
"АМИТАБА"
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайг чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, бүсгүй янаглах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ?
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулгатайг мэдрэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдөгийг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг шүлгийг үрдэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнцийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах…
Данзангийн Нямсүрэн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.