Эхний 6 сар хүүхдэд ус өгөх шаардлагагүй

Twitter Print
2022 оны 08-р сар 12-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

1. ЯАГААД ЭХНИЙ 6 САР ХҮҮХДЭД УС ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ? ТЭДНИЙ АМ ЦАНГАДАГГҮЙ ГЭЖ ҮҮ?

Эхийн сүүний/эхийн сүү орлуулагч бүтээглэхүүний 87% нь ус байдаг. Иймд эхний 6 сар хоолны төдийгүй ундны хэрэгцээг нь 100% хангана. Нярай хүүхдэд ус өгөх нь сүүгээ бага хөхөх шалтгаан болно.

Энэ нь жингээ сайн нэмэхгүй болгох, хөхний сүүний гарц багасах аюултай. Түүнчлэн сайтар буцалгаж ариутгаагүй ус уулгах нь суулгалт өвчнөөр өвчлүүлж болзошгүй. Иймд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зуны аагим халуунд ч хүүхдийнхээ цангааг зөвхөн эхийн сүүг хөхүүлж тайлахыг зөвлөдөг. Хөхний сүүний эхний хэсэг усны агууламж ихтэй гэдгийг ээжүүд сайн мэднэ.

2. ЯАГААД ХҮҮХДИЙН ТЭЖЭЭЛИЙГ/ЭХИЙН СҮҮ ОРЛУУЛАГЧ БҮТЭЭГЛЭХҮҮНИЙГ ОЙР ОЙРХОН СОЛИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ ВЭ?

Учир нь нэг тэжээлд дасах хугацаа ойролцоогоор 3-5 хоног байдаг. Энэ хугацаанд хүүхдийн гэдэс дүүрэх, баас нь тогтворгүй болох, гэдэс нь хямарснаас тайван биш зовиуртай болдог. Иймд хүүхдийн эмчтэй зөвлөлдөн тэжээлээ нэгэнт зөв сонгосон бол түүгээрээ дагнасан нь дээр.

3. ЯАГААД СУУЛГАЛТ ӨВЧТЭЙ ХҮҮХДЭД СҮҮ БИШ ХЯРАМ УУЛГАХЫГ ЗӨВЛӨДӨГ ВЭ?

Үнээний сүү нь хөхний сүүтэй харьцуулбал давсны агууламж 3 дахин өндөр байдаг. Сүүг хөөрүүлэх явцад ус нь ууршиж улам ч өндөр давстай болно. Гэтэл суулгалттай үед аливаа өтгөн уусмал (өтгөн шөл, 100%-ийн жүүс, өтгөн байхуу цай) үүн дотор хөөрүүлсэн сүү шингэн алдалтыг улам ихэсгэдэг. Иймд сүү, жүүс зэргийг 1:4 харьцаагаар усаар шингэлж өгнө. Ийм шингэнүүд алдсан шингэнийг сайн нөхнө.

4. ЯАГААД ХҮҮХДЭД САХАР, СПИРТ АГУУЛСАН БЭЛДМЭЛҮҮДИЙГ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ ВЭ?

Аливаа эм, бэлдмэлд үндсэн үйлчлэгч бодисоос гадна туслагч бодисууд (excipients) заавал орсон байдаг. Эдгээр туслагч бодисуудыг тухайн бэлдмэлийн жин буюу массыг нэмэгдүүлэх, шимэгдэлтийг сайжруулах, идэвхиэ алдах (тундас үүсэх, ээдэх, задрах) зэргээс сэргийлэх, амт үнэрийг нь тааламжтай болгох зорилгоор ашигладаг. Фруктоз/fructose, глюкоз/glucose, суркоз/sucrose агуулаагүй бэлдмэлийг сахар агуулаагүй буюу sugar-fee хэмээн хаягласан байдаг. Хүүхдэд удаан хугацаагаар хэрэглэх бэлдмэл аль болох сахар агуулаагүй байхыг зөвлөдөг гол шалтгаан нь тэдний амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэнд юм. Хэрвээ эмч/эмзүйч сахар агуулсан бэлдмэлийг хүүхдэд зөвлөсөн бол амны хөндий, шүдний эрүүл ахуйн зөвлөгөөг заавал давхар өгөх ёстой. Түүнчлэн аливаа сахар агуулсан бэлдмэлийг чихрийн шижинтэй, биеийн жингийн илүүдэл/таргалалттай хүнд зөвлөх ёсгүй.

Харин бензилийн спиртыг/benzyl alcohol бэлдмэлийн хадгалалтыг уртасгах (preservative) зорилгоор ашигладаг. Ийм бэлдмэлүүдийг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй байхыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөж байна. Ялангуяа дутуу төрсөн, нярай, хавсарсан хүнд өвчтэй, эм тариа хэрэглэж байгаа хүүхдэд спирт агуулсан бэлдмэл хэрэглэж болохгүй. Учир нь бензилийн спирт биед нь хуримтлагдан хордлого үүсгэх эрсдэлтэй.

5. ЯАГААД 1 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ЗӨГИЙН БАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ВЭ?

Зөгийн балыг хураах, савлах, хадгалах, тээвэрлэх явцад ботулизм өвчний үүсгэгч нян үржих магадлалтай гэж үздэг. Ботулизм нь маш хүнд өвчин бөгөөд нярайн, шархны, амьсгалын гэж 3 хуваана. Зөгийн балнаас ботулизм халдварлаж болзошгүй гэж үздэг тул 1 наснаас доош хүүхдэд зөвлөдөггүй. Харин ариутгасан, найдвартай зөгийн балыг 6 сартайгаас өгч болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.