
Оросын хувийн цэргийн Вагнер группын үндэслэгч Евгений Пригожины сууж явсан хувийн онгоц орон нутгийн цагаар 23-ны орой ОХУ-ын Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо осолдсон байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоц Москва хотоос Санкт-Петербург хотыг чиглэн нисэж байсан аж. Оросын Агаарын тээврийн агентлаг осол гарах үед онгоцонд зорчиж явсан иргэдийн нэрсийг зарлаад байгаа ба онгоцонд Вагнер группыг үндэслэгч Е. Пригожин, Вагнер группын ахмад Дмитрий Уткин, Е. Пригожинтой хамаарал бүхий компаниудыг удирдах ажлыг хариуцаж байсан Валерий Чекалов нар зорчиж явсан байна.
Ослын газарт ажилласан аврах багийнхан онгоцонд зорчиж байсан 7 зорчигч, нислэгийн багийн 3 гишүүн гээд нийт 10 хүний цогцсыг олсон болохоо мэдэгджээ. Үүгээр аврах ажиллагаа дууссан байна.
Оросын мөрдөн шалгах алба агаарын тээврийн ашиглалт болон аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах алба онгоцны осолдох болсон хэд хэдэн шалтгааныг авч үзэж байгаа аж.
Нөгөө талаас Вагнер групптэй хамааралтай гэх Grey Zone гэх телеграм хуудас Е. Пригожины онгоцыг Оросын арми буудан унагасан хэмээн мэдэгджээ. Ингэхдээ үүнийгээ батлах ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.
Тверь мужийн иргэдийн гар утсан дээрээ хийсэн видео бичлэгүүдээс онгоц удирдлагаа бүрэн алдаж доош унаж байгаа нь харагдаж байгаа аж. Дуунаас нь үзвэл онгоцны нэг хөдөлгүүр ажиллаж байсан байж болзошгүй бөгөөд далавч, сүүлний хэсэг нь салж, газарт унажээ.
Мэргэжилтнүүд эдгээр нь онгоц дэлбэрэлтийн улмаас унасан байж болзошгүйг харуулж байгааг онцолж, дэлбэрэлт онгоцны дотор гарсан уу эсвэл гадна гарсан уу гэдгийг тогтоох үлдсэн хэмээн үзэж байна.
ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн зүгээс онгоцыг дотроос нь дэлбэлсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг онцолсон байна. Гэрчүүд осол гарах үед тэсрэлт гарч байгаа 2 ч чимээ сонссон гэж мэдэгдсэн нь онгоцыг 2 пуужингаар оносон байж болзошгүй гэсэн таамаг төрөхөд хүргэж байгаа ба онгоцны хэсгүүд дээр гарсан ул мөрүүд нь пуужинд оногдох үед гардаг ул мөрүүд байж болох талаар ч яригдаж байгаа аж.
Нөгөө талаас Flightradar24 сайтын мэдээллээр осол болох үед онгоц 8.5 км өндөрт байсан. Ийм өндөрт байгаа онгоцыг пуужингийн дурын систем устгаж чадахгүй, наад зах нь "Бук" шиг пуужингийн дундын зайн систем шаардлагатай ба ингэхдээ уг систем нь онгоц нисэж байгаа агаарын замтай ойролцоо байрлах ёстой гэдгийг онцолж байна.
Түүнчлэн дунд болон алсын зайн пуужингийн систем нь онгоцонд асар их хэмжээний эвдрэл гэмтэл үзүүлэх чадалтай бөгөөд онгоц маш олон хэсэгт хуваагдан унах байсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгдэж байсан Вагнер группыг үндэслэгч Е. Пригожин ОХУ-ыг Украин руу довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн 6-р сард Е. Пригожин төрийн эргэлт зохион байгуулах оролдлого хийсэнтэй холбоотойгоор Е. Пригожин, В. Путин нарын харилцаа муудсан юм. Тиймээс Е. Пригожины онгоцны ослын шалтгаан нь улс төрийн ач холбогдолтой болоод байгаа юм.
Хэрэв онгоцыг гаднаас нь пуужингаар устгасан бол уг осолд Оросын тал хамаатай болж таарах юм. Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагын дүрмээр ослын шалтгааныг Олон Улсын Агаарын Тээврийн Хороо, онгоцыг үйлдвэрлэгч Бразилийн Embraer S.A компани нар хамтран явуулах ёстой аж.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ЗОЧИН
(59.153.112.39) 2023-08-24 10:13СҮЙРСЭН ГЭЭЧ
Хариулах