Арав гаруй жилийн тэртээх гайхамшигт нээлт

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

1994 оны тавдугаар сарын 15-ны өглөө задгай ачааны тэвштэй хоёр машин Чилийн Атакама цөл дэх Сан Педро хотын хажуугаар өнгөрч, шороон замаар уул өөд өгсөнө. Машинд яваа таван залуу манай гарагийн хамгийн өндөр, хамгийн хуурай, хамгийн тэгш газрыг эрж яваа нь энэ. Багийн гишүүн, Чилийн одон орон судлаач Эрнан Квинтана топографийн зургаар баримжаалан 5000 метрийн өндөрт орших Чахнантор өндөрлөгт хүрэх зам хайж байлаа.

Амазоны үүлс дорно зүгт нүүхэд Андын нуруу өмнө нь хөндөлсөж, өрнөдөөс үлээх Номхон далайн чийглэг салхи Перугийн хүйтэн агаарын урсгалд цохигддогоос Атакама цөл дэлхийн хамгийн хуурай газруудын нэг болжээ. Тус газрын алслагдмал байрлал, хуурай уур амьсгал нь шөнийн тэнгэрт одод ажиглахад таатай орчин бүрдүүлдэг учраас энд олон улсын ажиглалтын хэд хэдэн томоохон төсөл хэрэгжээд амжжээ. Эдгээр төслийн ихэнх нь огторгуйн нэг хэсгийг оптик долгионы урт буюу хүний нүдэнд харагдах гэрлийн хүрээгээр харахад чиглэж байсан бол Кинтана болон түүний нөхдийн аварга дуран авайнууд галактикийг бүрхэж, оддыг тойрон хуйларч, одод хоорондох орон зайд оршин тогтнох тоосонцор, хийн давхаргад хүрэх чадалтай. Төслийг хэрэгжүүлэхэд 20 жилээс гадна нэг тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд тохиромжтой газар олох нь чухал.

Огторгуйд эргэлдэх биетүүд халуун хүйтэн байхаасаа хамаараад янз бүрийн урттай долгион цацруулж байдаг. Жишээ нь тэсэрч буй шинэ од шатам халуун байдгаас хэдэн тэрбум нартай тэнцэхүйц хурц гэрэл сацруулахын зэрэгцээ богино долгион бүхий асар их энергитэй рентген болон гамма туяа илгээдэг. Үүнийг тусгай зориулалтын дуран авайгаар л олж мэдрэх боломжтой. Харин хүйтэн бүс дэх сүүлт од, жижиг гарагуудаас хүний нүд, оптик телескопын мэдрэх чадамжаас илүү урт, хэт улаан туяатай долгион ирдэг юм. 

Орчлон ертөнцийн ихэнх нь туйлын хүйтэн байдаг. Оддыг үүсгэгч тоос болон хийн үүл нь тэг хэм буюу атомууд хөших хэмжээний хүйтнээс үл ялиг дулаан байдаг гэж хэлж болно. Чухам ийм орчинд шинэхэн оддыг тойрон эргэлдэх манан дунд хумхын тоос болон хий бөөгнөрч гараг бүрэлдэх эхлэлийг нь тавьдаг ажээ.

1960-аад онд одон орон судлаачид энэхүү “хүйтэн орчлон”-г ажиглах оролдлого хийх үеэр эх газарт суурилуулсан антеннаар хэт улаан туяанаас урт, миллиметр, субмиллиметрээр хэмжигдэх долгионыг илрүүлэх нь түвэгтэй гэдгийг ойлгосон юм. Наад зах нь үлэмж их агаар саад болж байлаа. Агаар мандлаар саадгүй дамждаг нүдэнд үзэгдэх их гэрэлтэй харьцуулахад миллиметр, субмиллиметрийн долгион нь замдаа газрын усны ууранд (гэрлийн хүрээнд ижил туяатай) шингэн сарниж байлаа. Асар том хүлээн авагчтай радио таваг байсан ч ийм бичил долгион нүдэнд харагдах гэрлээс хамаагүй сул дохио илгээдэг юм.

Үүнийг шийдэхийн тулд судлаачид хуурай нөхцөл бүхий газарт хэд хэдэн хүлээн авагч антеннийг цувраа байрлуулж, тэдгээрийн дохиог нийлүүлэн нэг цул байдлаар ажиллуулах санаа төрж, 1980-аад он гэхэд Япон, Франц болон АНУ-ын Хавай, Калифорни мужуудад хэд хэдэн ийм жижиг цувааг ажиллуулж туршсан байдаг. Гэсэн ч тун удалгүй технологийн дэвшлийн ачаар дуранг бүтээх боломж гарч, өргөн, тэгш өндөрлөг газарт цувуулан байрлуулахаар болсон юм.

Чухам энэ зорилгоор Европ, Япон, АНУ-ын судалгааны төвүүд Атакама цөлд аварга том дуран авай байрлуулах болжээ.

Хойд Америкийн 25 тавагны сүүлч болох энэ төхөөрөмжийг тусгай сууринд (баруун доод тал) бэхэлснээр 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй, дэлхийн хамгийн том дуран авай ажиллахад бэлэн болно. АНУ, Европ, Японы хамтарсан энэ төсөл урьд өмнө таавар төдий байсан сансрын орон зайг жинхэнэ утгаараа зураглах нь манай гарагийн хамгийн чухал нээлтүүдийн нэг болсон билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.