Саола хар салхины улмаас Хонгконгийн ихэнх албан байгууллагууд хаалгаа барьжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 01-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

"Саола" нэртэй хар салхи Хятадын зүүн өмнөд эрэг рүү ойртож байгаатай холбоотойгоор Хятадад өнгөрсөн пүрэв гарагт хар салхины аюулын хамгийн өндөр төвшин буюу "улаан" төвшин тогтоожээ.

"Саола" хар салхи Хятадын тусгай захиргааны бүс болох Хонгконг болон аж үйлдвэрийн төв болсон Гуандун мужийн хотуудаар дайран өнгөрөх төлөвтэй байна. Хятадын Үндэсний цаг уурын төв "Саола" хар салхи Гуандон мужаас зүүн өмнөд зүгт 315 км зайд, 10 км/ц хурдтай баруун хойшоо чиглэлтэй хөдөлж байгааг тогтоожээ.

"Саола" хар салхи 9-р сарын 1-ний үдээс хойш Гуандун муж болон Хонгконгийн тусгай захиргааны бүсийн нутаг дэвсгэрт хүрэх ба Гуандун мужаар 1949 оноос хойш дайран өнгөрсөн хамгийн хүчтэй 5 хар салхины нэг болох өндөр магадлалтай аж.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хэдий ч Хонгконгийн бүх сургуулиуд 9-р сарын 1-нд ажиллахгүй ба тус хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор хаалгаа барьжээ.

Өнгөрсөн пүрэв гарагийн үдээс хойш гэхэд Хонгконгийн Ван Чай дүүрэгт байрлах хүнсний захын лангуунууд хоосорсон байдалтай байсан бол супермаркетуудад урт дараалал үүсжээ.

Хонгконгийн цаг уурын алба их хэмжээний хур тунадас орж, хүчтэй салхи салхилна гэж тооцолж байгаа ба усны төвшин үерийн төвшинд хүрч болзошгүй хэмээн анхааруулжээ.

Гуандон мужийн Шэньжэн хот мөн л баасан гарагийн цэцэрлэг, бага болон дунд ангиудын хичээлийг цуцлаад байгаа ба баасан гарагийн үдээс эхлээн Баоан нисэх онгоцны буудал бүх нислэгийг цуцлах аж.

Хятадын Төмөр зам галт тэрэгний хэд хэдэн шугамын үйл ажиллагааг тэр дундаа Шанхай хотоос Гуандон орох галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

Сүүлийн 2 сарын хугацаанд БНХАУ-ын нутаг дэвсгэрт их хэмжээний хур тунадас орсон ба 7-р сарын сүүлээр дайрч өнгөрсөн Доксури хар салхины нөлөөгөөр нийслэл Бээжин хотод сүүлийн 140 жилд байгаагүй их хэмжээний бороо орж, 30 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.