Оросын цэргүүд гэмгүй иргэдийг хөнөөжээ

Twitter Print
2022 оны 04-р сар 04-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины нийслэл Киев хотоос холгүй байрлах хотуудад зэвсэггүй энгийн иргэдийг хэдэн зуугаар нь хөнөөсөн нь дайны ноцтой гэмт хэрэгт тооцогдоно гэдгийг барууны орнуудын удирдагчид, хүний эрхийг хамгаалах байгууллагууд онцолж, Москвагийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна.

ОХУ-ын цэргүүдэд эзлэгдээд байсан Буча хотын гудамжнаа Украины зэвсэгт хүчнийхэн, гадаадын сэтгүүлчдийг энгийн иргэдийн олон арван цогцоснууд, шатсан, хаягдсан машин техникуудын дүр зураг угтсан байна.

Буча, Ирпен, Гостомель зэрэг хотуудад ОХУ-ын зэвсэгт хүчнийхний гарт амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо хэдэн зууг давсан тухай мэдээг сонссон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ украинчуудыг хомроглон устгаж байна хэмээн мэдэгдсэн бол Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба ОХУ-ыг Исламын улс алан хядах бүлэглэлээс дор хэмээн тодорхойлжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр Буча хотыг эзэлсэн Оросын цэргүүд энгийн иргэдийг хотоос гарахыг зөвшөөрөөгүйгээс гадна хотоос гарахыг оролдсон иргэдийг шууд буудан хөнөөж байсан аж.

Түүнчлэн Оросын цэргүүд гудамжинд хэвтэх иргэдийн цогцоснуудын дээгүүр танкаараа гарч байсан тухай гэрчүүд мэдүүлжээ. Франс Пресс агентлагийн сэтгүүлчид өнгөрсөн баасан гарагт Буча хотын зөвхөн нэг гудамжинд 20 гаруй хүний цогцос хэвтэж байхыг харсан хэмээн мэдээлжээ. Буча хотын дарга Анатолий Федорук Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа гудамжинд хэвтэх цогцоснуудын эздийг бүгдийг оросууд буудан хөнөөсөн хэмээн, 280 хүний цогцсыг нэг дор оршуулсан гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, "Украины Буча хотын дүр зураг намайг гүн цочирдууллаа. Хараат бус шалгалт явуулж, буруутай этгээдүүдэд нь зохих шийтгэлийг нь ноогдуулах ёстой гэж үзэж байна." хэмээн мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Буча хотын нөхцөл байдал ОХУ-ын дайны гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байна гэсэн бол ХБНГУ-ын канцлер Олаф Шольц амиа алдсан иргэдийн дотор хүүхэд эмэгтэйчүүд, хөгшин настай хүмүүс байсан гэдгийг онцолжээ.

Их Британийн Нэгдсэн Вант улсаас Украинд суугаа элчин сайд Мелинда Симмонс ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн тухай дурдаж, бэлгийн хүчирхийлэл нь дайны гэмт хэрэг гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.