Хөөрхий дөө, миний муу Ардчилсан нам

Twitter Print
2021 оны 05-р сар 30-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Би АН-ын гишүүн биш. Гэхдээ ардчилсан тогтолцоонд итгэдэг жирийн л нэг иргэн. Нэг буруу алхвал, буруудсанаа мэдэхгүй урагшилсаар байвал, урагшлах нэрээр үзэл санаа, үнэт зүйлээ гээвэл ямар үр дагаварт хүргэдэгийг Монголчууд бид харж байна. Нэгэн цагт Ардчилалаар гангарч, Ардчилсан намаар бахархдаг үе байв. Хамгийн дэвшилтэт сэхээтэн, гадны оронд өндөр боловсрол эзэмшсэн залуус, бизнесийн ертөнцөд амжилт олж буй хүн бүр тус намыг зорьдог, дэмждэг, итгэдэг байлаа.

Шинэ санаа, зоригтой өөрчлөлт, хүний эрх, үндэстний эрх чөлөө гуравдагч хөршийн бодлого, жагсаж цуглах үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэх мэт энэ бүхэн ардчилагчдын нүүр царай байсан. Ердөө саяхан буюу 2012 онд шүү дээ. Харин одоо Ардчилсан ах нарын АН-ыг өмч хөрөнгөө мэт хандсан тэмцлийн дор хайртай ардчилал маань булшлагдаж, сэхээний орон дээр амь төдий үлдэв. Мөнгөтэй даргын дэмжлэг авсан л бол ямар ч худалч, хулгайч, ичих нүүргүй, танхай балмад, хүнээ гэх сэтгэлгүй хүмүүсийг ТӨР-д томилж байсаны шууд үр дүн. Залгамж үеээ бэлдээгүйн улмаас "намчин бацаан"-уудын амбиц дор сөхрөв.

Хаана байна, өнөөх улстөрийн дэмжлэг авч гэнэт баяжсан хүмүүс чинь. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан үзэл санааг хамгаалж, иргэдээ мэдэх эрхээр хангаж, үнэт зүйлийнхээ төлөө хэн нь ч лидер болж явсангүй. Хүлээн зөвшөөр... 2016 оноос хойш АН-ын байр суурь ганхаж, шинэ үеийнхний дэмжлэг авч чадахаа больсон. Боловсон хүчний ужигт завхрал, үзэл санаа бус өнгө мөнгө дээр тогтож явсаныг харуулчихлаа. Иргэд МАН-д дуртайдаа биш өөр итгэл даах улстөрч, улстөрийн хүчин олдохгүй тулдаа сонголт хийсээр байна.

Өнөөдөр 2012-2016 онд УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр орчих санаатай гүйж явсан цөөнгүй хүн МАН-д гишүүн болчихсон УИХ-ын гишүүн, дарга хийж явна.

Ардчилсан нам том сорилт, их хуваагдлын өмнө зогсож байна. Гэтэл МАН-ын цагаан байранд Монголын бүхий л сэхээтэн, бизнес эрхлэгч, нийгмийн сүлжээний нөлөөлөгч залуус хадаг барин очих болов. Харин АН-ын удирдлагуудын дэргэд өнөөх л 1990 оны партизан, олон нийтийн өмнө нэр нүүрээ барсан хөгшин залуу улстөрчид, ажил хийж баялаг бүтээж үзээгүй намчин нөхөд явна. Бие биенээ хүндэлдэггүй, хараал хэрүүлээр танигдах дуртай, хэзээд намын институт болж төлөвшөөгүй нөгөө л дүр төрх. Харуусалтай... АН-ын дотоод зодоон бүгдийн өмнө ил нэрээр үнэт зүйл, итгэл үнэмшлээ дэвслэн хаясаар... Энэ маягаараа бол 2024 он төдийгүй 2028 онд ч АН олонхи болохгүй. Ядаж 20-оос дээш суудалтай хүчирхэг сөрөг хүчин болох ч найдвар алга.

АН-ын гишүүд ээ, Та нарын энэ тэнэглэл, энэ муйхарлал, энэ балмад хандлагын төлөөсөнд ардчилал үгүй болж байна. Хамгийн их санаа зовоож буй зүйл бол энэ. Халамжинд угжуулсан, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй иргэдтэй орноос инженер, эрдэмтэн, бизнес эрхлэгч гэх мэт хамгийн дэвшилтэт сэхээтэнгүүд явж байна. Энэ МАН-ын гэхээс илүүтэй АН-ын буруу шүү. Хайран нам, хайран ард түмний итгэл, хайран 1990-ээд онд хувьчилж устгасан үйлдвэрүүд, хайран энэ намд амьдралаа зориулсан хүмүүс гэж хүн бүр халаглаж байна. Яасан юм ойлгож, ухаарч өгдөггүй эрх ашиг, бардамнал вэ?

Одоо сэхээнд орсон АН-ын ганц аврал нь үнэт зүйлээ дээдэлсэн залуусыг нэгтгэх юм. Хаалга үүдээ зоригтой нээ, тэдэнд чиглэсэн нөлөөллийн ажил хий, ёс зүйн хариуцлага хүлээх хүмүүсээ явуул. Ардчилал бол институт. Бүх зүйл хууль дүрэм журмын дагуу явах ёстой. Олонхи нь ч хуулийн дээгүүр алхах эрхгүй. Хэрвээ хууль дүрэм журмаас давсан хувь хүний шийдвэр ялдаг болчихвол АН үүрд баяртай болно. Мөн хувийн өмч, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхийн төлөө тууштай тэмц. Хамгийн харамсалтай нь зөвшөөрөл авч жагсдаг, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хяхан боогдуулах, дарга шүүмжилсэн иргэнийг цагдаа шүүхээр айлгадаг тэр л өөрчлөлтүүдийг АНдуудын үед хийсэн байдаг. "Яаж байгаа юм бэ?" болохгүй шдээ гэж хэлж сануулж байхад мөнхийн эрх мэдэлтэй байх юм шиг л аягласан. УИХ дахь намын бүлэг хугацаагүй завсарлага авдаг байх үед "төрийн ажил гацааж байна" нэрээр мөн л АН байхгүй болгосон. Одоо үйлийн үрийнхөө төлөөсөнд ямар ч нөлөөгүй хэдэн хүн УИХ-д сууж байна. Дээр нь дэмжээд өгье гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн чуулган, байнгын хорооны хуралдаанд хэлж буй үгс чамлалттай байх юм. Ямар ч бэлтгэл, тооцоо судалгаа, илтгэх чадвар, мэдрэмж алга. 2004, 2008 оны парламентад байсан чадварлаг АН үгүйлэгдэж байна. Ардчилсан хувьсгалын лидер Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг ямар нэгэн аргаар шоронд хийвэл баярлах нийгмийн сэтгэл зүй бүрдчихлээ. Энэ бол зүгээр нэг PR ухуулгын нөлөө биш шүү.

Харин МАН-ын гишүүд, МАН-ын буянаар ажил албатай буй хүмүүс баярлах хэрэггүй. Нэг нам дангаар урт хугацаанд засаглах нь тун удахгүй сөрөг үр дагавараа өгч эхэлнэ. Өрсөлдөгчгүй улстөрийн орчинд хэлмэгдэл ойрхон ирдэг. "Дайсан"-гүй болчихоороо бүх зүйл нам жим болчихдоггүй юм. "Дайсан"-г нам дотроосоо илрүүлэх компанит ажиллагаа явж, өөр үзэл бодол, өөр санаачилга бүрийг нухчин дарна. Энэ бол дэлхийн улстөрд явагддаг зүй тогтол. Тийм ч учраас аль ч улс оронд хүчтэй 2 нам, алдаа хийхэд нь чөдөрлөх гуравдагч хүчний намууд байдаг. Өнөөдөр улстөрийн мэдээлэлд Like дарж, Share хийх эрхээ ч цагдуулаад эхэлсэн төрийн албан хаагчдад дараагийн аюул ойрхон бий.

Эцэст нь: Би Ардчилалын төлөөх чин сэтгэлтэнгүүд байдаг гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Завхарсан намын тогтолцоог засч, замхарсан Ардчилалаа хайрлах олон хүн бий. Харамсалтай нь сэтгэлтэй хүмүүс нь урд гарах, бодлого тодорхойлох болоогүй, тэднийгээ үл тоомсорлох хандлага ажиглагдсаар л байна.

Монгол Улсыг хүчтэй хувь хүн биш хувийн хэвшил л хөгжүүлнэ.

Сэтгүүлч Н.Урантогтох

/2021.05.28/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.