Г.Жигжидсүрэн: Төв аймгийнхаа 100 жилийн ойг би Баатрын алтан соёмбоор мялаалаа

Twitter Print
2023 оны 07-р сар 24-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

- Монголын кино урлагт 60 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг минь Монголын төр үнэллээ. Үүн шиг том баяр гэж юу байх билээ -


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Жийгээ ах аа, юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе?

-Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө баатар болно чинээ бодоогүй. Миний өчүүхэн хөдөлмөрийг Монголын төр ингэж өндрөөр үнэлсэнд баярлаж байна. “Анхны алхам” кино миний дипломын ажил. Тэндээс миний амьдралын анхны алхам эхэлж, үзэгч олон Монголын ард түмэнтэйгээ дэлгэцийн уран бүтээлээрээ учран золгосон.

Би чинь тэртээ 1960 онд Монгол кино үйлдвэрийн босгыг туслах найруулагчийн албатайгаар алхсан хүн. 1962-1967 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг доктор, профессор Л.В.Кулешовын урланд уран сайхны болон телевизийн кино найруулагчаар, профессор А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн.

1967-1992 онд Монгол кино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, 1974-1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшаар ажилласан. Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагваас авахуулаад олон арван шавь төрүүлсэн нь ийм учиртай. 1970 онд “Анхны алхам” киногоо бүтээснээс хойш “Эхлэлт”, “Говийн нүдэн”, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Нарны унага”, “Зарлаагүй дайны оршил”, “Фронтод явах өргөдөл”, “Намар нахиалсан мод”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” гээд кино урлагтай хувь заяагаа холбоод 60 гаруй жилийн нүүр үзэхдээ энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ. 2005 онд Монгол киноны далан жилийн ойгоор өөрийн хань Дамбын Цэцэгийн хамт “Монгол киноны нэвтэрхий толь” гэдэг номыг бүтээсэн. Энэ номд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянгаад оны эхнээс хойших хорин хугацаанд хичнээн мянган кино бүтээгдсэн байх вэ, тэр бүгдийг хоёрдугаар дэвтэрт нь оруулсан. Ингэж Монголын кино урлагийн түүхийг бүтээсэн. Монголын кино урлагт жаран хэдэн жилийн хугацаанд хөдөлмөрлөж зүтгэсэн зүтгэлийг минь Монголын төр үнэллээ гэж ах нь баярлаж сууна. Ханьдаа их баярлалаа. Үнэнийг хэлэхэд миний хань чинь миний тал юм шүү дээ.

Кино урлагт зүтгэсэн нэгэн жарны амьдралын минь ар талыг энэ хүн л дааж ирсэн. Баатрын алтан соёмбо гэдэг чинь их л сайхан байдаг юм байна. Би одоо зусландаа байна. Гэвч наадмаас хойш баяр хүргэсэн хүмүүсийн дуудлага тасарсангүй. Төв аймгийн маань 100 жилийн их ой тохиож байна. Аймгийн түүхэн ойг ах нь баатрын алтан соёмбоор мялаачихлаа. Олон түмэндээ дахиад л өртэй үлдлээ гэж бодож байна. Өнөө Жигжидсүрэн гуай чинь Хөдөлмөрийн баатар авчихлаа, одоо юу хийж, ямар бүтээл хийж бид бүхнийг баярлуулах бол гэж цаана чинь ард түмэн, үзэгч олон маань хүлээж суугаа. Энэ талаасаа бол их том хариуцлага ирж байна даа.

-Тэр жил танайд, таны шавь Өлзийхишигийн Нарангэрэл ахтай хамт очиж, хэдүүлээ оройжингоо сайхан ярьж сууж билээ. Тэгэхэд та Нацагдоржийн ээжийн тухай ярьж байсан. Саяхан би “Яруу найрагчийн ижий” номдоо тэр тухай бичсэн. Нацагдоржийн ээж сайхан Пагматай танай эмээ найзууд байсан гэдэг?

-Тийм юм аа, Нацагдоржийн ээжийг үнэхээр сайхан бүсгүй байсныг миний эмэг ээж ярьдаг байсан.

Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх 1970-аад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн. Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдоржтой хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдоржтой хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. 1950-иад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг. Миний бие их Нацагдоржийнхоо зуун жилийнх нь ойгоор зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм.

-Нэгэнт зохиолчийн ээжийн тухай ярьсных, та чинь бас Дооров(Төрийн шагналт зохиолч Сормууниршийн Дашдооров)-ынхоо ээжийг нулимстай дурсдаг даа?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь 1969 он юм. Мань хүн ерөнхий редактораар, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

-Намайг урлагийн замд хөтөлсөн хүн гэж та Лодойдамба гуайг хэлдэг. Тэр их хүнтэй зэрэгцүүлээд “Монгол киноны тэргүүн жанжин” алдарт Дэжидийн Жигжид гуайн тухай асуух гэсэн юм?

-Намайг арав дугаар анги төгсөх жил Горькийн сургуулийн хуваарь олдоогүй. Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь байдаг юм. Ээжид хэлтэл “ганц хүүгээ тийм сургуульд явуулахгүй” гээд халгаасангүй. Тэгснээс “Хүүгээ Рагчаад хэлнэ, эмч болгоно” гэдэг юм. Рагчаа гэж дотрын нэртэй эмч, доктор байлаа шүү дээ. Рагчаа ах, аав хоёр их найз байсан юм. Ингээд сургууль соёлгүй байж байтал нэг өдөр Лодой багштай таарлаа. Юм гэдэг их сонин. Лодой багш намайг нэг жил Кино үйлдвэрт ажил хий, ирэх жил чамайг хойшоо киноны сургуульд явуулна гэлээ. Тэгж л би Лодой багшаар кино үйлдвэрийг заалгаж босгыг нь алхсан түүхтэй. Самбуу гэж хүнтэй уулз гэж багш хэлсэн. Самбуу гэдэг нь Кино үйлдвэрийн дарга, жигтэйхэн их ханиалгаж бөгшүүлсэн хүн байж билээ. Тэнд би хуваарь хүлээж хоёр жил болсон. Эхний жил нь “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд Жигжид гуайн туслахаар ажилладаг юм. Дараа нь Чимэд-Осор гуайтай “Гологдсон хүүхэн” кинонд ажиллалаа. Монголын кино урлагийн хоёр багана нь болсон аваргуудтай хамт ажиллана гэдэг шаврай бандид бараг л их сургууль төгссөнөөс нь дутуугүй юм болж байлаа. Ингэж Лодой багшийн хэлсний дагуу Бүх холбоотын кино сургуульд Кулешов багшийнхаа гар дээр очсон.

Надад киноны “А” үсгийг заасан хүн бол яалт ч үгүй Жигжид гуай л даа. Түүхэн киног базаж хийдгээрээ гойд байсан. “Ардын элч”-ээс аваад Сүхбаатарын тухай цуврал кинонууд байна. “Мандухай цэцэн хатан”-ыг мань хүнээр хийлгээгүйд би их харамсдаг юм. Дөрөвдүгээр ангийн боловсрол л эзэмшсэн хүн. Найруулагчийн эрдмийг би Тарич багшаас авсан гэж өөрөө ярьдаг байсан. “Цогт тайж”-ийн найруулагчаар Тарич гуай ажиллахад Жигжид гуай ерөнхий оператороор нь ажилласан байсан. Тэгээд гаруйхан насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байв. Монгол кино урлагт тийм л гавьяат байгуулж алтан үсгээр бичигдэх хүн маань киноныхондоо гомдож таалал болсон юм шүү дээ. Мандухайгаас болж, үүний түүхийг хүмүүс мэднэ. Нэг удаа бид хоёр цэргийн ерөнхий сургууль дээр уулзалт хийгээд хэн билээ дээ, нэг хурандаагийн машинаар хүргүүлсэн юм. Тэгтэл өнөө хурандаа чинь Мандухайн тухай асуугаад “Энэ кинонд таны нэр ч байхгүй байна лээ. Уул нь Мандухайн тухай кино хийнэ гэж бүх хүчээ дайчлан зүтгэсэн хүн чинь та биз дээ” гээд палхийтэл хэлтэл Жигжид гуай юу чиг дуугаралгүй шууд асгаруулчихаж билээ. Тэгээд нэг их удаагүй дээ, хөөрхий минь.

-Манай Эрдэнэбулган ах Хатанбаатарт тоглосноо ёстой “их хувь заяа” гэж хэлдэг байсан. “Жигжидсүрэн найруулагчийг би сайн танихгүй байсан үе. Тэгтэл автобусны буудал дээр таарангуутаа бараг л мэнд ус ч үгүй “Хөөе нөхөр минь чи Хатанбаатарын дүрд тоглоно шүү” гэж шууд тулган хэлсэн гэдэг?

-Тэр үнэн л дээ. Намайг хойно сурч байхад З.Баттулга зохиолч “Удвал Хатанбаатарын тухай зохиолч бичиж байгаа гэнэ. Чи амралтаараа очоод уулзаарай” гэж хэлсэн байна. Тэндээс л киноны эхлэл тавигдсан юм. Амралтаараа ирээд Удвал гуайтай уулзтал “Жигжидсүрэн минь ээ, би юу ч гэсэн зохиолоо дуусгаадахъя. Кино болох эсэхийг мэдэхгүй шүү дээ” гэж аядуу намуухнаар намба заан хэлсэн. Би чинь тэр үед ёстой л нөгөө ааг омог нь багтаж ядсан, номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь уучихсан оюутан учир юу юугүй л кино хийнэ гэж байсан үе. Ингэж л уран бүтээлийн ид үедээ “Хатанбаатар”-ыг хийсэн. Харин кино маань дэлгэцэнд гарсны дараа Удвал гуай “Жигжидсүрээн, их сайхан кино болжээ. Дүрүүдээ чи ямар сайн олоо вэ. Харин яагаад миний хайртай Боогоог минь алчихав даа. Үүнд л би сэтгэл эмзэглэлээ. Гэхдээ чиний шийдэл хүмүүст их хүрэх шиг боллоо” гэж билээ. “Их хувь заяа” романд Боогоо үхдэггүйг манайхан мэдэх болов уу. Боогоод тоглосон Алтангэрэл үнэхээр мундаг жүжигчин байсан. Яагаав, “Гарьд магнай”-н молиго Очир шүү дээ. Сайхан ч залуу байсан. “Гарьд магнай”-д тоглосныхоо дараахан “Жийгээ багш аа, би шинэ тэрэг аваад” гээд серчер барьчихсан, кабиндаа хүүгээ суулгачихсан Кино үйлдвэр дээр ирж байсан. Бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байсан. “Тунгалаг Тамир”-ын Хатанбаатарт тоглодог Дамиран “Жийгээ намайг Хатанбаатарынхаа дүрд тоглуулсангүй” гэж гомдоллосон, Цэрэндагва маань “Би Манлай баатар Дамдинсүрэнд тоглохгүй. Ганцхан Аварыгаа бүтээмээр байна” гэж уурлаад, түүнийг загнаж байж Манлай ван, Авар хоёрт зэрэг тоглуулсан гээд яривал барагдахгүй их дурсамж байна.

-Алдарт Мөөеө(Төрийн хошой шагналт Лувсанжамбын Мөрдорж), танай аав хоёр их найз байсан тухай та хэлдэг. “Анхны алхам”-ын “Хунгийн дуу” ч тэр хоёрын нөхөрлөлтэй холбогддог?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь 1969 он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

“Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүй” гээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертод дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

Норовын Гантулга

Эх сурвалж: Өдрийн сонин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.236) 2023-08-09 14:28
      • 0
      • 0

      Г.Жигжидсүрэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул. Аав нь Уургач овогт Жамсрангийн Гомбожав гэдэг.

      Хариулах