Испанийн суут зураач Пабло Пикассогийн охин Паломо Пикассотой танилц. Дэгжин, хээнцэр, үзэсгэлэнтэй бас язгууртан шинжтэй эл хатагтайг Паломо Пикассо гэдэг.
Хатагтай Паломо Пикассо 1949 оны дөрөвдүгээр сарын 19-нд Францын Валлаурис хотод төрсөн ба загвар зохион бүтээгчээр ажиллахын зэрэгцээ бизнес хийж байсан аж. Алдарт зураачийн охин болж төрснийхөө ачаар дээдсийн хүрээлэнгийн ноёд, хатагтай нартай ойрхон өсөж, энэ нь ч хожмоо түүний нэр хүнд, ажил үйлст ихээхэн нөлөө үзүүлжээ.
Паломо Пикассо нь 1968 оноос эхлэн өөрийн гэсэн өнгө аяс бүхий загвар зохион бүтээсэн нь загварын ертөнцөд хөл тавих анхны гараа болж төд удалгүй Лондон даяар алдаршиж эхэлсэн байна. Тэр асар богино хугацаанд амжилт олсон төдийгүй 1980 онд “Tiffany and Co” компанийн үнэт эдлэлийн загварыг зохиож эхэлжээ.
Авъяас чадлаараа загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн түүнд эцгийнх нь найз нөхөд, үр хүүхдүүд нь сэтгэлийн дэм өгч, магтаалын үгийг харамгүй урсгаж байсан нь гоо үзэсгэлэнт Паломод ихээхэн итгэл төрүүлж, шинэ брэндээ нээсэн байдаг.
Хэдхэн жилийн дотор өөртөө итгэлтэй, авъяаслаг, гоо хатагтай Паломо Пикассогийн брэнд болсон үнэртэн болон хувцас, загварын жижиг гоёл чимэглэл барууны ихэс дээдсийн үнэт эдлэлийн ширээнд байнга өрөөстэй байх болжээ. Түүний зохиосон загвар бүр чамин тансаг, ихэмсэг байдлыг илтгэсэн байдаг учраас чинээлэг эрхмүүд гар таталгүй худалдан авдаг байна. Бизнес нь ид цэцэглэн хөгжиж байх үед Паломо Пикассо нь Аргентиний бизнесмен Рафаел Лопец Камбилтай гэрлэжээ.
Суут зураачийн авъяаслаг охины ажил, бизнес өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байсан боловч эцгийнх нь олон хайр дурлалын асуудал болон алдарт зураачийн үхлийн дараа түүний гэрт ойр ойрхон “зочлох” болсон эрлэгийн элч амар тайван байлгасангүй.
Паломо Пикассог тойрсон нэхэл хатуу үхэл
Испанийн суут зураач Пабло Пикассо 91 насыг наслаж 1973 онд хорвоог орхин одсон. Пикассо анх зурж эхэлснээсээ хойш 2О мянган зураг зурсан нь эл суут зураачийг үеийн үед мөнхлөх бүтээлүүд болж чаджээ. Түүний албан ёсоор зарагдсан зургууд нь 262 сая ам.долларын үнэд хүрсэн баримт байдаг.
2010 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн “Кристис” урлагийн биржийн ээлжит арилжаагаар Пабло Пикассогийн зурсан “Нүцгэн бүсгүй, ногоон навчис, цээж хөрөг “ зураг 106 сая 482 мянган ам.долларын үнэ хүрсэн нь өнөөдөр манай дэлхийн хамгийн өндөр үнэтэй зураг юм. Пабло Пикассо 2009 онд “The Times” сонины санал асуулгаар 1,4 сая уншигчийн саналаар “Зууны шилдэг зураач “-аар шалгарч байлаа.
Тэр алдар гавьяаныхаа титмийг амьддаа атгаж чадсан цөөхөн зураачийн нэг боловч гайхамшигт бүтээл болон хайр дурлалаа огтхон ч салгаагүй нэгэн.
Пабло Пикассо урлан бүтээх арга хэлбэрээ өөрчлөн солих бүрийдээ эхнэр юм уу, нууц амрагууд, найз нөхөд, гэр орон, тэр битгий хэл тэжээмэл нохойгоо ч сольсоор ирсэн нь түүний хүүхдүүдийн хувьд том асуудал байв.
Гэсэн ч Пикассо бууж өгөхийг хүссэнгүй. Тэр ч бүү хэл “Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” хэмээсэн нь хайр дурлалын эрлээ ч насан туршдаа хийсээр байх болно гэдгийг илэрхийлсэн юм.
Юугаар ч гачигдахын зовлон амсаагүй Пикассо 91 насыг наслан бурханы оронд зорихоосоо өмнө “Хорвоо дэлхийд надад дутуу дулимаг юм огтхон ч алга. Харин хэзээ ч бийрээ дахин гартаа барихгүй. Ялдам сайхан бүсгүйг дахин тэврэхгүй гэдэг л харамсалтай байна” хэмээн ярьсаар амьсгал хураасан гэдэг.
Ийн юугаар ч дуталгүй байсаар амьсгал хураасан эцгийгээ алдсанаас хойш Паломо Пикассо үхэлтэй дахин дахин учирчээ. Пикассог нас барсны дараа сүүлчийн замд үдэх ёслолд уригдаагүй нэг ач нь 3 сарын дараа хор ууж нас баржээ. 1973 оны 8 дугаар сард Пикассог оршуулсан бол амиа хорлосон ачийг нь 11 сард оршуулсан аж. Гэтэл хоёрхон жилийн дараа буюу 1975 онд Пабло Пикассогийн хүү Паола нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэний улмаас 54 насандаа зуурдаар таалал төгссөн байна. Эл эмгэнэлт хэрэг болсноос хойш яг хоёр сарын дараа алдарт зураачтай 50 жилийн турш нэр холбогдсон Мари Тереза өөрийгөө дүүжилсэн бол Пикассотой эцсийн мөчийг нь хүртэл хамт байсан Жаклин Рок 1986 онд өөрийгөө буудан амиа хороожээ.