AstraZeneca компанийн вакциныг 65-аас дээш насныханд тарихгүй байхыг зөвлөжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын Вакцинжуулалт хариуцсан хороо AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакциныг 65-аас дээш насныханд тарихгүй байхыг зөвлөжээ.

Германы нийгмийн эрүүл мэндийн гол байгууллага болох Роберт Кохын нэрэмжит институтын дэргэдэх Вакцинжуулалт хариуцсан хороо AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин нь 65-аас дээш насныханд хэрхэн үйлчилдэг талаарх судалгаа нь хангалтгүй гэж үзэж байгаа аж. Германы Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины клиникийн туршилтанд 65-аас дээш насны хүн цөөн тоогоор оролцсон учраас тус вакцин нь дээрх насны иргэдийг коронавирусын халдвараас хэдэн хувийн үр дүнтэйгээр хамгаалах, аюулгүй эсэх талаар дүгнэлт гаргахад хангалтгүй хэмээн онцолжээ.

Тийм ч учраас тус вакциныг 18-64 насны хүмүүст тарих нь зохистой гэжээ. AstraZeneca компанийн зүгээс коронавирусын эсрэг вакцин нь 65-аас дээш насныхныг коронавирусын халдвараас үр дүнтэй хамгаалж байгаа нь сүүлд хийсэн клиникийн туршилтаар тогтоогдсон хэмээн мэдэгдсэн байна. AstraZeneca компанийн хувьд үүнээс гадна вакцины нийлүүлттэй холбоотой маргаанд холбогдоод байгаа билээ. Тодруулбал AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлт удаашралтай байна хэмээн Европын холбооноос буруутгаж байгаа юм. AstraZeneca компани үйлдвэрлэлийн явцад гарсан бэрхшээлийн улмаас Европын холбооноос шаардсан хэмжээгээр вакцин нийлүүлж чадахгүй гэсэн бол Европын холбооны өмнөөс захиалга хийсэн Европын Холбооны зөвлөл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн AstraZeneca компани шуурхай байдлаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх арга зам олох шаардлагатай гэжээ.

German officials say AstraZeneca vaccine shouldn't be given to over-65s, citing  lack of data - CNN

Европын холбоо нь AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины 300 сая тунг захиалсан ба нэмэлтээр дахин 100 сая тунг худалдан авах гэрээ хийсэн ба Европын Анагаах ухааны агентлаг энэ баасан гараг гэхэд тус вакциныг хийх зөвшөөрлөө өгөх аж. ХБНГУ, Испани зэрэг Европын холбооны зарим улс орнууд коронавирусын эсрэг вакцины хомсдолд оржээ. Үүнтэй холбоотойгоор Испанид коронавирусын эсрэг вакцины эхний тунд иргэдийг хамруулах ажлаа зогсоосон ба үлдсэн цөөн тооны вакцинаа эхний тунгаа хийлгэсэн иргэдийн 2 дахь тунг хийхэд ашиглах гэнэ.

Америкийн Moderna болон Pfizer/BioNTech компаниудын коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлт мөн удаашралтай байгаагаас Францын зарим мужуудад болон Парис хотод иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил мөн хойшлогдох эсвэл цуцлагдах эрсдэлд орсон талаар Францын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.