Балбад зорчигч тээврийн онгоц осолдож, 68 хүн амиа алдлаа

Twitter Print
2023 оны 01-р сар 16-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Балбад зорчигч тээврийн онгоц осолджээ

Өнгөрсөн ням гарагт Балбын нийслэл Катмандугаас Покхара хот чиглэлтэй нисэж байсан Yeti Airlines компанийн зорчигч тээврийн онгоц осолдож, 68 хүн амиа алджээ. 

Тус онгоцонд нийт 72 хүн зорчиж байсан ба ослын газарт өнгөрсөн ням гарагт олон зуун аврагчид шөнө болтол ажиллажээ. 

Агаарын тээврийн салбарт гарсан ослуудыг бүртгэлэг Aviation Safety Network сайтад бичсэнээр өнгөрсөн ням гарагт болсон осол нь Балба улсад 1992 оноос хойш гарсан хамгийн том осол аж. 1992 онд Катмандугийн ойролцоо Pakistan International Airlines компанийн Airbus A300 зорчигч тээврийн онгоц осолдож, онгоцонд байсан 167 хүн амь амь үрэгдсэн юм. 

2000 оноос хойш Балбад онгоц болон  нисдэг тэрэгний ослоор нийт 350 хүн амиа алдаад байна. Уулархаг газар нутагтай Балба улсад дэлхийн хамгийн өндөр 14 уулны 8 нь байдаг ба цаг агаарын байдал нь эрс тэс өөрчлөгдөх нь аюултай нөхцөл байдал үүсгэх нь элбэг аж. 

Европын холбооны зүгээс аюулгүй байдлын шалтгаанаар 2013 оноос хойш Балбын агаарын тээврийн компаниудын онгоцнуудыг агаарын бүсдээ оруулахыг хориглосон билээ. 

Покхарад осолдсон онгоц хамгийн сүүлд өглөө 10 цаг 50 минутанд Покхара хотын нисэх онгоцны буудалтай холбогдсоныхоо дараа удалгүй осолджээ. Ослын улмаас 68 хүн амь үрэгдээд байна.

Балбын засгийн газар ослын шалтгааныг шалгах тусгай баг томилсон ба тус баг нь 45 хоногийн дотор ослын шалтгааныг олж тогтоох аж. 

Францын агаарын тээврийн ослыг шалгах агентлаг Балбад болсон ослын шалтгааныг тодруулах ажилд хамтран оролцоно гэдгээ мэдэгджээ. 

Покхарад осолдсон Yeti Airlines компанийн онгоцонд 3 нярай хүүхэд, бага насны 3 хүүхэд зорчиж байсан бол зорчигчдын дотор Энэтхэг улсын 5 иргэн, ОХУ-ын 4, Ирландын 1, БНСУ-ын 2, Австрали, Франц, Аргентин улсын иргэн тус бүр 1 зорчиж байсан аж 

Нийслэл Катмандугаас Балбын хоёр дахь том хот болох Покхара хүрэх зам нь жуулчдын хамгийн ихээр зорчдог зам бөгөөд жуулчдын дийлэнх нь уулын замаар автомашинаар 6 цаг явахаас илүү Покхара руу нисэхийг илүүд үздэг аж. 

FlightRadar24 сайтанд осолдсон онгоц нь 15 жилийн настай байсан мөн тус онгоцны долгион хүлээн авагч нь хуучирсан байсныг онцолсон байна. 

Yeti Airlines компани нь Балбын дотоодын хамгийн том агаарын тээврийн компани бөгөөд Покхарад болсон ослын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн даваа гарагийн бүх нислэгээ цуцалжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.