Хар хайрцаг дотроос ину

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Боролдой Мягмар хэмээх нэгэн алдар хүндтэй эрхэмтэй уулзаж “хар хайрцаг”-ны асуудлаар хөөрөлдлөө. Театр хэмээх их урлагийн өнөөгийн өнгө төрх, чиг бодлогыг “хүүдийг нь гөвөх” шахуу сэтгэлээсээ ярилцсан гэхэд болно. Мань хүн бол этгээд, пост модернист чиг баримжаатай хүн, амьдралын мөн чанарыг өөрөөр, өөр углуургаар харна уу гэхээс өө нэг иймэрхүү л байдаг гэсэн шиг илж, гулдсан сэтгэлгээгээр хүлээн авахгүй. Угийн л ийм хүн байсан, уул чанар нь алдагдана гэж байхгүй нь илт. Харин өнгөрсөн он жилүүдэд бид оюуны их хомсдолд орчихлоо гэж тэрээр сэтгэл чилээж яваа эр, эхнэрийн хамт. Бор хоногийнхоо хоол унд, өмсөж зүүхээс илүү гарахгүй яваа хүмүүс өнөөдөр халуун хоол, хүйтэн пиво гэсэн сэтгэлгээгээр алжаал стрессээ тайлна уу гэхээс театрын урлагийг олж харахаа байж. Их бодож л хошин шог үзэж сэтгэл хөнгөрнө, эсвэл нэг их уйлдаг эмгэнэлт жүжиг, солонгос савандсан киноноос салахгүй болсон энэ үед арай л өөр хийсвэр сэтгэлгээ үнэртүүлэх хэрэгтэй гэдгийг тэр эртнээс олж харж зорин зорьсоор хэдэн жилийн өмнө мөрөөс болж явсан театрынхаа суурийг тавьсан. Энэ театраа ч “Black Box” хэмээн нэрийдсэн нь (“Хар хайрцаг”) театрын урлагийн хар хайрцагны бодлогыг авч гарах гэж мэрийсэнийх гэж хэлмээр. Бид төрийн хар хайрцагны бодлого хэмээн ярьж, нисэх онгоцны хар хайрцагны бичлэг бүгдийг ил гаргаж өгдөг гэж ойлгодог ч өрөөлд алдаж болохгүй нарийн нандин бүхэн, дотоод сэтгэл үнэлэмжээ дээдлэн хадгалдагаа тэр бүр анзаардаггүй. Энэ бүхэн бидний оюун тархийг удирдан залж явдаг учраас сэтгэл зүрхний чанад орших хар хайрцаг гэсэн үг юм. Үүнийг л Мягмар хэлээд байгаагаас зайлахгүй, театраа “Хар хайрцаг”  гэж нэрлэжээ. Үнэндээ нэрээ ч олсон, зүсээ ч олсон, төрхөө ч олсон, хүнээ ч олсон сайхан театр болжээ.  Гэхдээ “Black Box” театрын загвар, хийцийг анх 1921 онд Швейцарын дизайнер Адольфе Аппиа  санаачилж, өнгөрсөн зууны 60,70-аад онуудад өрнөдийн орнуудад дэлгэрсэн байдаг. Харин С.Мягмар театраа  өөрийн өвөрмөц ертөнцийн нэгэн хэсэг болгожээ.

Дотор нь ороод харахад тэр бүхэн юухнаас ч ажиглагдана. Тэр интерьер засал, өнгө төрх, орон зай, орчин нь маш энгийн шийдэлтэй хэрнээ цаанаа нэг чимхэм донжтой. Арга ч үгүй байх, өөрөө насаараа урлагаар ассан, Москвагийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн хүүхэлдэйн кино найруулагч, зураачаар төгсөж, Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан, харин сүүлд хүүхэлдэйн кино студи байгуулснаар Боролдой хэмээх алдар зүүж ( бага хүүгийнх нь нэр) Холливудыг байлдан дагуулсан, тив дэлхийд алдартай Монгол хүүхэйлдэйн кино бүтээхийг зорьж яваа хүн театраа нэг мэдэлгүй дээ. Ер нь ямар ч хэмжээний жүжиг тавилаа гэхэд орон зай,  дууны орчин (акустика) хүрэлцээтэй, тайзан дээр өрнөж байгаа үйл явдал, уур амьсгал танхимд хүрч очиж наалдаж байгаа нь харагдаж байлаа. Театрын тайз ер нь хаанаас ч урган гарч болно гэсэн үг. Ийм нэгэн орчин дунд бид авангард урсгалын томоохон төлөөлөгч  Францын зохиолч Эжен  Ионескогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Хирсүүд” жүжгийг  сонирхлоо. 1995 онд 85 насыг зооглож, Парис хотноо тэнгэрт халих хүртлээ энэ зохиолч дэлхийн театрын урлагт шинэчлэл хийж, зохиолын уламжлалт бүтэц, зохиомжийг үгүйсгэн, жүжгийн үйл явдал, орон зай, цаг хугацааг хамааралгүй болгож орхисон. Энэ хүний этгээд хийсвэр ертөнцөөр (“ Хирснүүд”) ороод гарахад, энэ чинь ер нь юу билээ, энэ чинь нийгмээ хирсний эврээр чичээд байгаа юм биш үү гэх олон янзын бодол төрүүлнэ. Ингээд уг жүжгийн өлгийдөж авсан эрхэм найруулагч С.Мягмартай тухайлан уг жүжигт тулгуурлан өнөөгийн нийгэм тойрсон олон асуудлаар ярилцлаа.

-Жүжгийн тавилт өөрөө ийм гэрэл, харанхуйгаар цавчсан түгшүүртэй орчин бий болгоод байна гэж ойлгогдож байна. Бидний өнөөгийн нийгэмд байдаг үзэгдлүүд харагдаад байгаа юм биш үү. Иймэрхүү жүжиг тоглоход ер нь үзэгч хэр байна?

-Магадгүй энэ театрын байшинг тавилга зардаг дэлгүүр ч юм уу болговол түрээсийн мөнгө аваад мөнгө олоод байж болох юм. Гэтэл тэгэлгүй жүжиг тоглоод байгаа нь өөрөө солиорол байх л даа. Гэхдээ үзэгч байгаа, нийгмийн оюунлаг хэсэг өнөөдөр ойлгодог болсон шүү. Харин бид их оройтож эхэлсэн байна. Бид бол 20 жилийг зүгээр л тавиад туучихсан юм билээ. Ганцхан хайрцган дотор, нэг өрөөнд л байсан, бид. Социалист реализм гэдэг өрөөнд. Тэрнээсээ гардаг ч үгүй. 

Манай театрын хувьд уран бүтээлийн олз ихтэй байна. Жүжигчид маань урамтай, үзэгчид тасрахгүй байхад ажилтан, ажилчид маань ч баяртай байх юм. Абсурдизмын цуутай төлөөлөгч Эжен Ионескогийн бүтээлийг  бид тайзнаа тавьсандаа урамтай байна. Голдуу хоригддог, хаагддаг, зовлон үздэг тавилантай жүжгүүд төрүүлдэг Эжен Ионоскогийн нэг жүжиг ч болов Монголын тайзан дээр амилна гэдэг  Хүний сэтгэл оюун зөвхөн бодит байдлын дунд оршдоггүй юм аа, бас хийсвэрлэх агуу өргөн талбар байдаг юм гэдгийг хэлж, антитеатрыг бий болгож, реализмын хажуугаар хийсвэрлэх урлаг абсурдизмыг оруулж ирж, хөгжүүлсэн хүний зохиолыг оруулаад л ирлээ шүү дээ.

- Өнгөрсөн жилээс анх салх хагалан авангард жүжгүүд тавьж эхэлсэн гэхэд танайх овоо хэдэн жүжигтэй болжээ?

-Бид одоо долоон жүжгээ үзүүлчихээд байна. Энэ ондоо нийт арван зургаан жүжиг хүргэхийг зорьж байгаа. Энэ “Хирснүүд” жүжиг гэхэд үнэндээ олон газар хаагдаж, нээгдэж ирсэн жүжиг. Ерөөсөө нийгмийн зохицол, хүн төрөлхтний өөрийнх нь бий болгож байгаа нийгэмлэг амьдралын дунд гарч буй зөрчлийн тухай жүжиг учраас, тэр тухай илэн далангүй бичсэн учраас, түүнийг хийсвэрлэх маягаар өгсөн учраас “Хирснүүд” жүжиг бат бөх амьтай хийгээд түмэн хүний талархлыг хүлээдэг юм. Энэ бол инээдмийн ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг бүтээл. Хүн төрөлхтөн хэлэх гэсэн үгээ их эзэн хаанд, удирдагчдадаа нүүрэн дээр нь хэлж чаддаггүй учраас хүүхэлдэй зохион бүтээж эхэлсэн түүхтэй. Хүүхэлдэйгээр дамжуулж үгээ хэлдэг байсан. Яагаад ингэв гэж асуухын цагт би хэлээгүй, хүүхэлдэй тэгж хэлсэн гэж хэлэх гэж тэр. Хүмүүс хүүхэлдэй харахаараа хөнгөхөнөөр хүлээж авдаг. Харин тэр үгээ хэлэх гэсэн, шүүмжлэх гэсэн хүн өөрөө гарч ирээд хэлэх юм бол дор нь буудчихна. Ингэж хүүхэлдэйн, жүжгийн урлаг бий болж л дээ. “Хирснүүд” жүжигт бүгд хүүхэлдэй шиг харагдана. Хүн болж байснаа бүгд хирснүүд болоод л. Энэ хөнгөхөн байдал цаанаа гүнзгий эмгэнэл авчирч байгаа юм. Хүмүүс энэ жүжгийг үзэхээрээ итгээд гардаг. Би нээрээ хирс болчихвол яана аа. Манай энэ хирс юм байна, тэр ч хирс юм байна гэж ойлгож эхэлдэг. Тэр эрх мэдэлтэй болонгуутаа өөртөө, танилдаа, найздаа зориулж дүрэм, журам зохиосон байна гэдгийг олж хардаг. Жишээ байна. Хүүхдийн нэгэн байгууллагад дарга сонгох болж л дээ. Тэгтэл Төрийн албаны зөвлөлөөс журам гарсан байгаа юм. Хоёр дээд сургууль төгссөн, тэгсэн, ингэсэн, дор хаяж таван жил Монголдоо ажилласан гэж сонгох гэж байгаа хүндээ зориулж журам хэмээх бичиг үйлдсэн тухай хүн ярьж байсан. Энэ чинь хирсжих үзэгдэл. 

- Өнөөдөр бид алхам тутамдаа ийм, энэ төрлийн саадтай тулдаг биз дээ?
-Өнөөдөр монголчуудын энэ давхар дээлийн асуудал бол зүгээр л хирсжилтийн эхэн үе юм. Монголчууд их богино хугацаанд асар хурдтай хирсжсэн. Яаж илэрч байна гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруултлаа хирсжжээ. УИХ-ын гишүүн сайд болно, сайд болсон хүн төсөв батлах болно, батлахдаа тэр мөнгийг түүндээ өгнө гэж батална. Тэгж хуульчлагдсан мөнгөнөөс хууль ёсоор аваад, надад тодорхой хувь өгөх ёстой гэнэ. Энэ бол хуульчлагдсан хулгайч. Хуульчлагдсан хирс. Хуягласан амьтан. Манайд бол жижигхэн асуудал байж болох юм. Дэлхийн түвшинд хирсжих үзэгдэл яаж илэрч буйг Ионеско илчилж байснаараа дэлхийн том том хөрөнгөтнүүдийн дургүйг хүргэж байсан байж болох юм. Том улстөрчдийн дургүйг хүргэж байсан байж магадгүй. Социалист нийгэмд бол энэ жүжгийг бүр үздэггүй байсан. Яагаад гэхээр энэ жүжиг орж ирээд нэг, хоёр, за таван удаа тоглочих л юм бол хүний нүдийг нээчих гээд байсан. Үзсэн хүмүүс “Өө, ингэхэд тэр ч хирс юм байна, энэ ч хирс юм байна” гээд нэр заагаад эхэлнэ. Нийгэмд хирснүүдийг илчлэх давалгаа үүсээд ирвэл аюултай гэж үздэг байсан. Хирс гэж хэлүүлж байгаа эрх мэдэлтэн, эвэртэн туурайтангууд хамгаалалт хийж эхэлнэ биз дээ. 

- Ийм хийсвэр сэтгэлгээгээр өнөөдөр урсгал сөрж сэлдэг уран бүтээлчид, хүлээж авах хэсэг хэр байх бол?

-Цөөхөн. Тэгэхээр харанхуй, намаг, шавраас, оюуны хомсдолоос гарахын тулд одоогийн залуус маань юм уншаасай. Бид бол дөчөөд насныхныг алдчихсан. Хорь хүрээд ардчилалтай золгосон, эдийн засгийн болоод улс төрийн эрх чөлөө олсон, жагсаал цуглаан хийгээд сурчихсан, хорин жил амьдарсан, өдгөө 44,45-тай хүмүүс оюун санааны хувьд хүнд байдалд байна. Энэ бол завсарын үе л дээ. Түүнээс өмнөх, одоо 50, 60-тай хүмүүстэй ярихад бас хэцүү. Яагаад гэхээр тэд мань социалист реализмын бүтээгдэхүүнүүд. Тэд бол соёлжиж эхэлж байсан хүмүүс. Гэхдээ оюуны соёлыг өгөөгүй. Гадаад соёлыг харин өгч байсан. Хөшигний даавуугаар даашинз хийж өмсч болохгүй гэдгийг Л.Гаваа гуай нэг зураад ойлгуулсан. Одоогийн 40 хүрч яваа хүмүүсийг харахад ерөнхийдөө ном уншаагүй, юм үзээгүй, тавхан үгнээсээ танигдах нь хаанаасаа ч харагддаг. Гэхдээ энэ насныхан дунд сайхан залуучууд байна аа. Гэхдээ л 1000 хүрэхгүй. Энэ бол хоёр сая есэн зуун мянган хүнтэй Монгол Улсын хүн амын хэдэн хувийг эзлэх вэ. Улаанбаатар хотыг сайн сэгсрэхэд хүмүүжил, соёлын хувьд сайн бэлтгэгдсэн, энэ нийгмийг сэтгэлгээний хувьд цааш нь аваад явчих 1000 сайхан залуу байгаа гэж боддог. За бүр сайхан сэтгэлээр бодъё, 2000 сайхан залуу байна. Гэсэн ч энэ бол чамлалттай тоо. Манай урлагийн ертөнцөд цөмлөлт хийж, зад татаж, өөрийгөө эвдэж байсан ямар түүх байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бодоод бодоод цөөхөн дөө. Гэтэл би саяхан МУИС-ийн Галбаатар багштай уулзаж ярилцаж байхдаа “Би дэлхийн хэмжээний абсурд, хийсвэр сэтгэлгээний чиглэлээрх жүжигнүүдийг харж байна. Манай уран бүтээлчид социалист реалист уран бүтээлийг сайн хийж ирсэн. “Тунгалаг Тамир” зэрэг бахдан үздэг сайхан кинонууд, Л.Гаваа гуайн “Алтайн уулс”, Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон” зэрэг сайн зурагнууд, сайхан яруу найргууд бий. Харин хийсвэрлэх урлаг, абсурдизмын төлөөлөл гэвэл юуг, хэнийг хэлэх вэ” гэж асуулаа. Тэгтэл Агваан Хайдав гэж хүний зохиолыг та уншаарай гэж багш хэллээ. Тэр ёсоор нь зохиолуудыг олж уншлаа. Ердөө л гайхамшиг. 1770, 1780-аад онд бичиж байсан хүн байна. Хуульч Сандагийг ч эргэж уншлаа. “Хамхуулын үг” гэх зэрэг бүтээлүүд нь гайхамшиг.

 “Бие, сэтгэл, хэл гурав хоорондоо ярилцсан нь” гэж байна. Ийм гайхалтай хийсвэрлэл, абсурдизм монгол хүний сэтгэл оюунд 1770 онд байж л байсан байна. Юун Эжен Ионеско, яасан ийсэн Бикет.

- Ардын үг хэллэг, ёжлол гэдэг ч барагдахгүй шүү дээ, тэр нутаг усныхны шооч, хөвөнд боосон чулуугаар түнших нэг задгай ухаан байгаад байдаг юм…?

-Тэгэлгүй яах юм. Ер нь бодсон чинь монгол хүний оюун ухаан хөгжих газраа хөгждөг л юм байна. Хөгжүүлэлгүй 100 жил болчихож, социализмын ариун гэгээн хүрээн дотор алхсаар байгаад. Хамхуул ярьж байна л даа. Би хавар төрөөд, зун сайхан ногоороод, намар болохоор хагдарч дуусаад, тэгээд салхинд хөөгдөж өнхөрч явсаар байгаад тэнд очиж тээглээд гэж ярьдаг. Энд амьдралын агуу гүн ухааны тухай өгүүлж байсан байна. Хүний амьдралыг ердөө хоёрхон хуудсанд багтаасан байгаа юм. Ийм гайхалтай абсурдизм байсан байна. Өвөг дээдсийн том бүтээлүүдийг эргэж харах хэрэгтэй болжээ. Өмнө нь социалист реалист нүдээр л хардаг байж. Гэтэл энэ зохиолын мөн чанар нь хамхуулаар дамжуулж өөр юм хэлээд байж. Би энэ зохиолоор жүжиг найруулна. Зохиолч Хуульч Сандаг, “Салхинд хөөгдсөн хамхуулын хэлсэн үг” гээд. Агуу жүжиг болно, кино ч болно. 
-Таны ярианаас манайд урлагт болж байгаа юм ер харагдахгүй болоод ирлээ... 
-Гэхдээ манайд бүх юм болохоо байчихаад байгаа юм биш. Өөрөөр сэтгэгчид байна. Би Баабараар, Аюурзанаар, Өлзийтөгсөөр, Урианхайгаар, Галсансүхээр бахархдаг. Тэд зориуд өөрөөр сэтгэдэг юм биш. Гагцхүү Монголын урлагийг, ардчилсан замд орсноос хойш ч гэсэн 22 жил хорьсон бүдүүлэг реализмын гадуур харж, сэтгэдэг хүмүүс. Монголын уран бүтээлчдэд чөдөр тушаа болсон бүдүүлэг реализмаас хамгийн түрүүн гарсан уран бүтээлчид бол зураачид. Ялангуяа контемпорари чиглэлийн зураачид бол бүр нисчихсэн шүү дээ. Гэхдээ л бүх урлагийн үндэс болсон утга зохиол манайд зогсонги, бүр унтаа байдалтай байна даа. Тэгэх тусам бидэнд зүгээр суух эрх байхгүй. 

- Харагдаж байна, яг. Энэ олон жил өөрийн гэсэн театраар, өөрийн үзэл бодлоор нийгмээ “сэтгэх” гэсэн зүтгэл чармайлт гэж энэ бүх орчноос (Театр) харагдаж  байна. Одоо ойрын үеийн зорилт юу байгаа вэ?

-Ер нь театрын урын сангийн бодлого их өөрчлөгдөж байна. Цаг үеэ дагаад. Манайх гэхэд лаборатори театр. Тийм болохоор янз бүрийн туршилтуудыг хийж байна. Супер реалист жүжиг тавьсан. “Хүн хүний хайр” гэж. Дараа нь бид абсурд театрын туршилт хийж Ионескогийн “Сандлууд”-ыг тавьсан. Маш амжилттай болсон. Мэргэжлийн театрын хүмүүс, найруулагч, шүүмжлэгч нарын зүгээс театрын амьдралд хувьсгал гарлаа гэж дүгнэж байгаа. Гэхдээ абсурд жүжгийг аль нэг театрын жүжигтэй харьцуулах аргагүй. Жүжиг бүхэн өөрийн өнгөтэй. Тусдаа амьд бие болж хувирдаг. Жүжиг сайн, муу гэж байдаггүй. Жүжиг амилна, амилахгүй л гэж байна. Гоё жүжиг гэж байхгүй, хөөрхөн жүжиг гэж бүр ч байхгүй. Дараа нь бид Японы Акутагавагийн сюрреалист жүжгийг туршсан. Хүний тархинд маш олон өнцөг байгаа. Тэр өнцөг булан бүрт байгаа хаалга бүхнийг нээж үзэх бүсэлтэй байна. 

-За баярлалаа, сайхан ч ярилцлаа. Тэгэхээр та бүхний энэ хүсэл эрмэлзлэл өнөөгийн бидний сэтгэлгээний өнцөг булан бүрт хүрч нөгөө, хөдөө тал тийш соёлын үр тарьдаг шиг шинэ формаци болох болтугай гэж хүсэн ерөөе! Би энэ ярилцлагыг "Хар хайрцаг дотроос" гээд нэрчихвэл зүгээр санагдлаа. Энэ хайрцагны дотор өрнөж байгаа та бүхний үйлс бүтээлийг олонд дэлгэн таниулах гэсэн үүднээс.. Баярлалаа.

Ярилцсан Л. Отгонбат



 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.6) 2014-05-18 14:22
      • 0
      • 0

      Good job

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.5) 2014-05-18 00:11
      • 0
      • 0

      Гое ярилцлага байна уу. Сэтгэлгээ нь агуу юм. Манай залуучууд нэгэн хэвийн сэтгэлгээнээс ангижирч амьдралыг прай еер енцгеес ингэж хардаг бол гайхамшигтай. С. Мягмар нацруулагч, тvvний гэргий урлаг судлаач Одончимэг нарт vнэхээр олон арван жил ноерхсон хэвшмэл сэтгэлгээ, хэв шинжит байдлыг зад татаж, театрын тvvхэнд еерсдийн гэсэн зам мерийг дурайтал гаргаж яваад талархал илэрхийлье. Амжилт хvсье!

      Хариулах