
Хонгконгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Хонгконгийн баян чинээлэг иргэд тодорхой хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөр улс оронд оршин суух виз хүсэх нь нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд онцолж байна.
Дэлхийн олон улс орнуудад улсад нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд оршин суух виз олгодог тогтолцоо байдаг. Тус улсын иргэн мэт эрхийг олгох уг визийг авахын тулд гадаадын иргэн тухайн улсаас үл хөдлөх хөрөнгө, засгийн газрын бонд худалдаж авах эсвэл засгийн газарт нь тодорхой хэмжээний мөнгөн хандив өгдөг аж. Хонгконг дахь нөхцөл байдал хурцдсанаас хойш Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгоос гадаадын орнуудад хөрөнгө оруулалт хийж, виз хүсэх явдал эрс нэмэгдсэн болохыг цагаачлалын үйлчилгээ үзүүлдэг хэд хэд компаниуд онцолжээ.
Хонгконгд үүссэн нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор тус хотын чинээлэг иргэд өөр улс оронд оршин суух боломж эрэлхийлэх болсон байна. Тэгвэл Хонгконгийн чинээлэг иргэд Европын холбооны орнууд тэр дундаа Ирланд, Португал, Мальта зэрэг улс орнуудаас виз хүсэх нь нэмэгджээ. Хонгконг дахь Жон Хү Мигрэйшн Консалтинг компанийг үүсгэн байгуулагч Жон Хү өнгөрсөн 6-р сараас хойш Ирландад оршин суух визний 30 хүсэлтийг бүрдүүлсэн тухайгаа ярьжээ.
Түүний хэлж байгаагаар Ирланд улсад оршин суух виз хүсэгч нь Ирландын аж үйлдвэрийн салбарт хамгийн багадаа 500 мянгаас 1 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх ёстой аж. Хонгконг дахь цагаачлалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Артон Капитал компаниас мэдээлж байгаагаар Хонгконгд эмх замбараагүй байдал үүссэнээс хойш өөр улс оронд орших суух виз хүсэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн ба чинээлэг хонгконгчууд Португал улсыг сонгох нь элбэг байсан гэнэ.
Тус компаниас мэдээлж байгаагаар Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн үнэтэй харьцуулахад Португал улсад үл хөдлөх хөрөнгө авах нь хамаагүй хямд тусдаг нь тус улсад оршин суух виз хүсэх томоохон шалтгаан болдог гэнэ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.