
Японы агаарын тээврийн Japan Airlines компани зорчигч тээврийн хоёр онгоцных нь жин хэтэрсэнтэй холбоотойгоор богино хугацаанд дахин нэмэлт онгоц гаргахад хүрчээ. Онгоцны жин хэтэрсэн нь зорчигчдын ачаа бус зарим зорчигчдын биеийн жингээс болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт Japan Airlines компанийн зорчигч тээврийн хоёр онгоц жин хэтэрсэн асуудалтай холбоотойгоор хангалттай хэмжээний түлш тээвэрлэх боломжгүй дээрээ тулжээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Japan Airlines компани дээрх онгоцнуудад байсан хэд хэдэн сумочдыг нэмэлт онгоцонд шилжүүлэн суулгажээ.
Сумочид Амами Ошима арал дээр болох спорт наадамд оролцохоор Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас Осакагийн Итами нисэх онгоцны буудал руу Боинг 737-800 онгоцоор нисэх байсан аж. Japan Airlines компанийн ажилчид дээрх нислэгээр зорчих зорчигчдын жагсаалтанд сумочид байгааг анзаарсан ба тухайн онгоцны хүчин чадлын хувьд зорчих хүмүүсийнх нь жин дунджаар 70 кг жинтэй байхаар тооцсон байдаг аж. Гэтэл сумочид дунджаар 120 кг жинтэй байдаг нь онгоц хангалттай хэмжээний түлш тээвэрлэх боломжгүй болох нөхцөл үүсжээ.
Амами Ошима арлын нисэх онгоцны буудал зорчигч тээврийн том онгоц хүлээн авах боломжгүй учраас Japan Airlines компани дээрх 27 сумочдод зориулж нэмэлт онгоц гаргахад хүрчээ. Минами-Ниппон Шимбун сонинд өгсөн ярилцлагадаа Japan Airlines компанийн төлөөлөгч, "Онгоцны жингийн хязгаарлалтаас болж тусгай нэмэлт нислэг гаргах нь манай компанийн хувьд маш ховор тохиолдол юм." хэмээн онцолсон байна.
Түүнчлэн өнгөрсөн ням гарагт Осака дахь спортын наадам дууссаны дараа ч мөн адил сумочдыг Токио руу буцахад нь нэмэлт онгоцонд суулгасан аж.
Мэргэжлийн сумо бөх болоход ямар нэг жингийн хязгаарлалт байдаггүй ба сумогийн дээд зиндаанд жижиг биетэй сумочид тэргүүлж байсан тохиолдол олон бий ч сумочдын дийлэнх нь том биетэй, жин ихтэй байдаг. 2018 онд зодог тайлсан Орос гаралтай сумоч Орора тухайн үед 292.6 кг байсан билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.