Би ичихгүй, дахиад поп топ шийдвэр хэрэгтэй байна...

Twitter Print
2020 оны 05-р сар 07-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Би эх орондоо хайртай гэж хэлэхээс айдаг, ичдэг үе монголчуудад бий. Ил тод, инээж байгаад ингэж хэлсэн хүнийг нийтээрээ шоолж, нийгмээрээ нүд буландаж хардаг болтлоо толгойгоо үзэл суртал хэмээх савангаар угаалгасны үр дүнг төлсөн нь энэ.

Тэгвэл одоо хямралын, эрсдэлийн үед Монгол Улсын Засгийн газраас авч явуулж буй шат дараатай арга хэмжээг буруутган шүүмжилж, хүүхдэд мөнгө өгсөн, малчдынхаа ар талыг бэхжүүлсэн алхам болгоныг поп, топ хэмээн шүүмжилж, Хүрэлсүх гэдэг хүнийг дэмжсэн хүн ичихээс аргагүй байдалд ортол шахах боллоо. Тэгвэл надад асуулт байна. Хүүхдийн 20 мянгыг амлаж байхдаа АН ард нь ирэх хариуцлагын тухай бодсон уу?

Гэр бүлийн 500 мянгыг тарааж, зохиомол гэрлэлт сурталдаж байхдаа МАХН хожим ирэх хор уршгийг нь хариуцсан уу? Гэр бүл салалт, өнчрөл...өлдсөн хүүхдүүд, өрхөө бүтээсэн айл...Тэгвэл түрүү түрүүчийн Ерөнхий сайдуудын амлалтын хариуцлагыг Хүрэлсүхийн Засгийн газар үүрч гарч байна. Монголчуудын 32 хувь ядуу, нийт хүн амын 50 илүү хувь нь хүүхэд залуус. Эрсдэлд хамгийн их өртөж, хямралд хамгийн их хэлмэгдэж буй хүүхдүүдэд Засгийн газар 10 дугаар сар дуустал сар бүр 100 мянган төгрөг өгөх боллоо.

За тэгээд хойч үеэ энэрсэн төрийг поп, хүүхдэд атга чихэр сарвайсан эмээг топ, айлынхаа багачуудыг харж өгсөн эгчийг топор, Бөмбөгөр дээр хоол цуглуулж айлуудад тараах челлэнж өрнүүлээд гүйж яваа Ариунаа Сүриг попор, бичиж байгаа намайг попопор энэ тэр гээд доромжлооч. Дөнгөж сарын өмнө л Америк хүүхдүүддээ 500 доллар өгөх болчихлоо, бид яах юм, энэ хүүхдүүдийг чинь яаж тэжээх юм гээд хашгираад байсан яав. Одоо болохоор барьж идэж, боорлож унагаах нь дутав уу? Хаврын хүйтэн салхинд жиндүү гэрт хоолтой, хоолгүй өдрийг барж, галдаа хийх түлээ, гартаа барих тоглоом, амандаа хийх талхаар дутаж буй хүүхдүүдэд яг одоо л яллаад байгаа тэр мөнгө чинь хэрэгтэй байна. Үдийн цайныхаа боовыг божийтол атгаад дүүдээ хүргэж өгдөг хүүд хэрэгтэй байна. Хүүхдээ энэрсэн төр поп болчихдог юм бол, өмгөөлсөн хүн нь топ юм бол би аль аль хочийг нь зүүхээс ичихгүй.

Монголын төр энэ эрсдэлийг туулчихаад, монголчууд энэ вирусыг ялчихаад зогсож байх тэр өдрийг хохирол багатай угтахын тулд хүнээ бодож, хүүхдээ түшлээ. Үүнийг сонгуулийн шоу гэж үзэж байгаа бол ингэж хэлүүлэхээс айлгүй шийдвэр гаргасан зоригийг нь харин үнэлэх учиртай. Төсөвтөө ч гар дүрэлгүй, олимпт бэлдэх мөнгөө хүүхдүүдэд өгөх арга сэдсэн Сангийн сайд Хүрэлбаатар ч бас сайн байна. Мөнгө өгвөл попорлоо гэнэ хэмээж айгаад мөрөө хавчаад энэ эрчүүд эргэж харалгүй зугтах байсан юм уу? Энгийн үед ээрч гацтал мөнгө тараагаад байвал надаас эхлээд намынх нь байр руу өндөг нүүлгэх юм даг.

Дэлхий хоол хүнсний хомсдолд ойрын хэдэн сардаа орно гэдгийг холбогдох олон улсын байгууллагууд нь хүлээн зөвшөөрчихлөө. Монголд одоогоор 140 мянга, цаашлаад 250 мянган хүн ажилгүй болно гэсэн тооцоо байна. Харин ч одоо дахиад Хүрэлсүхээс топ, поп шийдвэр хэрэгтэй байна. Газар тариалангийн салбарынхныгаа дэмжиж, хамтран ажиллаж байж ирэх намар, өвөл, хаврын үүцээ бэлдэж, хөеөгөө хураана. Зэвэрсэн тракторуудаа асааж, зэрэг зэрэг агуулах сав босгож, зэв анжисаа хөдөлгөмөөр байна.

Эрэлттэй байгаа, эрсдэл үүрэх салбаруудаа дэмжиж, хүн хүчээ бэлтгэж, ажлын байрыг зорилго, чиглэлтэй нэмэгдүүлж байж хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө, хямралыг хямгатай туулна шүү, эрсдлийн үеийн попопопоронууд аа...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (182.160.35.43) 2020-05-08 15:33
      • 0
      • 0

      Yunii chine zov shiidver gej. Unendee ene shiidveruudiin hariu jiliin daraagaas l biden deer irj ehleh bh daa.

      Хариулах

    • Ard tumen chini

      (75.86.79.22) 2020-05-08 04:25
      • 0
      • 0

      Eronkhii said mash sain ajillaj baina. Mongolin ard tumen khundlen khairlaj yavdag. Khurelsukh said shig eronkhii said Tsedenbal dargaas khoish baisangui.

      Хариулах

    • Зочин

      (107.72.164.36) 2020-05-07 10:03
      • 0
      • 0

      Ee medehgyi zov bsan bol hoorhii 3 Han saya hyn ingej guilga hiij amdrah uu

      Хариулах