Хит Лежерийн нас барсан шалтгаан нь Мерилин Монрогийнхтой төстэй байжээ

Twitter Print
2014 оны 01-р сар 22-нд 19:21 цагт
Мэдээний зураг,

Ид хийж бүтээх насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн авъяаслаг жүжигчин Хит Лежер эмийн зүй бус хэрэглээнээс хордон нас бараад зургаан жил болжээ. Австралийн жүжигчин, Ирланд, Шотланд гаралтай тэрбээр 2008 оны нэгдүгээр сарын 22-нд зуурдаар энэ хорвоог орхисон юм. Хит 2008 онд "The Dark Knight" киноны Жокерийн дүрд тоглосноороо түүний шагналыг “Оскар”-аас нэхэн хүртсэн төдийгүй Австралийн кино институтийн дээд шагналын түүхэн дэх анхны жүжигчин юм байна. Холливудын жүжигчин Хит Лежерийн гэнэтийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн таамаглал гардаг бөгөөд түүний цогцсыг Нью-Йоркийн Манхэттен дүүрэг дэх орон сууцнаас нь гэрийн үйлчлэгч нь хамгийн түрүүнд олж харсан гэдэг.

Хит Лежерт иллэг хийх ёстой массажист ирсэн тухай гэрийн үйлчлэгч нь мэдэгдэхээр өрөөнд нь ортол жүжигчин залуу амьсгал хураасан байдалтай байжээ. Цагдаа нар гэрийн үйлчлэгч болон массажистаас мэдүүлэг авч, түүний үхлийн шалтгааныг хоёр янзын хувилбараар судалсан гэдэг. Эхнийх нь түүнийг амиа хорлосон гэж үздэг бол хоёрдахь хувилбар нь нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг таамаглал юм. Хит Лежер нь 1979 оны дөрөвдүгээр сарын 4-нд Перт хотод уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ.

Харин ээж нь Франц хэлний багш байж. Хит багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж, сургуулиа төгсөөд Сиднейд очиж “Үзэн ядах 10 шалтгаан”, “Гэртээ харих замд” зэрэг киноны гол дүрд тоглосон байна. Энэ нь түүний уран бүтээлийн гараа байлаа. Тэр 2006 онд Энга Лигийн “Бөгтөр уул” кинонд бүтээсэн ижил хүйстэн ковбой залуугийн дүрээр “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын кино наадмын шагнал мөн “MTV”-ийн оны шилдэг “Кино үнсэлт” номинацид шалгарч нэр алдрын оргилд хүрч байжээ. Цагдаагийн газрынхны мэдээлснээр Хит Лежерийн үхэл Мерилин Монрогийн үхсэн нөхцөл байдалтай маш төстэй байсныг онцлон тэмдэглэсэн байдаг байна. “Хит Лежерийн орны эргэн тойронд маш их хэмжээний нойрсуулах эм байсан” гэжээ. Хит Лежер “Бөгтөр уул” киноноос гадна тэр "Эх оронч", "Рыцарийн түүх", "Ах дүү Гримм", "Чөтгөрүүдийн найр" зэрэг олон кинонд гол ба туслах дүрийг бүтээж байсан юм. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний кинонд бүтээсэн дүрүүд нь амь насаа алдсанаар төгсдөг байжээ.  

Д. Энхнаран 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.