
Их Британийн ханхүү Харри, гэргий Меган Марклын хамтаар хатан хааны гэр бүлийн өндөр дээд хэргэм зэрэг бүхий гишүүдэд улсаас олгодог тэтгэлгээс татгалзаж, санхүүгийн тал дээр "хараат бус" байх шийдвэрт хүрсэнээ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.
Инстаграм дахь хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар энэхүү шийдвэрийг олон сарын турш бодож тунгаасны эцэст гаргасан болохоо онцолсон ба ханхүү Харри, гэргийн хамт хатан хааны гэр бүлийн гишүүний өндөр дээд хэргэм зэргээс татгалзаж байгаа ч эрхэм дээд Хатан хааныг үргэлж дэмжсээр байх болно гэдгээ дурдсан байна.
Английн Хатан хааны гэр бүлийн гишүүд жил бүр улсаас тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртдэг ба уг тэтгэлгийг засгийн газраас тусгайлан төсөвлөдөг аж. Нөгөөтэйгүүр уг тэтгэлгийг Хатан хааны гэр бүлийн өндөр дээд хэргэм зэрэг бүхий гишүүд л хүртдэг ба тэдгээр гишүүдэд Хатан хаан болон түүний хүүхдүүд, ач хүү Уильям болон Харри нар гэргийн хамтаар багтдаг аж. Ханхүү Харри, гэргий Меган Марклын хамтаар Хатан хааны гэр бүлийн өндөр дээд хэргэм зэргээсээ татгалзах нь Английн хатан хааны гэр бүлийн дүр төрх, нэр хүндэд маш ихээр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Гүнж Дианагийн үхэл ханхүү Харрид маш хүнд туссан ба Хатан хааны гэр бүлийн өндөр хэргэм зэрэг бүхий гишүүн байх нь нь өөрт нь хэцүү санагддаг болохыг удаа дараа илэрхийлж байсан билээ. Харин түүний гэргий Меган Марклын хувьд Хатан хааны гэр бүлийн "дуугүй" нэг гишүүн байхыг хүсэхгүй байгаагаа мөн Хатан хааны гэр бүлийн гишүүн болсоноос хойш хэвлэл мэдээллийнхэн түүний алхам бүрийг шүүмжлэх болсон нь түүнд маш хүнд тусч байгаа тухай дурдаж байсан юм.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.