Өгөх нь авахаасаа илүү

Twitter Print
2023 оны 09-р сар 14-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Өгөх нь авахаасаа илүү

Нэгэн удаа би өсвөр охин байхдаа эцэгтэйгээ хамт циркийн тасалбар авахаар зогсож байлаа. Бидний урьд нэгэн гэр бүр зогсож байв.

12 наснаас хэтрээгүй найман хүүхэд байв. Хувцаслалтаас нь харвал мөнгөтэй гэж хэлэхгүй боловч хувцсаа цэмцгэр, цэвэрхэн өмссөн ажээ. Хүүхдүүд хүмүүжилтэй зогсож, эцэг эхийнхээ араас хоёр хоёроороо хөтлөн жагсчээ. Тэд алиалагч, амьтад, тэр орой харах бүх зүйлийн талаар догдлон ярилцаж байлаа. Хүүхдүүдийн догдлолоос харахад тэд урьд нь циркт очиж үзээгүй нь илт байв. Энэ нь тэдний амьдралын онцлох үйл явдал болох нь лавтай.

Аав, ээж хоёр нь бүлийнхээ тэргүүнд бардам зогсож байв. Ээж нь нөхрийнхөө гарыг атгаж, "Чи бол миний баатар" гэсэн шиг харж байх шиг. Эцэг нь гэр бүлийнхээ аз жаргалыг мэдрэж, баяртайгаар инээмсэглэж байлаа.

Тасалбар худалдагч эцгээс хэдэн тасалбар авмаар байна гэж асуув. “Хүүхдийн найм, том хүний хоёр тасалбар” хэмээн хариуллаа. Худалдагч тасалбарын үнийг хэлэнгүүт ээж нь нөхрийнхөө гарыг алдан доош тонгойж, эцгийн уруул нь чичрэв. Ялимгүй ойртоод “Хэд гэнээ?” гэж дахин асуулаа. Худалдагч эмэгтэй үнээ дахиад хэллээ. Тийм мөнгө эцэгт байсангүй. Хүүхдүүдээ циркийн өмнө авчирчихаад мөнгө хүрсэнгүй гэж хэлэх гэж үү?

Юу болж байгааг миний аав хараад, халаасандаа гараа хийж 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд газар унагав (Бид баян байгаагүй юм!). Аав тонгойн 20 долларын дэвсгэрт аван нөгөө хүний мөрөн дээр хүрч, "Уучлаарай эрхэм ээ, таны халааснаас унасан юм" гэж хэлэв.

Эргэж хараад тэр хүн юу болоод байгааг ойлгов. Тэрээр гуйлга гуйгаагүй ч гэсэн цөхрөнгөө барсан, зүрх шимшрүүлсэн, эвгүй нөхцөлд тусламж үзүүлсэнд үнэхээр талархаж байсан юм.

Тэр хүн 20 долларын дэвсгэртийг чанга базаад, аав өөд эгцлэн харж, хоёр гараараа аавын гарыг атгаад, хацар дээгүүр нь нулимс нь урссан чигээрээ уруул нь чичрэн аяархан ингэж хэлэв: “Баярлалаа, баярлалаа, эрхэм ээ. Та надад, манай гэр бүлд ямар юм хийснээ мэдэж байна уу?”.

Аав бид хоёр машиндаа суугаад гэр лүүгээ явлаа. Аавын тэр хүнд өгсөн 20 доллараар бид тасалбараа худалдаж авах гэж байсан юм. Тэр орой цирк үзэж чадаагүй ч гэсэн циркийн өгч чадахаас хамаагүй их баяр баясгаланг бид хоёр дотроо мэдэрсэн билээ.

Тэр өдөр би “ӨГӨХ” гэдгийн үнэ цэнийг мэдсэн. ӨГӨХ нь авахаас илүү том юм. Хэрэв та амьдралаас илүү агуу байхыг хүсч байвал ӨГЧ сур.

Одри Хепберн

Орчуулсан: Б.Батсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.