
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт Петербург хотноо хийж буй айлчлалынхаа үеэр гадны улс орнууд Украины асуудалд хөндлөнгөөс оролцож, ОХУ-д стратегийн аюул заналхийлбэл Москва хариу хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. Тэрээр ОХУ Украины дайнд хөндлөнгөөс оролцох гэсэн ямар ч улсын эсрэг "тэр дор нь" арга хэмжээ авна хэмээн анхааруулсан ба хариу арга хэмжээ гэдэгт ямар арга хэмжээ багтахыг хэдийн шийдсэн гэдгийг ч дурджээ. В.Путин, "Бидэнд өөр хэнд ч байхгүй зэр зэвсэг байгаа. Шаардлагатай бол тэрийгээ ашиглана." хэмээн мэдэгдсэн ба үүгээрээ тэрээр баллистик пуужин, цөмийн зэвсэг ашиглах тухай дурдаж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Нөгөө талаас Москва Польш болон Болгарт байгалийн хий нийлүүлэхээ зогсоохоо мэдэгдсэн нь нэг төрлийн сүрдүүлэг хэмээн Европын холбоо үзэж байгаа ба Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен ОХУ-ыг "эрчим хүчний найдваргүй нийлүүлэгч" хэмээн тодорхойлжээ.
Москва үүнийг барууны орнуудын "нөхөрсөг бус үйлдэлд" үзүүлж буй хариу арга хэмжээ хэмээн мэдэгдсэн юм. Украины түнш орнууд Украины зэвсэгт хүчинд зэр зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд АНУ Украиныг бүх чадлаараа тусалж дэмжихээ илэрхийлсэн. Сүүлд л гэхэд ХБНГУ Украинд байлдааны онгоц сөнөөх 50 танк илгээхээ мэдэгдсэн юм.
Нөгөө талаас барууны ажиглагчид ОХУ-ын Украины зүүн хязгаарт явуулж буй ажиллагаа удаашралтай байгааг онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Донбассыг эзлэх зорилгоор Украины зүүн хязгаар дахь довтолгоогоо идэвхжүүлсэн ч Украины тал эсэргүүцэл хүчтэй үзүүлж байгаагаас болж, Оросын тал их хэмжээний хохирол амссан талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт Петербург хотод хийсэн айлчлалын өмнөх өдөр ХБНГУ-д АНУ-ын зохион байгуулсан Батлан хамгаалахын чуулга уулзалт болсон ба Украины армийг зэр зэвсгээр хангах ажлыг эрчимжүүлэх тухай тус уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украиныг энэ дайнд ялуулахын тулд байгаа бүх хүч чадлаа ашиглана хэмээн амласан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn