
Азербайжан Уулын Карабахын засгийн газрыг тэргүүлж байсан тэрбумтан Рубен Варданяныг Азербайжаны хилийг давж, Арменийн хилээр нэвтрэх гэж байхад нь баривчилжээ.
Рубен Варданян нь "Тройка Диалог" хөрөнгө оруулалтын компанийг эзэмшиж байсан бөгөөд "Сколково" бизнесийн сургуулийг үүсгэн байгуулагч юм. 2021 онд тэрээр 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Форбс сэтгүүлээс гаргасан Оросын хамгийн баян 200 хүний жагсаалтанд багтжээ. 2019 оны 3-р сард эрэн сурвалжлах сэтгүүлчдийн OCCRP байгууллага "Тройка Диалог" компанийн оффшор компаниудаар дамжуулан Оросын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүст нууцаар их хэмжээний мөнгө шилжүүлж байсан тухай мэдээлсэн ба 2006-2013 оны хооронд тэдгээр компаниудын дансаар 4.5 тэрбум гаруй ам.долларын гүйлгээ хийгдсэн болохыг тогтоожээ.
2022 оны 9-р сард Р. Варданян ОХУ-ын иргэншлээс татгалзаж буйгаа мэдэгдэн, Уулын Карабах руу нүүжээ. Орос дахь бүх хөрөнгөө тэрээр гэр бүлийн фонддоо шилжүүлж, 11-р сарын 4-нд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах улсын засгийн газрын тэргүүний албан тушаалд томилогдсон байна. 2023 оны 2-р сард Р. Варданян уг албан тушаалаасаа огцорсон ч тэрээр Уулын Карабахд үлдсэн аж. Тэрээр өнгөрсөн долоо хоногт The Guardian сайтад өгсөн ярилцлагадаа өөрийг нь Азербайжаны тал баривчлахаар зорьж байгаа гэдгийг онцолж байжээ.
Р. Варданян Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевыг Уулын Карабах дахь арменичуудыг устгах кампанит ажил явуулж байна хэмээн буруушааж, Азербайжаны эсрэг хориг тогтоохыг уриалж байсан юм.
Баку Р. Варданян Азербайжаны нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Үүний хариуд Арменийн засгийн газар Р. Вартаняныг хамгаалалтанд авах асуудлаар Европын хүний эрхийн шүүхэд хандсан гэжээ
2023 оны 9-р сарын 19-нд Баку хуульд заасан дэглэмээ" тогтоох зорилгоор Уулын Карабахд "терроризмын эсрэг ажиллагаа" эхлүүлснээ мэдэгдсэн ба дараагийн өдөр нь талууд галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн билээ.
Галаа зогсоох зөвшилцалд хүрч, Баку Уулын Карабахын бүс нутгийг хяналтандаа авсантай холбоотойгоор тус бүс нутагт амьдардаг арменичууд олноороо хөрш Армени руу дүрвэж эхэлсэн юм. Лхагва гарагийн өглөөний байдлаар Уулын Карабахаас нийт 50 гаруй хүн Армени руу дүрвээд байна.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.