Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн бодисын солилцоонд, ялангуяа түүний дотроос уургийн солилцоо алдагдсанаас цусанд шээсний хүчил ихсэж, үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримтлагддаг. Үүнээс үүдэн үенд үрэвсэл үүсгэдэг тогтолцооны өвчнийг тулай гэдэг. Тулай өвчнийг нарийн мэдэхийн тулд пурины солилцоог мэдэх хэрэгтэй болно. Пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм.

Пурин нь хүний биед хоол хүнсээр болон нийлэгжих замаар гэсэн хоёр аргаар нөөцлөгддөг. Тулайгаар өвдсөн өвчтөний 90 хувь нь удамшлын шалтгаантай байх хандлагатай. Хэрэв их хэмжээний пурин агуулсан хоол хүнс хэрэглэвэл удаан хугацаанд уратын давс хуримтлагдсаар үе өвдөх шалтгаан болдог. Пурин агуулсан хүнсэнд архи, пиво, айраг, өөхтэй мах, таван цул, гэдэс дотор, тослог загас зэрэг тослог хоол хамаардаг.

Тулай өвчин 4 хэлбэртэй байдаг.

1. Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихэсдэг хэлбэр

2. Тулайн цочмог үений үрэвсэлтэй хэлбэр

3. Завсарлагатай тулай

4. Тофустай архаг тулай гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.

Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихсэх хэлбэрийн үед үеэр өвдөх шинж илрэхгүй, зөвхөн цусанд шээсний хүчил ихэссэн байдаг. Зарим хүнд цусанд шээсний хүчил ихсээд насан туршдаа явж болно. Шээсний хүчил ихсэх тусам тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Тулайн цочмог үений үрэвслийн хэлбэр нь маш хүчтэй үений үрэвслээр эхэлдэг. Эхэндээ нэг үений үрэвсэл байснаа олон удаа сэдрэх тусам олон үе хамарч, өвдөлтийн хүч нэмэгдэж хүндэрдэг. Энэ үед эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд үений үрэвслийн хам шинж ул мөргүй эдгэх боломжтой.

Тулай өвчний эмчилгээ:

Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тухайлбал, хоолны дэглэм сайн барих байх, архи пиво хэрэглэхгүй байх, үеэ дааруулахаас сэргийлэх, үрэвсэлтэй үеэ амрааж, байнга ачаалал өгөхгүй байх ёстой. Мөн үеэ гэмтээх, эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтад зөв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тулай дахих гол хүчин зүйл болдог. Дээрх дэглэмийг сахиж чадаагүйгээс тулай өвчин хүндэрч олон үеийг хамрах, бөөр давсагт чулуу үүсгэх, бөөрний дутагдалд хүргэх улмаар суугаа болох, хөдөлмөрийн чадвар алдах магадлал тун өндөр.

Эх сурвалж: Vitamix витамин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.