос хойш хамаг ажлаа нэгдэлд найдаж баахан цалгар амарлингуй болоо юм уу даа гэж санагдмаар. Гэвч үгүй ээ! Хичээнгүй ажиллаж сайхан амьдрахын үлгэр жишээ болсоор яваа хүмүүс зөндөө байна. Гэтэл эднийх гэж энэ! Харин ч Намжилыг хүргэнээ гэж бодсон бол хамгийн түрүүн гялалзтал нүүж хавь ойрын амьтанд үлгэр жишээ үзүүлээд өгмөөр. Гэтэл тэгдэггүй. Энэ хүмүүсийн сэтгэл цаагуураа нэг л биш. Хүйтэн. «Аргалж аргадаж үзье. Болохгүй бол эвдрэлцэж дээ, яая гэх вэ. Цэвэллхам л надад сайн хэвээрээ байх юм бол эцэг эхтэй нь эвдрэлцсэн ч аяндаа эвлэрэх байлгүй. Гэр бүлийн дотор аль маргаан зөрөө гарч байхыг тэр гэх вэ». Энэ бүхнийг эргэцүүлэн бодож бодож үүр шахуулаад Намжил хар дарсан зовуурьтай нойроор хэсэгхэн зуур зүүрмэглэв. Гэтэл гэнэт нөгөөх «хонь мал үргээдэг» дуугараад тэртэй, тэргүй хөнгөн байсан нойрыг эргэж ирэхгүй болтол үлдэн хөөв. Машины мотор нэг хэсэг тээ чичрэх мэт дүнгэнэж дүнгэнэж, Тоомой жолооч уур нь хүрсэн бололтой, хэд хүчтэй нүргүүлээд чимээ алдлаа. Өглөө цас орохоо больсон байв.

Гэвч тэнгэр бүрхэг хэвээр. Ханатал унтаж бие амарсан хүмүүсийн нүүр царай гялалзан, Намжил, Цэвэллхам хоёр бие биеийнхээ нэрээр дуудан цовоо ярилцаж их л баяртай сайхан өдөр эхлэх шиг болов. Жамбал Наянтай хоёр ч өчигдрийнхийгөө бодвол царай нь илт сэргэсэн харагдана. Санаагаар болдог сон бол өчигдрийн явдлыг юу ч болоогүй юм шиг мартчихаад хамаг юм цөм хуучнаараа эвтэй сайхан болчихсон, энэ л хэвээрээ байж байгаасай гэж хүсүүштэй байлаа. Гэвч амьдрал гэдэг хүний сэтгэл шиг тухай тухайн байдлаар хувьсаж байдаг эд биш болохоор Намжилд албан ажлаа бодохоос өөр арга байсангүй.

— Аав аа тэгээд нүүх үү? Би та нарыг нүүлгэлцээд өгмөөр байна. Шинэ нутаг бараадахгүй бол тун болохгүй гэж Намжилыг хэлмэгц Жамбалын зовхи дахин буужээ. Данх тогоо шаазан халбага цөм чимээгүй болчих шиг боллоо. Хэдэн минут өнгөрлөө. Гэтэл хурган дээлийн ханцуй дотор гараа зөрүүлж орон дээр сандайлаад, Намжил Жамбал хоёрыг ээлжлэн харж суусан Цэвэллхам гэнэт инээмсэглэн:

— Аав минь нүүе. Шинэ нутаг бараадахгүй бол болохгүй гэж их эмч тушааж байна шүү дээ. Одоохон оронгоо буулгаад аччихъя! Нүүе! Шинэ нутаг бараадъя! Нүүлгүй яах вэ! Дарга тушааж байхад... Харин аав та нэгдэлд найман зуу гаруй төгрөг тушаана шүү. Машин хүлээлгэсний зардлыг цаг тутам 100 төгрөгөөр бодож төлүүлнэ гэж Намжил эмч надад хэлснийг харин танд хэлчихье. Олон таван үггүй нүүнэ гээд дуудасхийн бослоо. Мөнгө төгрөгийн талаар юу ч дурсаж яриагүй Намжил энэ үгийг сонсоод,

— Төлүүлсэн ч болно доо гэчхэв.

— Төлнө, төлнө, эмч минь! Санаа зоволтгүй гэж Цэвэллхам инээмсэглэн хэлээд шууд гадагш гарч гэрийнхээ оосрыг тайчиж эхэллээ. Намжил Жамбал хоёрыг хэдэн үг солилцож суутал Цэвэллхам буцаж орж ирээд:

— Аав аа та битгий олон юм яриад байгаач! Та ямар хүний төлөө амьдарч яваа биш. Намжил чи ч гэсэн яв! Чи улсын ажил хариуцаж яваа болохоос биш, эхнэр эргүүлэх ажилтай яваа биш! Яв яв! Бид аргалаад нүүчхэж дөнгөнө. Нүүлгэлцэнэ барина гэж сэтгэлээ зовоосны хэрэггүй. Харин торгууль төлбөртэй ч гэсэн машин олоод өгсөнд чинь баярлалаа. Гялайлаа. Одоо яв яв! Таны албан ажил чинь сүйд боллоо гэхэд Намжил

— Явна даа! Харин машин битгий их саатуулаарай! гээд босов.

— Саатуулж байх аа бид мэднэ ээ. Хорин цаг саатуулаад хоёр мянган төгрөг төлсөн ч өнөөдөртөө манайх чадал байна. Чи эндээс түргэхэн явж үз! Бидний ажилд ч бүү саад бол! Цаад ажил чинь хөөрхий болох нь. Таныг энд хэрүүл хийж хөгшид хүүхнүүдтэй орооцолдож суусан гэж тэнгэр хангай өршөөхгүй байлгүй гээд Цэвэллхам авдраа уудлан дээл бүс, малгай алчуур гарган шидэлж эхлэв.

— Хөөгөөд байгаа бол явна даа гээд Намжилыг үүд рүү эргэтэл Жамбал:

— Манайх тэгээд цаг тутам зуун төгрөг төлөх ёстой болж байна уу? гэж асуув.

— Аав юу дэмийрээд байгаа юм бэ? Төлөхгүй яадаг юм? Улсын техник өч төчнөөн цаг саатуулчхаад... Намжил минь чи зүгээр замаараа орж үз! гэсээр Цэвэллхам Намжил руу нөмгөн алхалж ирээд,

— Олон юм ярьж бидэнд бүү саад болж үз! Ярих дур чинь хүрээд байгаа бол зуд өнгөрч зун ирсэн аажуу уужуу цагт ирээд арван цагаар ч хамаагүй яриарай! Тэртэй тэргүй бид машины торгуульд орсон улс. Та улам л саатуулахын нэмэр. Бушуухан явж үз! Явж үз! гэж Намжилын хажуу руу түлхэн үүд рүү түрэв. Нүүдлийн яриа маргаан үүгээр дууслаа. Жамбалынх тэр өдөртөө нүүж, Намжил говь нутгаар сууриуд хэсэж хоёр хоног явах зуураа Цэвэллхамтай хамт өнгөрөөсөн хэдэн сарын цэнгэл жаргалаа эхнээс эцсийг хүртэл нэгд нэггүй боджээ. Намжил сумын төвд муу байрандаа эргэж ирээд шавар пийшинд гал түлж, данхтай дайныхаа буцлахыг хүлээн суух зуур, «Амьдралын эрхээр амь амиа хичээх санааг тавь жаран жил сэтгэлдээ шингээсэн өвгөд хөгшид байтугай ханиа болгох гээд хажуудаа хэдэн сар дагуулж явсан хориодхон настай ганц бүсгүйг өөртөө татаад авч чадсангүй юү дээ.

Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих шинэ монголын залуучууд гэж уг нь биднийг л хэлж байгаа байх даа!» гэж эргэлзэж суув. Гэвч Цэвэллхам Намжилтай сэтгэл нэгтэй байсандаа, эцгийнхээ эвийг олоод нүүлгэж чадсаныг Намжил ухаарч байв. Цагийн зуун төгрөгийн торгуультай машин ч тэр биш байлаа. Хүнийг баярлуулж чаддаг шигээ бас айлгаж чаддаг чадал мөнгө төгрөгт байдгийг эцгийнхээ гараар хүмүүжсэн Цэвэллхам мэддэг байжээ. «Шинэ амьдрал маань эхнээсээ аваад хар мөргүй ариун байгаасай гэж хүсэж байна» гэсэн Намжилын үг ч Цэвэллхамын чээжинд байж л байв.

1969-XI

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.