
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвар авсан иргэдтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хомсдол үүссэн гэдгийг мэдэгджээ.
Тэрээр коронавирусын халдварын дэгдэлт оргил үедээ хүрээгүй учраас иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүссэн байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Оросын эрх баригчид хөл хорионы дэглэм тогтоосон ба хөл хорионы дэглэмийг ирэх сарын 11 хүртэл сунгажээ. ОХУ-д коронавирусын халдвар авсан 93 мянган тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын улмаас 867 хүн нас бараад байгаа билээ. Владимир Путин, "Өмнөхтэй харьцуулахад халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч энэ нь хангалтгүй байна.
Үйлдвэрлэл болон импорт нэмэгдсэн ч хомсдол үүссэн хэвээр л байна." хэмээн онцолжээ. ОХУ өнгөрсөн 3-р сард өдөрт 3000 халдвар хамгааллын хувцас үйлдвэрлэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 100 мянгад хүрсэн ба амны хаалтны үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэж, өдөрт 8.5 саяыг үйлдвэрлэж эхэлжээ. Ерөнхийлөгч В. Путин хэлж байгаагаар ОХУ-ын засгийн газар коронавирусын халдварын тархалтыг бууруулж чадсан ч хөл хорионы дэглэмийг дахин 2 долоо хоногоор сунгах шаардлагатай байгаа аж.
Түүнчлэн тэрээр хөл хорионы дэглэмийг шат дараалалтайгаар сулруулах зөвлөмжийг ирэх сарын 5 гэхэд өргөн барих үүргийг засгийн газарт өгчээ. ОХУ-д коронавирусын халдвар авсан нийт иргэдийн тал орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэдгээрийн 20 мянга гаруй нь нийслэл Москва хотод эмчлүүлж байна. Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригчид зэвсэгт хүчний хүрээлэн, экспо төв зэргийг түр эмнэлгээр ашиглаж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.