
Энэтхэгийн засгийн газар Канад улсын иргэдэд виз олгохоо зогсоож буйгаа мэдэгджээ. Канад дахь Энэтхэгийн виз олгох төвийн сайт дээр, "Техникийн шалтгаанаар энэ сарын 21-нээс Энэтхэг улс руу зорчих виз олгох үйлчилгээ зогссон болохыг мэдэгдэж байна." гэсэн мэдэгдэл нийтлэгдсэн байна.
Өнгөрсөн лхагва гарагт Энэтхэгийн засгийн газар Канад руу зорчиж буй иргэддээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ. Өнгөрсөн даваа гарагт Оттава 6-р сарын 18-нд Бритиш Коламбия мужийн нутаг дэвсгэрт зэвсэгт этгээдүүдийн гарт үрэгдсэн сикхийн салан тусгаарлагчдын тэргүүн Хардип Сингх Нижарын аллагын цаана Дели байж болзошгүй хэмээн мэдэгдсэн нь хоёр улсын харилцаа хурцдахад хүргэжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Канадын Тагнуулын алба Хардип Сингх Нижарын аллагад "Энэтхэгийн засгийн газрын нууц ажилтнууд" холбоотой эсэхийг шалгаж байгаа хэмээн мэдэгджээ.
Хардип Сингх Нижар нь Энэтхэгийн Пунжаб мужийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон Халистан улс байгуулахын төлөө тэмцэгчдийн нэг бөгөөд Энэтхэгийн засгийн газар тэдгээр салан тусгаарлах үзэлтнүүдийг алан хядагчид хэмээн тодорхойлдог билээ.
Дели Оттавагийн мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй, Канад улс Энэтхэг улсын дотоод хэрэгт оролцож, Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгажээ. Хоёр улс худалдааны зарим хэлэлцээрүүдээ зогсоож, Канад улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Канадын Тагнуулын албаны тэргүүн нар Энэтхэгийн тусгай албаныханд Хардип Сингх Нижарын аллагатай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хүргэхээр Энэтхэг улсыг зорьжээ.
Халистан хөдөлгөөн нь Энэтхэгт хориотой бөгөөд Энэтхэгийн эрх баригчид уг хөдөлгөөн нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн үздэг байна. Уг хөдөлгөөнийг дэмжих явдал Энэтхэгийн хойд мужуудаар болон Их Британи, Канад улсад ихээр ажиглагддаг аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож буй Канадын Ерөнхий сайд Ж. Трюдо өмнөх мэдэгдлээрээ Энэтхэг улсыг өдөөн хатгах ямар ч зорилгогүй байсан гэдгээ мэдэгдэж, Энэтхэг улс нь Канадын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Канадад 1.4 сая энэтхэгчүүд амьдардаг ба тэдгээрийн дийлэнх нь сикх гаралтай аж.
Энэтхэгчүүд Канадын нийт хүн амын 3.7 хувийг эзлэхээс гадна тус улсад сурч буй гадаадын нийт оюутнуудын 40 хувийг эзэлдэг байна.
Энэтхэгийн засгийн газраас гаргасан тоогоор 2021 онд Энэтхэг Канадын 80 мянган жуулчин хүлээн авчээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.