НҮБ "галаар тоглохгүй байх"-ыг ОХУ болон Украинд анхаарууллаа

Twitter Print
2022 оны 11-р сар 21-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Оросуудын хяналтанд байгаа Украины Запорожье АЦС өнгөрсөн ням гарагт их бууны цохилтонд өртжээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг Запорожье АЦС-д халдах нь томоохон хэмжээний осолд хүргэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас мэдээлж байгаагаар өнгөрсөн бямба болон ням гарагт Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье АЦС их бууны цохилтонд өртсөний улмаас цахилгаан станцын гол хэсгүүдэд 10 гаруй дэлбэрэлт бүртгэгджээ.

Тус агентлагийн тэргүүн Рафаэль Гросси, "Томоохон АЦС байрлах газарт дэлбэрэлт болсон нь байж болшгүй зүйл. Хэн ч бай үүнийгээ зогсоох ёстой. Өмнө нь удаа дараа хэлж сануулж байсныгаа дахин хэлье, та нар галаар тоглоод байна!" хэмээн мэдэгдсэн байна.

Запорожье АЦС-д ажиллаж байгаа Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн багийн мэдээлснээр их бууны цохилтын улмаас зарим барилга байгууламж, систем болон тоног төхөөрөмж эвдэрсэн ч цөмийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй аж.

Нөгөө талаас Оросын Росэнергоатом компанийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ренат Карчаа НҮБ-ын мэргэжилтнүүдийн баг Запорожье АЦС-д дураараа зорчих эрхгүй гэдгийг онцолж, цөмийн аюулгүй байдалтай холбоогүй байр байгууламжийг шалгахыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

Запорожье АЦС пуужин болон их бууны цохилтонд тогтмол өртөж байгаа нь олон улсад Чернобылийн АЦС-д гарсан осолтой адил үйл явдал давтагдахвий гэсэн айдсыг төрүүлж байгаа билээ.

Запорожье АЦС Украины нийт эрчим хүчний 1/5-ийг хангадаг байсан ба ОХУ Украин руу довтолсноос хойш хэд хэдэн удаа цахилгаан эрчим хүчгүй болж, нөөц генератороор ажиллахад хүрсэн билээ.

Реакторуудыг унтраасан байгаа ч цахилгаан эрчим хүчний доголдлоос болж хөргөх систем нь ажиллахгүй бол цөмийн түлш хэт халах эрсдэлтэй юм. Украины Энергоатом компани Запорожье АЦС-ыг ОХУ-ын зэвсэгт хүчиний талаас галласан хэмээн буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.