Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватраг эх орондоо ирсэн даруйд нь баривчилжээ

Twitter Print
2023 оны 08-р сар 23-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватраг 15 жилийн дараа анх удаа эх орондоо ирсэн даруйд нь баривчилжээ.

2006 онд болсон төрийн эргэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон 74 настай Таксин Шинаватраг хамгийн сүүлд 2008 онд Тайландад баривчилж, шүүхээс барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа тэрээр Тайландаас дүрвэсэн аж. Тэрээр эрх мэдлээ урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн мөн авлига авсан хэрэгт буруутгагдаж байжээ.

Экс Ерөнхий сайд Таксим Шинаватра өнгөрсөн мягмар гарагт буюу Тайландын парламентад Ерөнхий сайдыг томилох санал хураалт явагдсан өдөр эх орондоо ирсэн нь түүний намын гишүүн Сретта Тависин Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөж байсантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Сретта Тависин парламентын дэмжлэгийг хүлээн, Тайландын шинэ Ерөнхий сайдаар томилогджээ.

Ерөнхий сайд асан Т. Шинаватраг нисэх онгоцны буудал дээр хүү, хоёр охиноос нь гадна улаан өнгийн цамцаар ижилссэн түүний дэмжигчид угтжээ. Түүнийг онгоцны буудлаас Тайландын Дээд шүүх рүү хүргэсэн ба тэнд түүнд 8 жилийн ял оноож, хорих анги руу шилжүүлжээ.

Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг өршөөлөөр суллагдах өргөдөл өгнө гэж бичиж байгаа бол зарим нь түүнийг Тайландын эрх баригчидтай хэдийн гэрээ хийчихсэн учраас богино хугацаанд ял эдлээд суллагдана гэж үзэж байна.

Таксин Шинаватра 2001-2006 оны хооронд Тайландын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан ба 2006 онд түүнийг Нью Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцож байхад нь Тайландын армийн удирдлагууд төрийн эргэлт зохион байгуулж, албан тушаалаас нь огцруулсан юм.

Өндөр насыг нь харгалзан Т. Шинаватраг хорих ангийн эмнэлгийн тусгай аппарат, тоног төхөөрөмжтэй жигүүрт хорих аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.