Шар тэнгист осолдсон хөлөг онгоцонд 290 хүн үлдсэн байх магадлалтай

Twitter Print
2015 оны 04-р сар 17-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр өглөө эрт Шар тэнгист осолдсон Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоцны зургаан зорчигч амь үрэгдсэн мэдээ байна. Чиндо арлын хавьд эргээс 20 км зайтай бүсэд шохойн хад мөргөж осолдсон "Севол" хөлөгт үлдсэн зорчигчдын аврахын тулд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний тусгай үүрэг гүйцэтгэгчид хөлөг онгоцонд нэвтрэхээр шөнөжин оролдсон ч Шар тэнгисийн булингартай ус, тэнгисийн хүчтэй урсгал боломж олгоогүй аж. Мөн эргийн хамгаалалтын болон загас агнуурын нийт 100 хөлөг, 18 нисдэг тэрэг ойр хавийн бүсэд гэрэл тусган эрэл явуулсаар өглөө болгоод аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Хөлгийн тавцан дээр байсан 477 зорчигчдоос (452 зорчигч, багийн 25 гишүүн)  179 хүнийг аварсан бол бусад хүмүүс хөлгөөс гарч чадахгүй түгжигдэж 30 метрийн гүнд живсэн болох нь тодорхой байгаа аж. Учир нь хөлөг онгоц хад мөргөсний улмаас хажуу бөөрөөрөө хэвтсэний дараа 2 цаг 20 минутийн дотор усанд живсэн байна.

Reuters агентлагийн мэдээлсэнээр онгоцонд явсан нэгэн сурагч өнгөрсөн шөнө буюу пүрэв гарагийн шөнө  эцэгтээ мессеж явуулж амьд байгаагаа мэдэгдээд амь гарсан олон хүүхэд байгаа тул яаралтай тусламж явуулахыг гуйжээ. Засаг захиргааныхан гэвч 6,8 мянган тонн эзлэхүүнтэй хөлөг онгоцыг татаж гаргах ажиллагааг дөрөвдүгээр сарын 18-наас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Сөүл хотын ахлах сургуулийн 374 сурагч, 14 багш нарын хамт Жежүдо арал орохоор аялаж явахад энэ харамсалтай осол тохиолдлоо. Тэдгээр сурагчдын нэг, "Ээжээ, ярьж болохгүй байгаа учраас би мессеж явууллаа. Тандаа хайртай шүү!" гэж бичсэн байсныг Ренхап агентлаг онцолсон байна.

Сураггүй байгаа хүүхдүүддээ санаа зовсон эцэг эхчүүд Чиндо арал дээр ирээд байгаа бөгөөд тус арал дээр очсон ерөнхий сайд Чон Хон Вонд аврах ажиллагаа маш их хоцорсон гэсэн гомдол санал хэлж байгаа аж. Өмнөд Солонгосын засгийн газар мөн олны ширүүн шүүмлэлд өртөөд байгаа бөгөөд нас барсан болоод амь аврагдсан, сураггүй байгаа хүмүүсийн тоог тодорхой гаргаж чадахгүй, хөлгийн багийнхан онгоц хөмөрчихөөд байхад хүмүүст байр байрандаа тайван байхыг ятгаж байсан, ослын үед багийнхан аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, аврах гарцуудыг зааж өгсөн бол илүү олон хүн аврагдах байсан зэргээр шүүмжлэл тасрахгүй байгаа аж. Ренхап агентлагийн мэдээллээр бол "Севол" хөлгийн ахмад хамгийн түрүүнд хөлгөө орхисон аж.

Сүүлд авсан тодорхой мэдээллээр одоо 290 хүн сураггүй байгаа гэнэ. Ослын бүсэд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний 7-р флотын “Bonhomme Richard” десантын хөлөг онгоц туслахаар очсон байна. Хорин жилийн өмнө ослын энэ бүсэд 6,586 метр тонн эзлэхүүнтэй Японд үйлдвэрлэсэн хөлөг онгоц осолдож байсан бөгөөд ямар шалтгаанаар осолдсоныг өнөө хэр тогтоогоогүй байна. “Севол” хөлөн онгоц харъяалагддаг Инчоны Chonghaejin Marine Co Ltd компаниас одоогоор мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.