
Олон Улсын Олимпын хороо ОХУ-ын Олимпын хорооны үйл ажиллагаа болон санхүүжилтыг зогсоож буйгаа мэдэгджээ. Уг мэдэгдэлд "ОХУ-ын Олимпийн хороог цаашид Олон Улсын Олимпын байгууллагын гишүүн гэж үзэхгүй, тус байгууллагад ОУОХ-ноос ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлэхгүй" гэжээ.
ОХУ хууль бусаар газар нутагтаа нэгтгэсэн Украины 4 мужийн спортын байгууллагуудыг Олимпын хороондоо нэгтгэснээр Олимпын тунхаг бичгийг зөрчсөн гэж үзсэн байна. ОУОХ Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн спортын хороод нь Украин улсын Олимпын хороонд харъяалагддаг болохыг онцолж, ОХУ "Украин улсын үндэсний Олимпын хорооны газар нутгийн бүрэн байдал"-ын тухай заалтыг зөрчсөн гэжээ.
Олон Улсын Олимпын хорооны шийдвэрийн дагуу ОХУ-ын Олимпын хороо цаашид Үндэсний Олимпын Хороо гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулах, Олимпын хөдөлгөөнөөс ямар ч санхүүжилт авах эрхгүй болж байгаа аж.
Түүнчлэн ОУОХ Оросын тамирчид Парис 2024 Зуны Олимпын наадамд ОУОХ-ны далбааны доор оролцох боломжтой эсэхийг шийдэхээ мэдэгджээ. ОУОХ-ны шийдвэрийг Оросын Олимпын хороо "харваас улс төрийн сэдэлтэй ээлжит үр дүнгүй шийдвэр" хэмээн тодорхойлсон байна.
2014 онд ОХУ Крымийн хойгийг өөрийн улсдаа нэгтгэсний дараа ОУОХ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй ч допингийн асуудалтай холбоотойгоор 2015 оны 11-р сараас хойш Оросын тамирчид олон улсын тэмцээнд уралдаанд улсынхаа тугны доор оролцох эрхгүй болсон билээ.
Допингийн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг тогтоосон хориг өнгөрсөн 3-р сард дууссан ч Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбоо ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор тус улсын тамирчдыг тэмцээн уралдаанд тодорхойгүй хугацаагаар оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш улс орнууд ОУОХ- ОХУ болон Беларусийн баг тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанаас бүр мөсөн хасахыг шаардсаар байгаа ч ОУОХ улс орнуудын Олимпын хороодод дээрх хоёр улсын баг тамирчдыг тэмцээнд уралдаанд оролцохыг нь зөвшөөрөхийг уриалсан юм. Киев ОХУ болон Беларусийн тамирчид оролцвол Парис 2024 зуны Олимпын наадмыг эсэргүүцэж, оролцохгүй хэмээн заналхийлээд байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар ОУОХ-ны тогтоосон хоригийн дагуу ОХУ болон Беларусийн нутаг дэвсгэрт олон улсын ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулах хориотой бөгөөд дээрх хоёр улсын туг далбаа, төрийн дуулал, таних тэмдэг зэргийг спортын тэмцээн уралдааны үед ашиглах нь хориотой юм.
Энэ долоо хоногийн эхээр Европын Хөлбөмбөгийн холбоо бусад улс орнуудын шахалтаас болж ОХУ-ын 17-гоос доош насныхны хөлбөмбөгийн багуудыг ирэх оны өсвөрийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байхаар шийджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Ред: ОХУ Олимпийн байгууллагагүй болсноор ирэх 2024 оны Парисын зуны Олимпийн наадам, 2026 оны Миланы Өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг, тамирчид оролцох боломжгүй болж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Хангай
(212.174.130.51) 2023-10-16 09:23Бид допингийн асуудлаасаа болж, хэзээ бас хөөгдөхдөө тулах вэ?
Хариулах