Ким Жон Ун Оросын агаарын нисэх хүчний орчин үеийн техниктэй танилцжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 17-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт Ким Жон Ун барууны хоригт орсон Оросын сөнөөгч онгоцны үйлдвэрт зочилсон бол өнгөрсөн бямба гарагт Владивосток хотын Кневичи нисэх онгоцны буудалд зочилж, оросын агаарын нисэх хүчний орчин үеийн техниктэй танилцжээ.

Онгоцны буудалд Ким Жон Уныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүндэт харуулын хамт угтан авсан байна. Батлан хамгаалахын сайд С. Шойгу Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Оросын цөмийн агаарын хүчний гол тулгуур гэгддэг стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95, Ту-22М3 онгоцнуудыг танилцуулжээ.

Түүнчлэн Хойд Солонгосын удирдагчид цөмийн болон энгийн толгойгоор цэнэглэгдэх чадвартай дуунаас хурдан "Кинжал" пуужин тээвэрлэгч дуунаас хурдан МиГ-31И сөнөөгч онгоцыг үзүүлсэн байна. "Кинжал" пуужин нь 480 хүртэлх килограммын жинтэй толгой цэнэг даах, 1500-2000 км зайд байгаа байг онох, дууны хурднаас 10 дахин хурдлах чадвартай аж.

Түүнчлэн Ким Жон Ун Владивосток дахь ОХУ-ын Номхон далайн "Маршал Шапошников" флоттой танилцаж, орчин үеийн пуужингийн хяналтын системтэй танилцсан байна. Владивосток хотноо айлчлах үеэрээ Ким Жон Ун Санкт-Петербургийн Марийнский театрын дэглэсэн "Нойрсож буй гүнж" балетын эхний актыг үзэж сонирхсон байна.

РИА агентлагийн мэдээлснээр Хойд Солонгост ОХУ-аас суугаа элчин сайд Александр Мацегора сэтгүүлчдэд Ким Жон Уны айлчлалын хөтөлбөр маш давчуу, ОХУ дахь айлчлал нь хэд хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна хэмээн ярьжээ.

Өнгөрсөн баасан гарагт Сөүл, Вашингтон хоёр Хойд Солонгос-Оросын цэргийн хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Пхеньяны эсрэг тогтоосон хоригийг зөрчсөн үйлдэл болно гэдгийг анхааруулж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Хойд Солонгосын удирдагчид тал зассанаар Вашингтон болон Азийн түнш орнуудаа мухардалд оруулахын зэрэгцээ Украинд дайтаж буй зэвсэгт хүчнээ зэр зэвсгээр хангах боломжтой болж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Вашингтон Пхеньяныг Москвад зэр зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгасан ч үүнийг батлах баримт нотолгоо одоогоор байхгүй байгаа билээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үеэр Украинд болж буй дайн, хоёр орны харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сэдвүүдийг хөндсөн ба ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Москва олон улсын ямар ч журам тогтоолыг зөрчихгүй гэдгийг онцолж, Хойд Солонгостой харилцаагаа гүнзгийрүүлсээр байх болно хэмээн мэдэгдсэн юм.

В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Д. Песковын мэдээлснээр уг айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд ямар нэг албан бичигт гарын үсэг зурахыг төлөвлөөгүй аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.198) 2023-09-18 15:09
      • 0
      • 0

      ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

      Хариулах