
Их Британийн Хавдар Судлалын төвөөс хийсэн судалгаагаар эрдэмтэд хавдрын эсийн хувьсан өөрчлөгдөж, амьд үлдэх чадвар "хязгааргүй" болохыг тогтоожээ.
Уушгины хавдартай өвчтнүүдэд 9 жилийн турш хийсэн судалгааны явцад хавдрын эс ямар "хүчирхэг" болох нь эрдэмтдийг гайхшруулжээ. Тиймээс ч хавдрыг төгс эмчлэх эмчилгээ ойрын ирээдүйд гарах төлөвгүй байгаа учраас иргэд хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрыг эрт шатанд нь илрүүлэхэд илүү анхаарах хэрэгтэйг судалгаанд оролцсон эрдэмтэд онцолжээ.
TracerX нэртэй судалгааны үеэр эрдэмтэд хавдрын эс хэрхэн хувьсан өөрчлөгддөг, ямар нөхцөлд тархдаг зэргийг нарийн судалсан ба хавдрын эс зөвхөн нэг хэлбэрээ хадгалаад байдаггүйг олж тогтоожээ.
Хавдрын эс нь дархлааны тогтоолцооноос бултаж, биеэр тархах зэргээр түрэмгий болж өөрчлөгдөх чадвартай аж.
Хавдар нь нэг ширхэг гэмтсэн эсээс эхэлж, мутацид орж, өөрчлөгдсөн олон сая эсүүдийн холимог болон хувирдаг ба эрдэмтэд уушгины хавдартай өвчтнүүдийн хавдрын эсийн онцлог, хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглажээ.
Судалгааны үеэр эрдэмтэд Их Британийн 13 эмнэлэгт эмчлүүлж буй 400 гаруй өвчтнүүдийн уушгины өөр өөр хэсгээс эсийн шинжилгээ авсан аж. Судалгаанд оролцсон профессор Чарльз Суантон, "Хавдрын эсийн дасан зохицох чадварт гайхсан. Хавдрын эсийн хувьсан өөрчлөгдөх хязгааргүй чадвар, мөн эцсийн шатанд хавдрын эсийн тоо хэдэн зуун тэрбум хүрдэг зэргийг харгалзан үзвэл хавдар нь сүүлийн шатандаа орсон өвчтнүүдийг эмчилнэ гэдэг маш хүндрэлтэй. Дээр нь хавдрыг эмчлэх эмчилгээ ойрын хугацаанд гарахгүй. Тиймээс бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ажилдаа илүү анхаарснаараа хавдрын өвчлөлийн асуудалд томоохон хэмжээний нөлөө үзүүлж чадна." хэмээн онцолсон байна.
Таргалалт, тамхи татах, архи согтууруулах ундаа уух, зохисгүй хооллох зэрэг нь зарим хавдрын өвчлөл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн биед илэрсэн үрэвсэл, өвчин эмгэгийг цаг тухайд нь эмчлэх нь хавдраас урьдчилан сэргийлэх чухал алхам гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.