
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирүүлжээ.
Асуулгын хариуд "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ба 2026 онд дуусган, шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28,000 га газраас 9,871.1 га газарт шинээр усан сан үүсэх ба үүнээс Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын гурван багийн 5182.3 га газар нутагт амьдарч буй 145 өрх, Увс аймгийн өмнөговь сумын Улиастай багийн 4,576 га газар нутагт амьдарч буй 125 өрх буюу нийт 270 өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгаа талаар туссан.
Эдгээр 270 өрхийг 2022-2025 онд үe шаттайгaар одоо амьдарч буй нөхцөлийг дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсан болно.
Зээлийн ерөнхий хэлэлцээр болон тулхуур гардуулах нөхцөлтэй гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанид орон нутгаас ажиллах хуч, барилгын материал болон хунсний бутээгдэхүүн нийлуулэх, хилийн боомтоос төслийн талбар хүртэлх тээвэр, төслийн талбарыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих зэрэг ажлуудад Монгол Улсын оролцоог хангах саналыг хүргүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.
Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төслийг хэрэгжүүлнэ. ТЭЗҮ-ээр төслийн нийт өртөг 288 сая ам.доллар байсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт БНХАУ-ын төрийн “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарсан. Шалгарсан компани 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Төсвийн өртөг 14 сая ам.доллараар хямдарч байна. Нийт 61 сар нь станц ашиглалтад орж, Монгол Улсын нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэх хугацаа юм. Тодруулбал, 10-11 сар бол станцын усан санг дүүргэх, 50 орчим сард барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Барилга угсралтын ажлын явцад 800-1000 түр ажлын байр бий болно. УЦС ашиглалтад орсноор, тогтвортой айлын байрны тоо 80 орчим байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд УЦС-ын эх үүсвэрийг Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд холбох “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цахилгаан дамжуулах агаарын энэхүү шугам, дэд станцын зураг төслийн ажил 2022 оны нэгдүгээр сард дуусна.
Уг станцын БОННҮ-ээг хийсэн байна. Үнэлгээний дагуу нөлөөллийг арилгахаар ажиллаж буй. Усан сан байгуулах газар нутагт одоо амьдарч байгаа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг 258 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Тус ажилд зарцуулах хөрөнгө санхүүжилтийг улсын төсөвт үе шаттай суулгаж шийдвэрлэнэ. Урьдчилсан тооцоогоор, 12 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. 2022 он гэхэд эхний ээлжинд 98 айлыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах нийт 27 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд чөлөөлөх үүрэг хүлээж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор, баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний сүлжээг дотоодоос хангах бүрэн боломжтой болно. Өнөөгийн байдлаар, баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогддог хэрэглэгчдийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 орчим хувийг ОХУ-аас импортолж байна. Импортын эрчим хүчний үнэ хэрэглэгчдэд нийлүүлж буй үнээс өндөр байгаа. Импортолж буй хэмжээнээс хамаараад үнийн зөрүүгээс жилд дунджаар 13-15 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас авч ОХУ-д төлж байна. ТЭЗҮ-ээр УЦС-аас үйлдвэрлэгдэх 1КВт эрчим хүчний үнэ 0.053 ам.доллар (150 орчим төгрөг)байхаар тооцсон. Энэ нь баруун бүсийн хэрэглэгчдийн одоо мөрдөж байгаа эрчим хүчний үнэ өөрчлөгдөхгүй гэсэн үг. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар, манай ахуйн хэрэглэгчдийн 1КВт цахилгаан, эрчим хүчний дундаж үнэ 0.056 ам.доллар гарсан байна.
УЦС-ын барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тус УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ТЭЗҮ-ээр 7-8 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө.
Дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах чиг хандлагатай. Тэгвэл барьж ашиглалтад оруулах Эрдэнэбүрэнгийн УЦС нь дэлхийн өнөөгийн жишиг, чиг хандлагад нийцэх юм.