Новак Жоковичийн Австрали улсаас албадан гаргажээ

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн чансааг тэргүүлэгч, Сербийн теннисчин Новак Жоковичийн Австрали улсаас албадан гаргажээ. Тэрбээр Дубайд очсон байна.

Australian Open тэмцээнд оролцохоор ирсэн Новак Жоковичийг коронавирусний вакцин хийлгээгүй тул хилчид түүний визийг хүчингүй болгож, гарч явахыг шаардсан. Жокович эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж болохгүй гэсэн бичигтэй байсан ч энэ нь хангалтгүй гэж хил дээр үзжээ. Харин Новак энэ шийдвэрийг эсэргүүцэн, Австралийн шүүхэд хандаж, ялалт байгуулсан. Шүүхээс хилчдийн шийдвэрийг буруу хэмээн үзэж, Новакийг сулласан юм.

Гэвч Австралийн Цагаачлалын яамнаас түүний визийг цуцалсан. Австралид Цагаачлалын сайд нь улс оронд аюул учруулж болзошгүй гэсэн этгээдийн визийг бие даан цуцлах эрхтэй байдаг байна. Ингээд дахин шүүхдэлцлээ. Цагаачлалын сайд Алекс Хоук “Новак Жоковичийн визийг цуцалсан шалтгаан нь тэрээр манай улсад байвал вакцин, дархлаажуулалтыг эсэргүүцэх уур амьсгал Австралид нэмэгдэх аюултай “ гэж мэдэгдсэнийг шүүхээс хүлээн авч, Новакийг албадан гаргах шийдвэр гаргалаа.

Австралийн хууль ёсоор Новак Жоковичийг гурван жилийн хугацаанд Австралид ирэхийг хориглосон байна.

Энэ сарын 6-ны өдөр Дэлхийн чансааны номер 1-т бичигдэж буй Новак Жоковичийн Мельбурн хотод орох визийг цуцалж, Хилийн цэргийнхэн түүнийг хилээр нэвтрэх дүрмийг дагаж мөрдөөгүй тул албадан гаргахаа зарлахаас өмнө өдгөө 34 настай тамирчныг хотын нисэх онгоцны буудалд хэдэн цаг саатуулсан.

Теннисний "Их дуулга" цуврал тэмцээний нэг "Australian open 2022"-д оролцохоор Австралийн Мельбурн хотын олон улсын нисэх буудалд ирсэн дэлхийн шилдэг теннисчин, "Их дуулга" тэмцээнд 20 удаа ( Австралийн нээлттэй тэмцээнд 9 удаа ) түрүүлсэн, дэлхийн чансааг тэргүүлэгч, манай гаригийн хамгийн баян 50 тамирчны нэг, тамирчны замналдаа зөвхөн тэмцээний шагналд (prize money) 154 сая ам.доллар хүртсэн, жилийн 4,5 сая долларын цалин, 30 саяын орлоготой Новак Жоковичийг Австрали улс ковидтой холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй (вакцинжуулалтад хамрагдаагүй), мөн эрүүл мэндийн заалтаар вакцин хийлгэх боломжгүйгээ нотлох шаардлагатай бичиг баримт бүрдүүлээгүй, буруу төрлийн визатай байсан гэх шалтгаанаар визийг нь цуцлан, нэн даруй тус улсын хил дээрээс буцахыг шаардсан бөгөөд хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол албадан гаргахаар шийдвэрлэсэн нь ийнхүү ажил хэрэг болов.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон "Жоковичийн визийг цуцалсан. Хууль дүрэм бол хууль дүрэм. Ноён Жоковичид зориулсан тусгай хууль дүрэм гэж байх ёсгүй" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Австрали улс дэлхийн хамгийн хатуу хөл хориог хийсэн ч үүний дараа өдөрт Ковид-19-ийн хэдэн арван мянган тохиолдол илрээд байна. Австралийн 16-аас дээш насны хүн амын 90 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан боловч зарим хүмүүс одоогийн авч хэрэгжүүлж буй журмын улмаас улс хоорондын болон дэлхийн хэмжээнд аялах боломжгүй хэвээр байна.

Олон Австраличууд өмнө нь засгийн газрыг жирийн хүмүүс өвчтэй, үхэж буй ойр дотны хүмүүсээсээ салж байхад баян, алдартай хүмүүст дуртай зүйлээ хийхийг зөвшөөрдөг гэж буруутгаж байсан. Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөрр буюу нэгдүгээр сарын 17-нд Мельбурн хотноо эхэлнэ. Жокович өмнө нь тус тэмцээнд есөн удаа түрүүлж байжээ. 

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.