
Өнгөрсөн лхагва гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусийн парламентад хэлсэн үгэндээ Минскт газардсан Ryanair компанийн онгоцонд зорчиж байсан сэтгүүлч Роман Протасевич нь бослого зохион байгуулахаар төлөвлөж байсан мөн Барууны орнууд түүнийг эсрэг далд хэлбэрээр дайтаж байна хэмээн онцолжээ.
Өнгөрсөн ням гарагт Беларусийн сөнөөгч онгоц Европын холбооны хоёр улс болох Грекээс Литва чиглэлтэй нисч байсан Ирландын Ryanair зорчигч тээврийн онгоцыг замаас нь эргүүлж, Минскт газардахад хүргэсэн ба Беларусийн аюулгүйн албаныхан тус онгоцонд зорчиж байсан сэтгүүлч Роман Протасевичийг найз охиных нь хамт баривчилсан юм.
2020 оны 8-р сард болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Беларусьт иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан тасраагүй билээ. Иргэд болон сөрөг хүчнийхэн А.Лукашенког сонгуулийг луйвардсан хэмээн үзэж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм. Нөгөө талаас Ерөнхийлөгч А.Лукашенко иргэдийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн тарааж, иргэдийг олноор нь баривчилж, заримд нь эрүүгийн гэмт хэрэг үүсгэн, хорих ял оноогоод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Европын холбоо болон АНУ өнгөрсөн оны 8-р сараас хойш Беларусийн эсрэг олон тооны хорир арга хэмжээ тогтоосон билээ. Гэвч сэтгүүлчийг баривчлахын тулд олон улсын зорчигч тээврийн онгоцыг замаас нь эргүүлж, Минскт газардахад хүргэсэн явдал нь маш ноцтой үйлдэл болохыг Барууны орнууд онцолж байна.
26 настай сэтгүүлч залууг баривчилсны дараагаар Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Роман Протасевичийн хэргээ хүлээж буй видео бичлэг цацагдсан ба сөрөг хүчнийхэн болон түүний гэр бүлийнхэн Роман Протасевичийг уг видео бичлэгийг хийхээс өмнө тамлан зовоож, зодсон байна хэмээн мэдэгдээд байна.
Түүний ээж Наталья Польшийн TVN сувагт өгсөн ярилцлагадаа, "Бусад улс орнуудыг үүний эсрэг зогсож, туслаач гэж гуйж байна. Тэд миний хүүг алах учраас би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна." хэмээн улс орнуудаас тусламж хүссэн байна. Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагийн орой Беларусийн төрийн өмчит сувгаар Роман Протасевичийн найз бүсгүй 23 настай София Сапегагийн хэргээ хүлээж буй бичлэг цацагдсан байна.
Беларусийн сөрөг хүчнийхэн болон ХБНГУ-ын эрх баригчид Роман Протасевич болон түүний найз бүсгүй дарамт шахалтын доор хэргээ хүлээж, бичлэг хийлгэсэн хэмээн үзэж байна. А. Лукашенко олон улсын хориг арга хэмжээний хариуд хатуу арга хэмжээ авна гэсэн бол Беларусийн Ерөнхий сайд зарим бараа бүтээгдэхүүний импортыг зогсоож, транүит тээврийг хязгаарлана хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн А.Лукашенко парламентад хэлсэн үгэндээ Беларусьт дахин гудамжинд жагсаал цуглаан хийх боломжгүй болсон хэмээн онцолжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/defiant-belarus-leader
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээлэл:
-Сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлахын тулд зорчигч тээврийн онгоцыг Минскт буулгажээ - http://mongolcom.mn/read/2767
-Онгоцнуудыг Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин нисэхгүй байхыг уриаллаа - http://mongolcom.mn/read/8347
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.