Б.Энхбайгаль - Бид хаашаа л яваад байна даа...

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Жирийн л нэгэн түүх шиг санагдаж болох юм.

Хөөрхий эмээ чинь өөрийгөө ядраан байж толгой шийр хуйхлахад нь "эмээ боль л доо" гээд, "дэлгүүрээс бэлэн авчихын оронд заавал ингэх хэрэг юу байна аа" гэж урмыг нь хугалснаа санаж байна уу! Олон жилийн дараа тэр амттай хоолыг яаж хийдгийг нь сурч заалгаж аваагүйдээ гэмшивч, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн идэхээс өөр сонголт танд үлдэхгүй. Тоож асуугаад, заалгаж аваагүй болохоор одоо танд юу таарсныг л идэхээс өөр аргагүй. 

Охин хүүхдээ үнэтэй сургуульд явуулж, орчин үеийн арга барилаар өсгөнө. Хайртай охин чинь ичих эмээх тухай ойлголтгүй, америк охид шиг нүүрэмгий, төгөлдөр хуур тоглож, англи, солонгосоор чалчин, шилдэг гэх хамтлагуудыг нэг бүрчлэн дууриадаг. Гэвч тэр аарц яаж буцалгахыг мэдэхгүй. Тараг бүрээд уух нь бүү хэл, хярам хийж ч мэдэхгүй. Тийм л болохоор охин чинь генетикийн өөрчлөлттэй, консерванттай бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүй болно. Ач зээ нар тань ч мөн адил. 

Гэртээ талх барьж, гурил зуураад элдчихдэггүй. Гэрийн боорцог, амттан хийдэггүй, жимсний чанамал бэлддэггүй болохоор л хүү чинь дотор нь юу байгааг мэдэхийн аргагүй импортын элдэв амттан, төмсний чипс, шоколад, вафли, консервлосон компот иддэг. Өдрийн хоолондоо хуушуур хайрч, эсвэл мах чанаад цүнхэлчихэж чаддаггүй болохоор чинь л хүүхэд чинь бэлэн гоймон, гамбургер, коланаас салж чадахаа больсон. Цагаан тос, хайлмаг хийх, бяслаг шахахыг "хөдөөний ажил" гэж үзээд, голланд бяслаг, кимбаб, пиццаг "орчин үежсэн" гэж ойлгодог болохоор аравхан настай хүү чинь биеэ дааж шатаар өгсөж чадахаа больсон. Одоо бол үеийнхэндээ шоолуулдаг, илүүдэл жинтэй. 

Тараг бүрэх танд хэцүү санагдаж болох ч боломжгүй ажил биш. Хотын утаа их байж болно. Зуслангийнхаа байшинд борц хийх тийм хэцүү юу? Талх элдэв хольцтой байна гэж гомдоллохын оронд гэртээ талхаа барих тийм төвөгтэй хэцүү ажил уу? Хэдэн сар болсон импортын лаазалсан бүтээгдэхүүн авч идэхийн оронд шуузаа хийгээд идэх тийм хэцүү юу? 

Айл бүрт шахам гэдэс ходоодны асуудалтай улсууд олон бий. Импортын хадгалалт нь хэтэрсэн хүнснээс болж өвдсөн жишээ олон. Шинэхэн ногоо жимс сайн гээд зах руу очих атлаа органик, Монголын хөрсөнд ургасан болохоороо муудаж эхэлснийг нь тоомжиргүйхэн ширвээд хамгийн гялгар, хаа холоос ирсэн,гэмтээгүй, үнэтээйг нь авдгийн учир юу вэ? Тэгвэл зах руу очих хэрэг байна уу! Хярамцаг, толгой шийрээ идэхгүй атлаа байцаанд ороосон будаанд дурлах...

Америк, солонгос бараа гээд л хуйларцгаах юм. Ихэнх нь өөр газар үйлдвэрлэсэн, эсвэл генетикийн өөрчлөлттэй. гаднаас ирсэн бүхнийг сайн гэх, дотор нь тахианы баас, өт, элдэв шавьж байгаагүй бол баярла. Махаа борцолж, цагаан идээгээ элдэв хольцгүйгээр уламжлалт технологиороо боловсруулаад, жимсээ тарьж ургуулаад, зөгийгөө үржүүлж, балаа гаргаж аваад хоол хүнсээ базаавал Монгол хүн өлсөхгүй бас ядрахгүй. Айргаа сайхан исгээд, нэрмэлээ уувал виски, коньяканд боодол боодлоор нь мөнгө зарлагадах хэрэггүй. 

За үг олдож, үхэр холдлоо. Бид гал тогооныхоо технологио мартаж, хайхрахгүйгээр орхисон нь ойлгомжтой. Пицца бэлэн гоймон идэхээс илүүгээр бидний тархины ажиллагаа л жаахан өөрчлөгдчихсөн бололтой. Хөдөөний зангаа орхиж, хот маяг суулаа гэсэн чинь өөрсдийгөө танихаа байж, гадныхны барааны рекламд дөрлүүлчихэж. Тийм болохоор нэг бол тархиа жаахан өөрөөр ажиллуулаад, уламжлал зан заншлаа сэргээх, эсвэл тааралдсан бүхнээ сайхан гэж хошгирсоор дуусах ийм л сонголт бидэнд үлджээ.

Ядаж хот санаачлаад зөвшөөрлийг нь өгөөд, дулааны улиралд долоо хоногийн нэг өдөр дотоодын хүнсний барааны захыг дүүрэг бүрт гаргаасай. Нэг өдөр ганц гудамжийг л түр хаана биз. Тэглээ гээд хэн ч уурлахгүй. хүн бүхэн уралдаж, гэрийнхээ гаднаас монгол ногоо жимс, цагаан идээгээ аваад л... Иргэдэд дотоодын тариаланчид, хүнсний үйлдвэрлэгчдийг жаахан ойртуулья л даа. Бид ямар нүүж сураагүй биш, нүүдлийн зах байг. 

Хоолны уламжлалт технологийг судалдаг, заадаг, сурталчилдаг газар ингэхэд байна уу, ер нь... Үгүй ингэхэд соёл хариуцсан яам юу хийж байна вэ...? Батаараас илүү уламжлалт хоол, технологи маань музейн үзмэр болчих гээд байна. Батаарыг ч яах вэ буцаагаад авдаг юм байж, харин хоолны технологийг бид дараа нь .... 

Б.Энхбайгаль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.107) 2014-06-03 13:42
      • 0
      • 1

      5-р сарын 14-28ны хооронд ус таслана гэчихээд өнөөдөр 6 сарын 3 болж байхад халуун ус ирээгүй л байна. Ядаж тайлбар хийж болдлггүй юм байх даа. Дандаа Ванга шиг тааж амьдрана гэдэг. Нээрээ арай ч дээ.

      Хариулах