Энэтхэг AstraZeneca компанийн вакцинд зөвшөөрөл олгож, ирэх сараас иргэдээ вакцинд хамруулна

Twitter Print
2020 оны 12-р сар 23-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Энэтхэгийн эрх баригчид дараагийн долоо хоног гэхэд Оксфордын их сургуулийн Их Британи-Шведийн хамтарсан AstraZeneca компанитай хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцинд яаралтай журмаар зөвшөөрөл олгож болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Ингэснээр Энэтхэг улс AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болох юм. Дэлхмйд вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Энэтхэг улс ирэх сараас иргэдээ коронавирусын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа ба AstraZenecaкомпанийн вакцинаас гадна Америкийн Pfizer, дотоодын Bharat Biotech компаниудын вакцинд зөвшөөрөл олгох тухай хэлэлцэж байгаа аж. Дэлхийн хамгийн олон хүн амтай мөн коронавирусын халдвар хамгийн хурдацтай тархаж буй тус улсад коронавирусын эсрэг вакцин хийж эхлэх нь цар тахлын эсрэг томоохон алхам болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

AstraZeneca компанийн вакцин нь орлого багатай болон халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд энгийн хөргүүрт удаан хугацаагаар хадгалах боломжтой, үнийн хувьд хямд тооцогдож байгаа юм. Энэтхэгийн Эмийн стандартыг хянах төв байгууллага нь энэ сарын 9-нд коронавирусын эсрэг 3 вакцинд зөвшөөрөл олгох тухай хэлэлцэж, дээрх 3 вакциныг үйлдвэрлэгч нараас вакциныхаа талаар нэмэлт мэдээлэл өгөхийг шаарджээ. AstraZeneca компанийн вакциныг Энэтхэгт үйлдвэрлэж буй Serum Institute of India компани нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч компани бөгөөд AstraZeneca компанийн вакцины тухай нэмэлт мэдээллийг Энэтхэгийн эрх баригчдад хэдийн илгээгээд байгаа аж.

AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины Их Британи болон Бразилд явуулсан туршилтын явцад 2 бүтэн тун хийлгэсний дараа уг вакцин коронавирусын халдвараас 62 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон бол эхний удаадаа хагас тун хийлгэж, 2дохоо бүтэн тун хийлгэсний дараа уг вакцин коронавирусын халдвараас 90 орчим хувь хамгаалж байгаа нь тогтоогдсон юм. Харин Энэтхэгийн эрх баригчдын хувьд иргэддээ 2 бүтэн тун хийлгэх хувилбарыг хэлэлцэж байгаа аж.

Энэтхэг улс одоогийн байдлаар коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэж буй ямар ч компанитай гэрээ хийгээгүй байгаа ч Serum Institute of India компани AstraZeneca компанийн 50 гаруй сая тун вакцин үйлдвэрлэлтээс гарган хадгалж байгаа ба ирэх 7-р сар гэхэд AstraZeneca компанийн вакцины нийт 400 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.