Хүндэлж өсгөөгүй хүүхэд хөлийг чинь хучих л болов уу даа...

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Хүн бүр л бүхэл бүтэн бие даасан ертөнц... Өөр өөрийн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Ялангуяа энэ хорвоод ирээд нэг их удаагүй байгаа балчир хүүхдийн дотоод ертөнц тэр чигээрээ л ариухан гэгээхэн байдаг. 

Хараад байхад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж ойлголцохоосоо илүүтэй зандрах загнах нь их юм шиг. Уг нь тэд чинь аливаа зүйлийг ойлгож ухаарах мэдэхийг л хүссэн, эсвэл огт мэдэхгүйдээ л ямар нэгэн үйлдэл хийсэн байдаг. Бид хүүхдүүдтэйгээ ярихдаа тэднийг дандаа л жижигхэн, юу ч мэдэхгүй, ийм юм ярих болоогүй, нас нь биш гэх байдлаар хандаад байх шиг байдаг. Яг тийм л бодлын үүднээс шууд л тулгах, тушаах, эсвэл зүгээр л загнаад өнгөрдөг. Уг нь хүүхэд бол бид л тэвчээртэй байж зөв тайлбарлаж өгч чадвал бүх л зүйлийг ойлгоод тусгаад авч чадна. Мэдээж хүн болгон тийм биш л дээ. Гэхдээ ажил ихтэй, ядарсан, стресс зэргээс болоод тэр бүр тэвчээр гаргаад тайван гэгч нь тайлбар хийгээд байх нь бас л амаргүй байдгийг мэднэ.

Амьдралд тохиолдох янз бүрийн асуудлаас болоод хүүхэд рүүгээ хашгирч зандрах, тэр ч битгий хэл тухайн хэцүү байдалдаа хүүхдээ буруутган ад үзэж, үзэн ядах, үгүйсгэх байдал зарим эцэг эхчүүдэд тохиолдож л байдаг. Томчуудын зүгээс ирж буй тэр бүх муу хандлага бяцхан хүүхдийн гэгээн мөрөөдөл хүслийг хайр найргүй нухчин дардаг.

Хамгийн гол аюул нь тэдгээр хүүхдүүдийг насанд хүрсэн хойно нь л илэрч гардаг. Эхний ээлжинд тэдгээр байнга загнуулж урам зоригоо хугалуулж өссөн хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй, бие даасан зорилго, бүтээмжгүй хүмүүс болцгоодог.

Нөгөөтэйгүүр бидний хэн ч гэсэн насан өндөр болсон хойноо үр хүүхдүүдээрээ л асруулж тойглуулж хорвоогоос одохыг хүсдэг. Хэрэв хүүхэд тань танд дургүй, эсвэл заавал өөрөөр чинь л хэлүүлж үглүүлж байж ганц ирдэг, ирээд сайндаа л цайны сүү дөхүүлснээ ачлал үзүүлсэн хэмээн боддог хүн болчихвол яах билээ? Бидний багад нь хийсэн өчүүхэн алдаанаас нь болж бөөн уур уцаар болж загнаад хэн ч биш болгосон, өөрийгөө ямар ч үнэ цэнэгүй хэмээн тархинд нь гүн гэгч нь код суучихсан хүүхэд маань яг л тийм хүн болох бүрэн магадлалтай юм ш дээ.

Тэгэхээр л бид харилцан ойлголцож, харилцан хүндлэл үзүүлж чаддаг "сэтгэлтэй" хүнээр хөлөө хучуулья гэвэл анхнаас нь тэр хүнээ хүн шиг хүндэлж, өөрийгөө болон өрөөлийг хайрлаж хүндэтгэдэг болгож хүмүүжүүлэх учиртай юм. Үүний тулд анхнаас нь уг хүнийхээ өөрийгөө хүндлэх бодлыг нь хүндлэх хэрэгтэй. 

Аливаа зүйлийг уг учир зүйтэй нь энгийн үгээр тайлбар хийж өгч ойлгуулж байх хэрэгтэй. Тухайн зүйлийг яг зөв ойлгуулж зөв код суулгах тэр торгон мөч, нөхцөл байдал нь дахин хэзээ ч давтагдахгүй байж болно. Тиймээс л энгийн жирийн асуулт бүрд нь хайрт бяцхан үрдээ дотоод ертөнцөө өнгө будгаар баяжуулан бүтээхэд нь тусалж, өөрийн цаг тэвчээрээ зориулж чадвал тэр чинь алс хойчийн тань хамгийн үнэт хөрөнгө оруулалт болж чадах юм шүү.

Эцэст нь хэлэхэд хүүхэд бол бидний л толин тусгал юм. Хүүхэддээ үзүүлээгүй ухаан, хүндлэл, хайраа тэднээсээ нэхэх нь үр суулгаагүй газраас тариа ургахыг хүлээхтэй адил биш гэж үү?!

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Эх сурвалж: www.mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.