Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 3 саяыг давлаа

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 3 саяыг давж, нийт халдвар авсан иргэдийн 1 сая нь АНУ-д бүртгэгдээд байна.

Коронавирусын халдвар авсан анхны 41 тохиолдол БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 1-р сарын 10-нд бүртгэгдсэн ба 4 хүрэхгүй сарын хугацаанд уг вирусын халдварыг авсан иргэдийн тоо 3 саяыг давлаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дэлхий даяар коронавирусын халдвараар өдөрт дунджаар 82 мянган хүн өвчилж байсан бол эдгээрийн 25 гаруй хувь нь АНУ-д, 43 гаруй хувь нь Европын улс орнуудад бүртгэгджээ. Даваа гарагийн байдлаар коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 205 мянгыг даваад байна.

КОВИД-19 өвчин хамгийн ихээр бүртгэгдсэн Итали, Франц, Испани зэрэг Европын орнуудад сүүлийн долоо хоногуудад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа ч өнгөрсөн долоо хоногт эдгээр улс орнуудад өдөрт дунджаар 2000-5000 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 2.5 хувиар өссөн нь сүүлийн 2 сард бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт юм. Өнгөрсөн 3-р сарын сүүлээр коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөртөө 10 гаруй хувиар өсч байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д өдөрт дунджаар 30 мянга гаруй иргэн коронавирусын халдвартай нь тогтоогдож байсан байна. Ирэх 5-р сарын 4-нөөс Италийн эрх баригчид зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэн бол Испанид хөл хорионы дэглэмийг сулруулсанаар сүүлийн 6 долоо хоногийн турш гэрээс гараагүй хүүхдүүд гадаа гарч тоглох боломжтой болжээ АНУ-д ажилгүйдлийн түвшин 16 хувьд хүрч болзошгүй гэсэнтэй холбоотойгоор хэд хэдэн мужууд үйлдвэр, үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргаад байна. Коронавирусын халдвар авсан нийт иргэдийн 7 хувь нь Азийн улс орнуудад бүртгэгдсэн ба уг вирусын халдвар анх тархаж эхлэх үеэр халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан Япон, Сингапур зэрэг улс орнуудад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо энэ сард огцом нэмэгдсэн юм.

Global coronavirus cases pass three million as lockdowns begin to ease

Өнгөрсөн 2-р сард коронавирусын халдварын дэгдэлтэнд хамгийн ихээр өртсөн БНСУ уг вирусын халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан ба тус улсад өнгөрсөн долоо хоногт л гэхэд өдөрт 10 орчим хүн л коронавирусын халдвар авсан гэж бүртгэгджээ. Коронавирусын халдвар анх бүртгэгдсэн БНХАУ-д өнгөрсөн ням гарагт 3 хүн л коронавирусын халдвартай нь тогтоогдсон ба халдварын голомт болсон Уханьд уг вирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бүх хүмүүс эдгэж, эмнэлгээс гарсан байна.

Латин Америк, Африкт коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт Мексикт уг вирусын халдвар авсан иргэдийн тоо 7-10 хувиар өсч, нийт халдвартай иргэдийн тоо 13 800-д хүрсэн бол Бразилд коронавирусын халдвараар 60 мянга гаруй хүн өвчлөөд байна. Африк тивд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 32 600-д хүрсэн ба эдгээрийн 40 гаруй хувь нь хойд зүгт байрлах улс орнуудад бүртгэгдсэний дотор Марокко, Египет, Алжир зэрэг улс орнууд багтах аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.