Өөрсдийгөө үгүйсгүүлэх сэтгүүлчид хөөрхий

Twitter Print
2017 оны 09-р сар 14-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Уг нь сэтгүүлч гэдэг хамгийн сайхан мэргэжлийн нэгэн юм. Өглөө бүр дуу алдан баярлан хөөрч бүхэл өдрийн турш урам зоригтой алхуулах гэгээн сайхан бүхнийг гагцхүү сэтгүүлчид л нийгэм олонд түрүүлэн түгээдэг. Тэгвэл алс холын далайн усанд хөлөг онгоц осолдож арван хэдхэн настай цэцэг, цэврүү шиг энхрий хүүхдүүд хэдэн зуугаараа амьсгал хураах, аль эсвэл хүн дүрстэй галзуу араатнууд хаа нэгтэй хүний алтан амь егүүтгэх гээд дахин дуулмааргүй аймшиг, зүрх шимшрүүлсэн гуниг зовлон бүхнийг өөр хэн ч биш сэтгүүлчид зориглон дуугарч, анхны мэдээллийг дамжуулдаг.

Улс орны амьдрал, хөгжлийн сайн сайхан, улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, ирээдүй рүү уриалан дуудсан мэдээлэл бүхэн гагцхүү ган үзэг барьсан мэргэжил нэгт сэтгүүлчид та бүхний цаг, минут бүхэнтэй өрсөлдөн хийж бүтээсэн оюуны үнэт хөрөнгө, амтат шинэхэн талх билээ.

Нийгэм, улс эх орноо шинэ соргог, гэгээн сайхан мэдээллээр хангаж ирээдүй рүү хөтлөх үүрэгтэй сэтгүүлч бидний ажил ганц өдөр тасалдвал энэ улс оронд ямархуу харанхуй нөмөрч, гайхаж мэгдсэн ард олон аврал эрэн дор дороо бужиналдахыг төсөөлөн бодоход ч аймшигтай. Нэг өглөө босоод ирэхэд л өдөр тутмын ширхэг ч сонин хэвлэгдээгүй, бүх л телевиз, богино долгионы радионууд таг зогсчихсон байвал юу болохыг төсөөлөх ч аргагүй.

Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц мэдээллийн орон зай хэмээх хэмжээ хязгааргүй ертөнцийг дүүргэж, оюуны  хэмжээлшгүй үнэт талх барьсаар яваа сэтгүүлчид биднийг “Дөрөв дэх засаглалынхан” хэмээн нэрийддэг нь ч учиртай. Бид дөрөв дэх засаглалын хэмжээнд сэтгэж, бүтээн туурвиж нийгэм, улс орноо түүчээлэн урагшлах ёстой юм, уг нь. Гэтэл сүүлийн 10-хан жилд дөрөв дэх засаглалын тэргүүн эгнээний байлдагч, сэтгүүлчид бидний нэр хүнд нийгэм, ард олны дунд байж болох хамгийн доод хэмжүүртээ уналаа.

Урьд нь сэтгүүлч, сурвалжлагчид  хөдөө, гадаа, үйлдвэр, сургууль, цэрэг, цагдаа гээд хаана л яваад очно хамгийн хүндтэй зочдын ёсоор хүндэтгэлтэйгээр угтуулдаг байлаа. Тэдэнд байгаа бүх мэдээ, материалаа уриалагхан танилцуулж, сурвалжилж тэмдэглэх ажилд нь бүх талын дэмжлэг туслалцааг харамгүй үзүүлдэг байв. Харин одоо сэтгүүлч, сурвалжлагчдын ажилд туслах нь байтугай хөөх нь холгүй харьцах болж. Сурвалжлагч гэвэл “Хэний мууд дурлаж, ямар алдаа мадагтай мэдээлэл гаргах гэж яваа бол доо” хэмээн сэжигтэй харц чулуудаж, бушуухан салахын түүс болдог болж.

Энэ бүхний буруутан нь өөр хэн ч биш сэтгүүлч, сурвалжлагч нэр зүүсэн годгорхон охид, хэнэггүй, хээгүй залуу сэтгүүлч та бүхнээс л болж байгаа гэдгийг шулуухан хэлэх цаг нь болсон.

Аль нэгэн хувийн их, дээд сургуульд дөрвөн жил хагас сураад төгсөж байгаа өнөөдрийн эрхэм сэтгүүлчид юуны өмнө Монгол хүн мөн гэдгээ батлах эхний шалгалтыг бүгдээрээ шахуу өгцгөөхөд гэмгүй санагдана. Монгол хэлэнд эр, эм эгшиг, үйлт нэрийн “х” гэж байдаг юм байна гэдгийг тархи толгойдоо хэзээ ч мартахааргүй суулгахын тулд ядаж л сэтгүүлч мэргэжлээр сураад төгсөж байгаа оюутнуудаас зөв бичгийн дүрмийн шалгалт авахад буруудах зүйлгүй.

Хэрэглэгчдийг үнэн зөв, шударга, тэнцвэртэй мэдээллээр хангах нь сэтгүүлч бидний алтан зарчим байх учиртай. Гэтэл дөрөв, тавхан өгүүлбэртэй мэдээ бичихдээ хувь хүний овог нэр, албан тушаал, хэргэм зэргийг ор тас буруу, худлаа бичих нь гайхаж дуу алдмаар их болж. Сүүлийн үед сэтгүүлч охид цагдаа, цэрэг, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын зэрэг цолыг арай л дэндүү алдаатай, болчимгүй бичих боллоо. Ялангуяа Онцгой байдлын ерөнхий газар, ЦЕГ-ын албан хаагчдын албаны зэрэг цолыг тун их алдаатай бичих болж.

Хамгийн ойрын жишээ авахад Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Дарь.Сүхбаатар “За албан тушаалын зэрэг, цолыг зөв бичүүлж үзээрэй. Танай сэтгүүлчид мөн ч хэнэггүй залдаг улс шүү” гэж нэгэн мэдээллийнхээ дараа байн, байн сануулж байсныг санаж байна.

Ганцхан жишээ дурьдахад, “Үндэстэн” сайтын нэгэн сэтгүүлч ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүг “Хошууч Б.Баатархүүгээс тодруулга авлаа” гээд л биччихсэн байх жишээтэй. Ялангуяа залуу сэтгүүлч охидуудад хууль, цэрэг, хүчний байгууллагуудын цол зэргийн талаар тусгайлсан сургалт зохион байгуулахгүй бол болохгүй болжээ. Арга ч үгүй дээ. Цэрэг, цагдаагийн талаар наад захын мэдлэггүй тэд байтугай нэг жилийн цэрэгт яваад ирсэн зарим залуучууд ч цэргийн цолыг сайн ялгадаггүй болсон цаг. Тэр ч байтугай Бригадын генерал, хошууч генерал хоёрыг ялгадаггүй манайдаа гайгүй гэгдсэн эрхэм сэтгүүлчтэй таарч л явлаа. Энэ мэтчилэн сэтгүүлч хэмээх эрхэм сайхан нэрийг эрэмдэглэж яваа бие тоохын буртагаар нүд, сэтгэл нь булингартсан энэ цагийн эрхэм сэтгүүлч охид, залуус цөөн хэдэн үгнээс минь авахыг нь аваад хэрэггүйг нь хаясугай хэмээв.

Д.Энхтүвшин 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • anirlagchid

      (202.21.113.140) 2014-05-12 22:51
      • 0
      • 0

      Uuruu sain unshchaad hun shuumjleechee....

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.67) 2014-05-12 15:49
      • 0
      • 1

      Одоогийн хувийн дээд сургууль төгсөгчдийг бол би Соц үеийн ТМС төгссөн боловсролтой л гэж үзнэ. Ямар ч шалгуургүй, төлбөрөө л төлчихвөл сурчихдаг, бас төгсчихдөг сургуулийг дээд сургууль гэдэггүй юм, уучлаарай. Энэ ТМС төгсөгчид аймаар эх захгүй, бохь зажилж, мээмээ гаргаад, шалдан гуяа гялалзуулаад, хоосон толгойгоо хаялаад явж өгнө дөө. Ичмээр ичмээр.

      Хариулах

    • Анирлагч

      (5.9.21.19) 2014-05-12 13:57
      • 0
      • 1

      Та гуай өөрөө алдаад биччихсэн байна шүү дээ. Цагдаагийн цол цэргийн цолноос ялгаатай. Цагдаагийн хурандаа Б.Баатархүү гэж бичих ёстой юм.

      Хариулах